Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын хамгийн том цуврал аллага үйлдэгчийг Эрхүү хотод шүүжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Нийт 22 эмэгтэйн амийг хөнөөсөн хэрэгтээ ял эдэлж байгаа экс цагдаагийн офицерийн нэмэлт 59 аллагын хэргийн шүүх хурал өчигдөр буюу Лхагва гарагт Эрхүү хотод болжээ.

53 настай Михайл Попков эдгээр хэргүүдээ 1992-2010 оны хооронд үйлдсэн бөгөөд орчин үеийн Оросын түүхэн дэх хамгийн том цуврал аллагын эзэн болж байна.

Тэр 22 эмэгтэйг хүчиндэж, амийг нь бүрэлгэн, хоёр хүнийг алахыг завдсан хэргээр 2015 онд насаараа хоригдох ял сонссон юм. Попков шөнө оройн цагаар Ангарск хотод машинаар явж, хохирогчдыг суулган авч явдаг байсан гэнэ. Заримдаа тэр цагдаагийн машинаа ашигладаг байжээ.

Оросын хэвлэлүүд түүнийг “хүн чоно”, “Ангарскийн маниак” гэх мэтээр нэрлэж байв. Хэрвээ Попков нийтдээ 81 хүн алсан нь тогтоогдвол алдарт алуурчид болох 48 хүний аминд хүрсэн Александр Пичушкин, 52 хүний амь бүрэлгэсэн Зөвлөлтийн үеийн Андрей Чикатило нарыг хол хаях юм.

Өчигдрийн шүүх хурлыг хэвлэл мэдээллээс хаалттай зохион байгуулсан нь хэргийн талаар дэлгэрэнгүй мэдүүлгийг олон нийтэд хүргэхээс зайлсхийсэн хэрэг байжээ.

Попков өөрийгөө “цэвэрлэгч” гэж нэрлэж, төрөлх хотоо биеэ үнэлэгчдээс цэвэрлэж байна гэж боддог байсан гэнэ. Түүний хохирогчид 16-40 насны эмэгтэйчүүд байсан бөгөөд зөвхөн нэг эрэгтэй хохирогч байгаа ажээ.

Попков хохирогчдыг алх, сүхээр хөнөөдөг байсан гэнэ. Тэрээр согтуу хөлчүү явж байсан, ёс зүйгүй амьдралаар амьдарч байгаа гэж үзсэн эмэгтэйчүүдийг авладаг байжээ.

Хэргүүдийг цагдаагийн албан хаагч байхдаа, мөн 1998 онд тэтгэвэртээ гарснаасаа хойш үргэлжлүүлэн үйлдэж байсан байна. Попковын хэргийг мөрдөж байгаа байцаагч Евгений Карчевский түүнийг сэтгэцийн эмгэгтэй гэж үзэж байгаа ч үйлдсэн хэргээ хүлээх чадвартай гэж дүгнэжээ.

Түүний хохирогчдын дотор биеэ үнэлэгчид, хар тамхичид байгаа ч ихэнх нь гэр бүлтэй, энгийн бүсгүйчүүд байсан гэнэ. Попковын шүүх хурал ирэх Даваа гарагт үргэлжилнэ.

 

Эх сурвалж: AFP