Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

Израйлийн ерөнхий сайдын хүүгийн ярианы бичлэг дэлгэгдэж, эцгийгээ “нуман тулгуурт” орууллаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Израйлийн Hadashot TV суваг 2015 онд ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн хүүгийн ярьсан ярианы бичлэгийг цацаж дуулиан тарилаа.

Тель Авив хотын төвд тайчигчдын клубуудын хооронд засгийн газрын хамгаалалттай машинаар зорчиж байхдаа Яйр Нетаньяху тус улсын томоохон бизнесмэн Жакоб Маймоны хүүтэй ярилцаж байгаа бичлэгийг дэлгэсэн байна.

Энэ үеэр залуу Нетаньяху найздаа “Миний аав танай аавд $20 тэрбумын гэрээ өгсөн байхад чи тайчигчид төлөх 400 шекел ($116) гаргачихгүй юм уу?” хэмээн хэлж байгаа нь сонсогджээ.

Ерөнхий сайд Нетаньяху Газар дундын тэнгисийн эрэгт байгалийн хий олборлох зөвшөөрлийг Маймоны компанид өгсөн юм. Нетаньяху авлигын хэрэгт сэжиглэгдэн сүүлийн жил гаруй хугацаанд шалгагдаж байгаа ба энэ хугацаанд түүний хүү 26 настай Яйрын тансаг амьдрал, төрийн хамгаалалтын машиныг хувьдаа ашигладаг явдал нь ил болж, израйльчуудыг бухимдуулаад байгаа.

Ярианы бичлэгийг цацахыг нь зогсоох гэж Нетаньяхугийн гэр бүл нэлээд хичээсэн тухай Hadashot TV тайлбарлажээ. Мэдээллийн дараа буюу Даваа гарагийн орой Яйр Нетаньяху уучлал гуйсан мэдэгдэл гаргасан байна. Тэрээр согтуугийн улмаас үндэслэлгүй зүйл ярьснаа тайлбарлажээ.

 

Эх сурвалж: Bloomberg