Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Тайландын цагдаа биеийн шивээсний зургаар нь эрэн сурвалжлагдаж байсан якузаг олж баривчилжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Сошиал сүлжээнд тарсан шивээсний зургаар нь дамжиж Тайландад толгой хоргодож байсан Японы дээрэмчнийг олж баривчилснаа тус улсын цагдаагийн газар өчигдөр мэдээлжээ.

Лхагва гарагт 74 настай Шигехару Ширайг Бангкокын хойд хэсгээс баривчилсан гэнэ. Тэр эх орондоо өрсөлдөгч дээрмийн бүлгийн гишүүний амийг хөнөөсөн хэрэгт холбогдож, дараа нь мөрдлөгөөс зугтан Тайландад нуугдаж 10 жил гаруй хугацаанд амьдарчээ.

Одоо түүнийг Японд шилжүүлэн өгөх гэж байгаагаа цагдаа мэдээлсэн байна. Өнгөрсөн оны наймдугаар сард түүний шивээсний зургийг олон нийтийн газарт явж байхад нь авснаа нэгэн тайланд хүн Фэйсбүүк сүлжээнд оруулжээ.

Биеийг нь бүрхсэн нарийн хийцтэй шивээсний зургийг тайландчууд тэр дороо 10,000 гаруй удаа хуваалцаж, олны анхаарлын төвд орсон байна.

Тайландын цагдаагийн мэдээлснээр түүний бүлгийнхэн жилд 2-3 удаа Ширай дээр ирж, мөнгө, бэлэг зэргийг өгдөг байжээ.

Тэр бас тайланд эмэгтэйтэй гэрлэж, даруухан амьдарч байсан гэнэ.

Ширайг Японы талд шилжүүлж өгөхөөсөө өмнө Тайландад хууль бусаар нэвтэрсэн гэж буруутган, шүүхээр болжээ.

Ширай хүн алаагүй гэж мэдүүлж байгаа ч хохирогч өөрийг нь дарамталдаг байсныг хүлээн зөвшөөрсөн байна.

Нуруу, гарыг бүхэлд нь бүрхсэн шивээс, чигчий хуруугаа тайруулсан байх нь якузагийн гол шинж тэмдэгт тооцогддог. 2017 оны байдлаар Японд 22 якузагийн бүлэглэлд 20,000 гаруй гишүүн ажилладаг гэсэн тоо бий.

Тэдгээрийн дөрөвний гурав нь Ямагучи-гуми, Сумиёши-кай, Инагава-кай гэсэн гол гурван бүлэгт ноогддог гэнэ.

 

Эх сурвалж: Japan Today