Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Активын чанарын үнэлгээнд 2017 оны III улирлын эцсийн байдлыг нэмж тусгах шаардлагатай болжээ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2018 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Банкуудад хийгдэж буй Активын чанарын үнэлгээний ажил 2017 онд эхэлсэн. Энэ нь Монгол Улсын санхүүгийн салбарыг нуруун дээрээ үүрч буй арилжааны банкны системийг эрүүлжүүлэх, бүтцийн өөрчлөлт хийх ажлын эхлэл болж байгаа тул нийгэмд томоохон хүлээлт үүсгээд буй.

Монголбанкнаас Активын чанарын үнэлгээг дэлхийд тэргүүлэгч аудитын компани PWC-гийн Чех улс дахь оффисд хариуцуулсан билээ. Үнэлгээний дүн 2017 оны 12 дугаар сард гарна гэгдэж байсан ч одоогоор ямар нэгэн мэдээлэл гараагүй байгаа тул бид энэ талаар Монголбанкнаас тодрууллаа.

"Бид дүнг энэ сардаа багтаагаад гаргахаар ажиллаж байна"

Хяналт, шалгалты газрын захирал Н.Батсайхан “Банкуудад хийгдэж буй Активын чанарын үнэлгээ 2016 оны эцсийн байдлаар хийгдсэн. Тухайн цагаар тасалбар болгож хийсэн учраас үүнээс хойш нэлээн өөрчлөлт гарсан байгаа. Тиймээс бид 2017 оны III улирлын эцсийн байдлыг нэмж тусгах шаардлагатай болсон. Энэ ажлын хүрээнд төлбөрийн тэнцэлд гарсан өөрчлөлтүүдийг хянаж шалгах, баталгаажуулах ажлууд хийгдэж байна. Үүн дээр нэмэгдээд бүх банкинд чанарын хяналт давхар хийгдэж, эцсийн үр дүн нь гарна.

Энэ бол банкны салбарыг эрүүлжүүлэх том төслийн зөвхөн эхний үе шат нь. Хэрэв дутагдал илэрвэл бид банкуудад тодорхой хугацаа өгч түүнийгээ засах, өөрөө чадахгүй бол гадны хөрөнгө оруулалт оруулах цаг хугацаа олгоно. Тэгэхээр хоёр дахь үе шат нь Активын чанарын үнэлгээний дүнгийн дараа эхэлнэ гэсэн үг.

Үнэлгээний дүн хараахан гараагүй байна. Бид дүнг энэ сардаа багтаагаад гаргахаар ажиллаж байна. Дүнг олон нийтэд хэрхэн мэдээлэх тал дээр ярилцаж байгаа. Тухайн үедээ мэдээлэл өгнө” хэмээн тайлбарлалаа.