Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

“Цэргийн гэрээт алба хаах журам” шинэчлэгдлээ

ikon.mn
2018 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг
iKon.mn

- Засгийн газрын өнөөдрийн / 2018.01.10/ хуралдаанаас гаргасан шийдвэр -

Цэргийн албаны тухай хууль батлагдсаны дагуу “Цэргийн гэрээт алба хаах журам”-ыг шинэчлэн боловсруулж мөрдөх шаардлагатай болсон байна.

Журам батлагдсанаар тухайн иргэн цэргийн байгууллагад ахлагч, офицерын албан тушаалд гэрээгээр алба хаах нөхцөл бүрдэх юм.

Мөн тодорхой хугацаанд хэрэгжих төсөл, хөтөлбөрт чухал шаардлагатай мэргэжилтэй хүнийг оролцуулах, цэргийн сургуульд бэлтгэх боломжгүй мэргэжилтнийг их, дээд сургуульд захиалгаар сургаж бэлтгэх төсөв, зардал болон алба хаагч тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зардлыг хэмнэх боломж бүрдэж байна.

Гэрээт албыг байлдагч, түрүүчээр хаах хугацаа 24 сар бөгөөд сунгаж болно.

Харин төрийн цэргийн байгууллагад шаардлагатай мэргэжил, албан тушаалд ахлагч, офицероор тав хүртэл жилийн хугацаагаар алба хааж болохоор журамд тусгажээ.

Байлдагч, түрүүчээр хаах иргэн цэргийн нэгтгэл, анги, байгууллагад, ахлагчийн алба хаах бол Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Онцгой байдлын ерөнхий газар, офицерийн албанд бол Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Онцгой байдлын ерөнхий газарт хүсэлтээ гаргах юм байна.

Товч мэдээ:

  • “Малын эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг баталлаа. Хөтөлбөр нь мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин гарах, тархах шалтгаан, нөхцөлийг хязгаарлах, эрүүлжүүлэх чиглэлээр цогц арга хэмжээ авах, малын өвчнөөр тайван, эрүүл байдлаа дотоод, гадаадад баталгаажуулан хадгалах, иргэдийг эрүүл, аюулгүй хүнсээр, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангаж мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох зорилготой юм.
  •  “Эрчим хүчний үр ашиг хөтөлбөр”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр, Нэмэлт зээлийн болон төслийн хоёрдахь гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
  • “Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд өргөн мэдүүлэх болов. Цагаачлах иргэдийн тоог жилд 100-аас дээшгүй байлгахаар тогтоолын төсөлд тусгасан байна.
  • Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
  • Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
  • Аймаг, орон нутгаас ирүүлсэн материалаас үзвэл энэ жил 128 малчин “Улсын аварга малчин”, 11 малчин “Улсын хошой аварга малчин”, 13 малчин “Улсын аварга саальчин”, таван фермер “Улсын аварга фермер”, 10 аж ахуйн нэгж “Улсын тэргүүний тариаланч хамт олон”, 27 иргэн “Улсын аварга тариаланч”-ийн болзол хангасан байна. Засгийн газар аваргуудыг удахгүй тодруулж Цагаан сарын баярын үеэр шагналыг нь гардуулах юм.