Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп дэлхийн зарим улсуудыг “бохир заваан орнууд” гэж нэрлэжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Цагаан ордонд болсон цагаачлалын асуудлаарх уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп төв Америкийн Хайти, Сальвадор, Африкийн улсуудыг бүхэлд нь “бохир заваан орнууд” гэж нэрлэсэн тухай хэвлэлүүд мэдээлжээ.

“Бид яагаад ийм заваан орнуудын иргэдийг хүлээж авдаг юм бэ?” гэж Трамп албаны хүмүүсээс асуусан тухай тус уулзалтад оролцсон эх сурвалж Вашингтон Пост сонинд мэдээлсэн байна.

Дараа нь Трамп эдгээр ядуу буурай орнуудаас биш, Норвеги зэрэг улсуудаас цагаачдыг авч болох эсэхийг тодруулжээ. Тэр өнгөрсөн Лхагва гарагт Норвегийн ерөнхий сайдтай Вашингтонд уулзсан юм.

Энэ долоо хоногийн эхээр Цагаан ордон “Temporary Protected Status” хөтөлбөрийн хүрээнд АНУ-д түр оршин сууж байсан Сальвадорын 200,000 цагаачийг нутаг буцаах шийдвэрээ зарласан. 2001 онд Сальвадорт болсон хоёр удаагийн хүчтэй газар хөдлөлтийн дараа тэдэнд Америкт амьдарч, ажиллах боломж олгож байжээ.

Мөн ийм замаар Нэгдсэн Улсад оршин сууж байсан 45,000 Хайти, 2,500 Никарагуа иргэдийг буцаахаар болсон юм. Дональд Трамп анх удаа ядуу буурай орнуудыг доромжилсон агуулгатай үг хэлж байгаа нь энэ биш.

Тэр өнгөрсөн оны зургаадугаар сард цагаачлалын асуудлаар болсон хурал дээр нутагтаа ирсэн Хайтичуудыг “бүгд ДОХ-той” гэж тодорхойлсон бол Нигерийн цагаачдыг “Африкт байгаа урц овоохой руугаа хэзээ ч эргэж буцахгүй хүмүүс” хэмээн хэлж байв.

 

Эх сурвалж: Business Insider