Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

Тиллерсон, Мэттис нар Хойд Солонгост түрүүлж цохилт өгүүлэхгүйн тулд Трампыг ятгаж байгаа гэжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Зүүн гараас Х.Р.Макмастер, Дональд Трамп, Рэкс Тиллерсон

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Хойд Солонгост цохилт өгөх эсэх талаар маргалдаж байгаа тухай The Telegraph, The Wall Street Journal хэвлэлүүд өчигдөр мэдээлжээ.

Тэдний мэдээлснээр төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон, Пентагоны тэргүүн Жэймс Мэттис нар цохилт өгүүлэхгүй байхын тулд Трампыг ятгаж байгаа гэнэ. Харин Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Х.Р.Макмастер Пёньянд түрүүлж цохилт өгөхийг ерөнхийлөгчид зөвлөж байгаа ажээ.

Сүүлийн хэдэн сарын турш Хойд Солонгосын асуудлаарх АНУ-ын байр суурь зөрчилтэй байгаа нь олон удаагийн жишээн дээр харагдсан. Тухайлбал арванхоёрдугаар сарын дундуур Тиллерсон “Бид Хойд Солонгостой ямар ч урьдчилсан болзол тавихгүйгээр, ямар ч сэдвээр хэлэлцээр хийхэд бэлэн байна” хэмээн мэдэгдэж байв.

Харин үүний дараа Цагаан ордны бодлогод өөрчлөлт гарсан эсэхийг лавлахад тэд “Хойд Солонгосын талаарх ерөнхийлөгчийн байр суурь өөрчлөгдөөгүй” гэж мэдэгдсэн нь Тиллерсоны мэдэгдлийг үгүйсгэж байлаа.

Энэ үед Макмастер BBC сувагт ярихдаа “дайн дэгдэх магадлал өдрөөс өдөрт нэмэгдэж байна” гээд “Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс нь салгахын тулд бид тус дэглэмтэй заавал хамтран ажиллах шаардлагагүй” гэж хэлсэн юм.

Харин энэ үед Пентагоны тэргүүн Жэймс Мэттис амаа үдүүлсэн мэт чимээгүй байлаа.

Энэ хооронд Дональд Трампын байр суурь хоёр туйл руу савлаж байсан юм. Тэр заримдаа Хойд Солонгосыг цөмийн зэвсгээр сүрдүүлж, заримдаа хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа мэдэгдэж байв.

Нэг удаа тэр Тиллерсоныг Хойд Солонгостой яриа хэлэлцээр хийх гэж дэмий цаг үрж байна хэмээн олны өмнө зэмлэсэн. Мөн сүүлийн үед Тиллерсоныг албан тушаалаас нь огцруулах тухай яриа Цагаан ордноор тэнүүчлэх болоод байна.

Түүнийг Тагнуулын Төв Газрын одоогийн дарга Майк Помпеогоор солих тухай цуурхал сүүлийн хэдэн сар яригдаж байгаа юм. Тиллерсоныг бодвол илүү хатуу, дайнч үзэл бодолтой Помпео АНУ-ын гадаад бодлогын тэргүүн болвол Солонгосын хойгт дайн дэгдэх магадлал улам нэмэгдэж болзошгүй байна.

 

Эх сурвалж: Business Insider