Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

З.Нарантуяа: Эдийн засгийн орчин тогтворжоогүй байхад аж ахуйн нэгж, хувь хүмүүсээ татвараар дарамтлах нь буруу

Ж.Баярсайхан, Үндэсний шуудан
2018 оны 1 сарын 9
Үндэсний шуудан
Зураг зураг

УИХ-ын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа.

-Чингис бондын төлбөрийн 500 сая ам.долларыг Засгийн газар өнгөрсөн долоо хоногт шилжүүллээ. Үр ашиггүй тавьсан өрийг өрөөр дарлаа гэдэг асуудал яригдаж байна. Ер нь бонд анх босгох зайлшгүй хэрэгцээ шаардлага нь юу байсан юм бэ. Мөн төлбөрийг анхнаасаа хэрхэн төлөхөөр төлөвлөж байсан юм бол?

-Чингис бондыг 2012 оны арваннэгдүгээр сард босгосон. Эдийн засгаа солонгоруулах, экспортын орлогоо нэмэгдүүлэхийн тулд аж үйлдвэр, төмөр зам, эрчим хүч гээд дунд хугацаанд хөгжлийг түргэтгэх том бүтээн байгуулалтын ажлуудаа эрчимтэй хийх зорилгоор 1.5 сая ам.долларын Чингис бондын 500 саяыг нь таван жилийн хугацаатай, 4.125 хувийн хүүтэй, нэг тэрбум ам.долларыг нь 10 жилийн хугацаатай 5.125 хувийн хүүтэй босгосон. 

Хэрэгцээ шаардлагын хувьд хямд гадаад эх үүсвэр зайлшгүй чухал үе байсан. Өнөөдөр олон хүн тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдлыг 17 хувийн өсөлттэй сайхан байсан мэтээр зөвхөн нэг үзүүлэлтээр дүгнэж, ойлгож явдаг. Өнгөрсөн дөрвөн жил МАН-нхан маань энэ тоог их ярьсан болохоор хүмүүсийн чихэнд автоматаар хоногшчихсон.

Нөхцөл байдал өөр байсныг тухайн үеийн тоо, баримтууд илэрхийлдэг. Оюутолгой., Тавантолгойн уурхайнуудад олборлолт эхэлж, эдийн засагт томоохон тэлэлт бий болсноос 2009 оноос хойш төсвийн зарлага 61 хүртэл хувиар өсөж инфляцыг хөөрөгдөж, 2011 онд 14 хувь, 2012 оны наймдугаар cap гэхэд 15.1 хувьд хүрсэн байсан. 2012 оны наймдугаар сард экспортын орлого өмнөх оныхоосоо 40 орчим хувиар буурч, төлбөрийн тэнцэлд дарамт учруулаад эхэлсэн. Нэгдүгээр сард 16.5 хувьтай байсан эдийн засгийн өсөлт маань дөрөвхөн сарын дотор хоёрдугаар улирал гэхэд 11 хувь руу шууд унаж эхэлсэн үе байсан.

Энэ бүхний шалтгаан нь Хятадын эдийн засаг зогсонги байдалд орсон, дэлхийн эдийн засаг тодорхойгүй төлөвтэй, манай нүүрсний үнэ өдрөөс өдөрт унасан, Оюутолгойн бүтээн байгуулалт дуусаж энэ зорилгоор орж ирж байсан хөрөнгө оруулалт байхгүй болсонтой холбоотой. Иймээс эдийн засагт мөнгө зайлшгүй хэрэгтэй байсныг үгүйсгээд хэрэггүй. Огцом тэлсэн эдийн засаг, төсвөө шууд хумьж агшаахгүй, олон хүнийг ажилгүй орлогогүй болгохгүйн тулд хэн ч засаг барьсан ийм л арга хэмжээг авах байсан.

Эрдэс баялгийн үнийн өсөлт гарч эхлэх үеийг 2015 оны сүүл, 2016 оны эхэнд тохионо гэж тооцоолж байсан боловч энэ үе нь 2016 оны сүүлийн хагасаас эхэлж, төсвийн орлого давж, экспортын борлуулалт нэмэгдсэн таатай нөхцөл бүрдэж байна. Хэрвээ Засгийн газар төсвийн үр ашиггүй зардлаасаа хэмнэж, давсан орлогоо дайчилж, 500 сая ам.долларын талыг ч гэсэн төлсөн бол үнэхээр Ерөнхий сайд, Сангийн сайд хоёрт баяр хүргэхээр байлаа. Өнөөдрийн өрийг маргаашийн өрөөр сольсныг гавьяа гэж үзэх ч хаашаа юм.

-Бондын зарцуулалтыг удаан хугацаанд үр ашгаа өгөх төслүүдэд зарцуулсан гэж шүүмжилдэг?

-Хоёр аймгаас бусад нь хар замаар холбогдож, нийтдээ 3,000 гаруй км авто замтай боллоо. Ill, IV цахилгаан станцыг өргөтгөж, Амгалангийн дулааны станцыг шинээр барьж эрчим хүчний үйлдвэрлэлийг 25 хувиар нэмэгдүүлсэн байна. Валютын эх үүсвэрээ гадагш нь гаргаж, Хятадаас цемент худалдаж авдаг байсан бол одоо дотооддоо цементээ 100 хувь үйлдвэрлэх хүчин чадалтай “МАК”, “Монцемент”, Хөтлийн үйлдвэрүүдийг шинээр ашиглалтад оруулсан.

Гудамж төслийн хүрээнд Улаанбаатарын түгжрэл багасаж, ипотекийн хөтөлбөрөөр 90 гаруй мянган айл орон сууцтай болсон, аж үйлдвэрлэлийн салбар, ялангуяа хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрүүдэд оруулсан хөрөнгө оруулалтууд өгөөжөө өгч, өсөлт ажиглагдаж эхэлж байгаа гээд сайн талаас нь харахыг хүсвэл олон ажлыг дурдаж болно. Төслүүдийг шалгаруулах, ажил гүйцэтгэх явцад хууль зөрчигдсөн, хувь хүмүүс хариуцлагагүй хандсан зүйлүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, хариуцлага хүлээлгэх бүрэн боломжтой.

-Төв банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Ямар дэвшилтэт өөрчлөлт оров. Таны хувьд Монголбанкны эрх дарх нэмэгдэж байна гэсэн байр суурь илэрхийлж байсан. Харин Монголбанкны зүгээс харин ч эрх мэдлээ задалж байгаа гэж тайлбарлаад байгаа?

-Төв банкны тухай хуулийг сайжруулах ёстой. Энэ хууль 1996 онд батлагдсан. Төв банк санхүүгийн зах зээлийн гол зохицуулагч байгууллагын хувьд бодлого, үйл ажиллагаа, зохицуулалтын хэм хэмжээнүүд нь өөрчлөгдөх цаг аль хэдийн болсон.

22 жил болж байна шүү дээ. 1996 оны эдийн засгийн нөхцөл байдал, банк санхүүгийн орчинг өнөөгийнхтэй харьцуулах аргагүй өөрчлөгдсөн. Гэтэл 2000-аад онд батлагдсан Нөөцийн болон Зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн журам, зээлийн ангиллын журмуудаар банкуудын үйл ажиллагааг зохицуулж ирлээ гэж хэлэхэд бараг хилсдэхгүй. Санхүүгийн үйлчилгээ нэг улсын хил хязгаарт баригдахаа больсон.

Гэртээ сууж байгаад Нью-Йоркт үл хөдлөх хөрөнгө худалдаж авч болж байна. Улс хооронд хийж байгаа мөнгөн гүйлгээ өдөр хоногоор бус цаг минутаар хэмжигдэх хугацаанд хийгдэж байна. Уламжлалт зээл, хадгаламж, төлбөр тооцоо гэдэг ойлголт гарт баригдахгүй цахим хэлбэрт шилжиж байна. Энэ бүх санхүүгийн хэрэгслийн мөн чанарыг ойлгож, эрсдэлийг нь тооцох хүчин зүйлсээ тодорхойлж, хэрэгцээтэй тоон мэдээллээ авч чаддаг, хяналтаа цаг алдалгүй тавьж, иргэд аж ахуйн нэгжид эрсдэл учруулахгүй байх нь зохицуулагч байгууллагын нэн тэргүүнд хийх ажил.

Энэ үүднээс эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх чиглэлээр хэд хэдэн зүйл нэмэгдэж орж ирсэн. Найруулга, томьёоллын хувьд хууль зүйн бичлэг талаасаа хангалтгүй байсныг ажлын хэсгийн хүрээнд нэлээд зассан. Харин Төв банкны хараат бус, бие даасан байдлыг хангах нэрийн дор Төв банкийг УИХ-ын хяналтаас гаргаж, бодлогын шийдвэрүүдийг Монголбанкны ерөнхийлөгч өөрийн командтайгаа тэндээ хийхээр болж байгаад сэтгэл дундуур байна.

Өнгөрсөн хугацаанд нэг ерөнхийлөгч, нэг намаас хэт хамаарч байсан байна гэж үзэж, бие даасан байдлыг сайжруулах нэрийн дор Мөнгөний бодлогын зөвлөлийг байгуулж хамтын шийдвэр гаргадаг болгох заалт орсон. Энэ заалтаар Монголбанкны хараат бус, бие даасан байдал хангагдлаа гэж үзэж байгааг төөрөгдөл гэж бодож байна. Чанарын хувьд өөрчлөлт гараагүй, зөвхөн хэлбэр нь өөрчлөгдсөн.

-Яагаад?

-Хуучин Монголбанкны ерөнхийлөгч өөрөө Мөнгөний бодлогын зөвлөлийг бүрдүүлдэг. Шийдвэр гаргадаг байсан. Өөрчлөлтөөр Монголбанкны ерөнхийлөгч нөгөө хоёр ерөнхийлөгчтэйгөө хамт зөвлөлд орно. Дээр нь нэмэх дөрвөн гишүүнээ өөрөө нэр дэвшүүлж, УИХ-аар батлуулна. Өөрөө санал болгоно гэхээр өөрт нь таалагдсан, шийдвэрийг нь дагах, танил нь, намынх нь хүмүүсийг л нэр дэвшүүлнэ гэсэн үг.

Өнгөц харахад УИХ-аас томилогдсон дөрвөн хүн орж ирээд тэнд хамтаараа шийдвэр гаргах гэж байгаа мэт хэлбэр харагдаж байгаа ч цаанаа нэг хүний шийдвэр хэвээрээ байх гээд байна. Энэ зөвлөлийн ажиллах журмыг нь Монголбанкны ерөнхийлөгч өөрөө батлах юм. Тэгэхээр хэлбэр нь өөрчлөгдөж байгаа болохоос чанар, агуулга нь өөрчлөгдөөгүй байгаа биз. Нэр дэвшүүлэх субъект өөр этгээд байх ёстой. Компанийн засаглалын зарчим нь тэр. Энэ талаар гаргасан санал маань цөөнх болсон.

-Та Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөл байх ёстой гэж байсан?

-Тийм. Мөнгөний бодлогын зөвлөлийн чиг үүрэг туйлын хангалтгүй орсон. Бодлогын хүүд нөлөөлдөг олон хүчин зүйл бий. Зөвхөн хүү тогтоох, зохистой харьцааны журмыг батлах төдийгөөр энэ зөвлөлийн үүрэг хариуцлагыг хязгаарлаж, ажил үүргийн хувьд шууд холбоотой Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны төлөөллийг оруулаагүй нь учир дутагдалтай боллоо гэж харж байна.

-Монголбанк бодлогын хүүнээс гадна юунд анхаарлаа хандуулах ёстой юм бэ?

-Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлаас гадна найдвартай, хүртээмжтэй, өгөөжтэй байдал юу юунаас чухал байна. Маш олон шийдвэрлэх шаардлагатай дэд бүтцийн асуудлыг шуурхай зохицуулж, шийдвэрлэж чадвал хүү буурах боломж бүрдэнэ.

Санхүүгийн зах зээлийн эх үүсвэрийн өртөг буурахад шударга өрсөлдөөнийг хангах, системийн хэмжээнд хяналт, шалгалтын тэгш, шударга орчинг бүрдүүлэх, Зээлийн мэдээллийн сан болон Батлан даалтын санг арилжааны утгаар нь ажиллуулах шаардлагатай. Банкнаас олон удаа зээл авч дөлөөд сурчихсан, итгэлийг нь хүлээчихсэн харилцагчдын сайн түүхийг үндэслэн заавал барьцаа шаардахгүйгээр шуурхай авах нөхцөлийг олон оронд бүрдүүлсэн байгаа. Манайд хууль нь гараад дөрөв, таван жил болж байна.

Батлан даалтын санг Сангийн яамны тусгай сантай адилтгаж, удирдаж байгааг болих хэрэгтэй. Хадгаламжийн даатгалын корпораци байгуулж, банкууд хадгаламжийнхаа үнийн дүнгээс 0.25-0.5 хувиар тооцож, хураамж төлж байгаа. Гэтэл Банкны хуульд бүтцийн өөрчлөлтийн сан гэж шинээр 1.3 хувиар тооцож хураамж авахаар тусгасныг буруу гэж бодож байгаа. Банкны хууль энэ чигээрээ батлагдвал хадгаламжийн хүү мөн хэмжээгээр нэмэгдэх болно.

-Европын холбоо манай улсыг “хар жагсаалт”-даа орууллаа гээд нэг хэсэг шуугилаа. Үүнээс шалтгаалаад нэр төрөө эрхэмлэдэг хөрөнгө оруулагчид болгоомжилно гэдэг байр сууриа илэрхийлж байгаа хүмүүс ч бий. Ер нь энэ нь юун учиртай жагсаалт вэ. Манай эдийн засагт нөлөөлөх болов уу?

-Хар жагсаалт гээд байгаа зүйл нь татварын зорилгоор хамтран ажилладаггүй нутаг дэвсгэрийн жагсаалт л даа. Европын холбооноос Монгол Улсыг Европын холбооны гишүүн орнуудын татварын орлогод сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй орон гэж үзэж энэ жагсаалтад оруулсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Европын холбооны гишүүн улсуудын иргэн, аж ахуйн нэгж нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг бол тэр хүмүүсийн төлж байгаа татвар, тайлагнаж байгаа байдлыг нь Европын холбоонд буюу тухайн оронд нь мэдэгдэхгүй байгаагаас эдгээр орнуудын татварын орлогод нөлөөлж болзошгүй байна гэсэн үг.

Ер нь 2000 оноос эхлэн татвараас зугтахын тулд өөр улсуудад дансаа нуудаг, татвараа тайлагнадаггүй байдлыг арилгахын тулд Татварын зорилгоор мэдээлэл солилцох ил тод мэдээллийн дэлхийн форм гэдэг санаачилгыг OECD-гээс гаргасан. Гишүүн болон гишүүн бус орнууд ч энэ хүрээнд хамтран ажиллаж, харилцан мэдээллүүдээ солилцдог болж байна. Олон улсын хамтын нийгэмлэгүүдийн үйл ажиллагаанд идэвхтэй байр сууринаас хандаж, нэгдэж ажиллавал эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд эрсдэлгүй, итгэлтэй байдлаа илэрхийлэх нэг арга гэж бодож байна.

2010 оноос хойш “Гишүүнээр элсээч, энэ санаачилгыг дэмжээч” гэсэн юм билээ. Харин Татварын ерөнхий газрынхан “Манай хууль тогтоомжоор татвар төлөгчийн мэдээлэл нууц байдаг учраас гаргаж өгөх боломжгүй. Хууль тогтоомжоо өөрчилж байж хийхгүй бол болохгүй” гэдэг байдлаар хойрго хандсан байдал ажиглагдсан. Үр дүнд нь Европын холбооны гишүүн орнуудын худалдааны түнштэй манай компани, хувь хүмүүст тодорхой хэмжээнд эрсдэл, чирэгдэл учруулж болзошгүй болж байгаа. Энэ асуудлаар Сангийн сайд татварынхаа хууль тогтоомжийг өөрчилж, Европын холбооны стандартын дагуу санаачилгад нэгдээд харилцаа, холбоотой уялдаатай ажиллахаар шийдлээ гэж ярьсан. Асуудал гайгүй болох байх аа.

-Хэдийгээр нүүрсний үнэ нэмэгдсэн ч урд хөрш худалдан авалтаа хязгаарлаж, Гашуунсухайтын боомт дээр нүүрс тээврийн хүнд даацын машинууд өнгөрсөн зунаас хойш 100 км-ээр дугаарлаж байна. Ер нь 2018 оныг эдийн засгийн хувьд ямар байна гэж та харж байгаа вэ?

-2018 онд эдийн засгийг нэлээд өөдрөгөөр төсөөлж байгаа. Нүүрсний экспортын хэмжээ өмнөхөөсөө арай багасах ч зэсийн үнийн өсөлт өндөр байна. Зэсэн дээр бидний төлөвлөж байсан ханшнаас нэлээд өндөр болчихсон.

Нүүрсний тээвэрлэлтийн асуудлыг шийдэх тал дээр Засгийн газар тодорхой хэмжээнд Хятадын талтай ажиллаж байх шиг байна. Тээврийн зохион байгуулалтын хувьд ч эмх цэгцэндээ орох байх. Түүхий эдийн үнийн өсөлт төсөөлж байгаагаас илүү гарна гэж харж байна. Тийм таамаглалыг мэргэжлийн байгууллагууд гаргаж байгаа.

-Долоон төрлийн татвар нэмэгдсэн асуудал нэлээд шүүмжлэл дагуулж байна. Энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Засгийн газрыг долоон төрлийнхөө татварыг эргэж хараач гэдэг шаардлагыг АН-ын бүлгээс тавьчихсан байгаа. Иргэдээс авч байгаа татвартай тэнцэх хэмжээний орлогыг бид экспортын таатай нөхцөл, үнийн өсөлтийн зөрүүгээсээ олох боломж харагдаж байгаа. Манай дотоодын аж ахуй эрхлэгчдийн бизнес одоохондоо сайн тэлж чадаагүй байна. 1.2 хувьтай байсан инфляц оны эцэс гэхэд 7.6 бараг найм руу дөхлөө. Төв банк инфляцыг нам доор төвшинд байлгах бодлогоо хэрэгжүүлж чадах эсэх нь эргэлзээтэй байгаа.

Энэ тохиолдолд иргэдийн бодит орлого, төгрөгийн худалдан авах чадварыг доош нь бууруулахгүй байх нь чухал. Тийм учраас илүү дарамт болоод байгаа татваруудаа энэ удаа эргэж харах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Найман сарын өмнө анх татварын нэмэгдлийг оруулж ирж байхад АН-ын байр суурь ийм л байсан. Миний хувьд ч адил. Одоо ч гэр байр суурь дээрээ байгаа. Эдийн засгийн хямралаас гарахын тулд аль болох ард түмнийхээ одоогийн авч байгаа орлого, ажил эрхлэлтийн төвшинг бууруулахгүй хадгалж байх нь чухал байдаг.

Ерөнхий эдийн засаг нь тэлж чадаагүй байхад аж ахуйн нэгж, хувь хүмүүсээ татвараар дарамтлаад эхлэх юм бол хүмүүсийн орлого буурна. Ядуурал руу л шууд түлхэж байна гэсэн үг. Монголын нэг номерын асуудал бол ажилгүйдэл, ядуурал шүү дээ. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжинэ, орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлнэ гэж ярих маш амархан. Гэтэл орон нутагт үйлдвэр байгууллаа гэхэд хэнд зориулж, юу үйлдвэрлэх, ямар зах зээлд зориулж, аль хэр өртгөөр үйлдвэрлэх вэ гэдэг тухайн орон нутгийнх нь онцлогоос шалтгаалдаг.

Түүнээс нэг үйлдвэр байгуулагдаад ашигтай ажиллаад бүх хүнийг хамарсан үр өгөөжөө өгөөд явчихдаг гэж бодож болохгүй. Шийдвэр гаргаж байгаа хүмүүс бизнес, үйлдвэрлэл гэдэг ямар орчин нөхцөлд бий болж, хөгждөг юм бэ гэдгийг биеэрээ сэтгэхүйгээрээ мэдэрч шийдэж баймаар байгаа юм. Тэгэхгүй 72 тэрбум төгрөгийг жижиг дунд бизнест тавьчихсан тэр жижиг, дунд үйлдвэрүүд сайн хөгжчихнө. Манай хөтөлбөрт 21:100 гэдэг хөтөлбөр тусгагдсан. Аймаг, аймагт үйлдвэр байгуулчихна, бүх ажлын байр сайхан болчихно гэж байгаа бол үүн шиг гэнэн ойлголт байхгүй.

-Б.Наранхүү гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хэсэг иргэд мэдээлэл гаргасан байна лээ. Зарим нь УИХ-ын гишүүний эрхийг хэтэрхий сулруулсан жишиг тогтоож болохгүй гэж байгаа бол нөгөө хэсэг нь хариуцлагатай болгох нь зөв гэсэн байр суурь илэрхийлж байна. Таны хувьд хэрхэн харж байна?

-УИХ-ын гишүүн хүмүүсээс итгэлийг нь авч сонгогдоод.иргэдийг төлөөлж хууль тогтоох үйл ажиллагаанд оролцоно гэж ирсэн бол парламентын бүх ажиллагаанд идэвхтэй оролцох ёстой. Үүн дээр би хэдийгээр манай намын журмын нөхөр ч гэлээ хуралдаа тогтмол сууж, үйл ажиллагаандаа идэвхтэй оролцож байх ёстой гэдэг байр суурийг илэрхийлнэ.

Төсөв баталж байх үед Б.Наранхүү гишүүн сум болгоныхоо хүүхдийн цэцэрлэг, сургууль гээд бүх асуудлуудыг нь жагсааж барьж хөөцөлдөж. явж байгаад суулгаж байсан. Хажуугаас нь харж байсан хүний хувьд тойргоо мартчихсан хүн бол биш. Тойргийнхоо төлөө ажилладаг, хөрөнгө оруулалт оруулах зохих шийдвэрүүдийг хөөцөлдөөд явдаг хүн байна лээ.

-Мөн танай намын УИХ-ын гишүүн Д.Муратын асуудал сүүлийн үед ялангуяа олон нийтийн сүлжээгээр их яригдлаа. Бүлгийнхэнтэйгээ уулзсан уу, юу ярьж байна?

-Д.Мурат гишүүний асуудал хувь хүнтэй нь холбоотой асуудал. Өөрөө дэлгэрэнгүй тайлбар өгөх байх аа.

Зураг