Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрдэнэт үйлдвэр"-ийг ХК болгож, хувьцааг нь нийт иргэдэд эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Эрдэнэт үйлдвэр, гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. 

Хуралдаанаар "Эрдэнэт" үйлдвэрийг Ашигт малтмалын хуулийн 5.6-д заасны дагуу хувьцаат компани болгох, тодорхой хувийг нийт иргэдэд хувьцаа болгож эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Энэ хүрээнд Олон улсын аудит орно, үнэлгээг хийнэ гэх мэт 10 гаруй ажил хийгдэнэ. Энэ асуудлыг УИХ эцэслэн шийдвэрлэнэ гэдгийг Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ. 

 

Засгийн газрын хуралдааны мэдээ:

“Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг нээлттэй хувьцаат компани болгож, нийт хувьцааны тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдлээ. Хувьцаат компани болгох болон хувьцааг нь иргэдэд эзэмшүүлэх талаар санал боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахыг сайд Г.Занданшатар, Ч.Хүрэлбаатар, Д.Сумьяабазар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгав. Нийт хувьцааны хэдэн хувийг, ямар хугацаагаар тасалбар болгон ямар нөхцөлөөр иргэдэд эзэмшүүлэх, иргэд хувьцаагаа худалдах, худалдан авахтай холбоотой журмыг Засгийн газар батлах юм. “Эрдэнэт үйлдвэр” компанид мөн хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр болсон байна. Тус компани жилд 26 сая тонн хүдэр боловсруулж 530 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдений баяжмал үйлдвэрлэдэг юм.

Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар:

“Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг бүрэн хориглох тухай зэрэг 20 гаруй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.