Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Франц улс Хятадад 184 ширхэг нисэх онгоц зарах болсныг Макрон зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Хятад улсад анхны төрийн айлчлалаа хийж буй Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон ганзага дүүрэн нутаг буцахаар болжээ.

Өнөөдөр буюу Лхагва гарагт тэр “Airbus компанийн А320 загварын 184 онгоцыг нийлүүлэх гэрээ тун удахгүй батлагдана” гэж мэдэгдээд үүнийг Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин түүнд өөрөө батлан хэлснийг сэтгүүлчдэд дуулгасан байна.

Макрон цааш нь “Бас бид A350, A380 загварын дунд болон том ангиллын онгоцнуудыг ойрын хугацаанд нийлүүлэх зорилготой байна” гэжээ.

Хятадын тал нисэх онгоц авахдаа Airbus, Boeing компаниудын зах зээлийн эзэмшлийн харьцааг хүндэтгэж үзэхээ Макронд амласан гэнэ.

Хятад улс эрчимтэй өсөн нэмэгдэж байгаа агаарын тээврийн хэрэгцээгээ хангахын тулд Европ, АНУ-аас тэнцүү тоотой онгоцны захиалга хийдэг. Харин сүүлд Дональд Трампын айлчлалын үеэр Boeing-ийн 300 онгоц худалдаж авах гэрээ байгуулсан нь өрсөлдөгч Airbus-д хүнд цохилт болсон юм.

Тиймээс Эммануэл Макроны айлчлалын нэг том агуулга нь тус улсын нисэх онгоц үйлдвэрлэгч Airbus-ийн том гэрээ болж байгаа ажээ.

 

Эх сурвалж: Reuters