Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхэд хохирсон гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 34 хувиар өсжээ

Ж.Хулан, iKon.mn
2018 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн онд нийслэл хотод бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн цагдаагийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

НЦГ-ын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа И.Батчулуун "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль шинэчлэгдэн батлагдаад жилийн хугацаа өнгөрсөн байна. Өнгөрсөн онд нийслэл хотын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн улмаас нийт 757 гэмт хэрэг үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 81 хэргээр буюу 9.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь нийт үйлдэгдсэн 21,947 хэргийн 3.4 хувийг эзэлж байгаа юм.

Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт улсын хэмжээнд 198 эрүүгийн хэрэг үүсгэн шалгасны 130 буюу 65.6 хувь нь нийслэл хотод үйлдэгдсэн байна. Өнгөрсөн онд хүүхдээс 555 гэмт хэрэг үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 44 хэргээр буюу 7.3 хувиар буурсан байна. Улсын хэмжээнд насанд хүрээгүй хүмүүсээс үйлдсэн нийт гэмт хэргийн 55.9 хувь нь нийслэл хотод үйлдэгдсэн.

Мөн хүүхэд хохирсон 1,115 гэмт хэрэг үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 288 нэгжээр буюу 34.0 хувиар өссөн байна. Нийслэл хотын хэмжээнд 2017 онд үйлдэгдсэн 364,151 захиргааны зөрчлийн 0.6 хувийг буюу 2,028 нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн зөрчил эзэлж байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил 2,028 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1,353 нэгжээр буюу гурав дахин өссөн дүнтэй байгаа. 

Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдийн уламжлал, зан үйл, ёс суртахуунд нөлөөлөх тодорхой төрлийн ажлуудыг зохион байгуулж хэрэгжилтийг асууж байна. Цаашид энэ чиглэлээрх ажлыг эрчимжүүлж ажиллахаар төлөвлөн зохион байгуулж байна" гэсэн юм.

Өнгөрсөн онд гэр бүлийн хүчирхийллийн 38 мянган дуудлага ирсэн

 
Гэрэл зургийг mpa.mn

НЦГ-ын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахмад Э.Баярбаясгалан "2017 онд нийслэлд Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд болон дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд гэр бүлийн хүчирхийллийн 38 мянган дуудлага, мэдээлэл ирсэн.  Энэ дуудлага нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.2 дахин өссөн үзүүлэлттэй байна. 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд иргэн бүр хүчирхийллийн тухай мэдээлэл өгөх үүрэгтэй гэж заасан. Энэ үүргийнхээ хүрээнд тус дуудлага өссөн гэж үзэж байгаа. Үүнтэй холбоотойгоор гэр бүлийн хүчирхийллийн үйлдэл, үйлдэгч болгонд нь хуулийн хариуцлага хүлээлгэж байгаа учир зөрчил гурав дахин өссөн гэж ойлгож болохоор байна. 

Гэмт хэргийн хохирогчдын 90 хувь нь эмэгтэй, долоон хувь нь хүүхэд, гурван хувь нь эрэгтэйчүүд гэсэн тоо мэдээ байгаа. Энэ хүмүүсийн эрхийг хамгаалахын тулд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр 2014 онд байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа хойш 1,500 хүнийг хамгаалалтдаа авсан. Өнгөрсөн онд 267 иргэнийг хамгаалалтдаа авсан байна. Иргэдийн мэдэх ёстой зүйл нь хэнд ч, хэзээ ч хүний эрхэнд халдах эрх байхгүй. Мөн хэн ч, хэзээ ч, хаана ч хүчирхийлэлд өртөх ёс байхгүй" гэлээ.


Мэдээллийн дараа НЦГ-ын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахмад Э.Баярбаясгалан сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Өнгөрсөн жилд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэдэн хүнийг баривчилж, хариуцлага хүлээлгэсэн бэ?

-2017 онд Нийслэлийн хэмжээнд 1,598 хүчирхийлэл үйлдэгчийг баривчилсан. Зөрчлийн тухай хуульд зааснаар 7-30 хоногийн хугацаанд саатуулж, хариуцлага хүлээлгэсэн байгаа. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуульд нэмэгдсэн том заалт нь хүчирхийлэл үйлдээд, шүүхээр шийтгэл оногдсон этгээдүүдийг зөвхөн баривчлахгүй, зан үйлийг нь өөрчлөх сайн аав, сайн ээж, гэр бүлийн гишүүн байлгах албадан сургалт явуулж байгаа.

-Хүчирхийлэл үйлдээд саатуулагдах хугацаа нь дуусаад гарч ирсэн хүмүүсээс давтан хүчирхийлэл үйлдсэн хүн бий юу?

-Давтан 3-аас дээш удаа үйлдсэн тохиолдолд энэ нь өөрөө гэмт хэрэг болж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр байгаа юм. Дахин давтагдсан хэргийн тоо маш бага, 20 дотор яригдана. 

-Өнгөрсөн онд гэр бүлийн хүчирхийлэлд өртөн хэдэн хүн нас барсан бэ?

-2017 онд зургаан хүн нас барсанаас нэг нь насанд хүрээгүй хүүхэд байсан. Нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Хэргийн талаар мэдээлэл авбал прокурорын газраас авч болно гэх хариултыг өгсөн юм.

Мөн гэр бүлийн хүчирхийллийн эсрэг иргэний боловсрол, сургууль, дээд сургуульд соён гэгээрүүлэх ажлыг хийж байгаа юм байна.