Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Түвшинтөгс: Төв банкны зорилтыг тодорхой болгож байгаа нь сайшаалтай

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Монголбанк

УИХ-ын чуулганаар Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж буй. Уг хуулийн төслийн хүрээнд төв банкны үндсэн зорилтыг “Үнийн тогтвортой байдал” хэмээн томъёолсон нь улстөрчдийн зүгээс тодорхой хэмжээний шүүмжлэлтэй тулгарч байгаа юм. Гэхдээ судлаач, эдийн засагчид шинэ хуулийн төслөөр төв банкны үндсэн зорилтыг тодорхой болгосон нь зүйн хэрэг хэмээн онцолж байна. Тодруулбал, Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн багш, судлаач, эдийн засагч Б.Түвшинтөгс энэ талаар байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр “Төв банкны үндсэн зорилт тодорхойгүй байна гэх асуудлыг өнгөрсөн хугацаанд судлаач бидний зүгээс нэлээд шүүмжилдэг байсан. Учир нь одоо мөрдөгдөж байгаа хуулийн дагуу “Төгрөгийн тогтвортой байдал” гэдгийг хоёр утгаар ойлгож болно. Нэгдүгээрт, инфляци, хоёрдугаарт ханш. Хоёулаа төгрөгийн худалдан авах чадварыг илэрхийлж байгаа үзүүлэлт мөн.

Энэ тодорхой бус байдлыг шийдэх нэг арга нь зорилгыг тодорхой болгох буюу шинэ төслөөр “Үнийн тогтвортой байдал” гэж оруулж ирсэн. Ингэснээрээ Монголбанк үүнээс хойш инфляцийг онилох юм байна гэдэг ойлголтыг өгч байна. Өөрөөр хэлбэл, зорилго нь маш тодорхой болж байна. Ингэснээрээ цаашид бодлого тодорхойлох, хэрэгжүүлэхэд ахиц, дэвшил авчирна гэж харж байгаа. Та бүхний мэдэж байгаачлан Их хурал дээр мөнгөний бодлого хэлэлцэх болгонд “Ханшийн тогтвортой байдал хаана байна вэ” гэх маргаан өрнөдөг. Гэтэл онолынхоо хувьд ханш тогтвортой байна гэдэг нь үнэ тогтвортой байна гэсэн үг биш.

Тэгэхээр энэ хоёр зорилго бие биентэйгээ зөрчилдөх тохиолдол их байдаг. Ялангуяа манайх шиг валютын урсгал нээлттэй байдаг улсын хувьд ханшийн савалгаа их. Энэ савалгаа болгон дээр мөнгөний бодлогыг зохицуулна гэвэл асуудалтай. Өөрөөр хэлбэл, үнийг тогтвортой байлгах зорилготойгоо зөрчилддөг. Энэ утгаараа зөрчилтэй зорилго тавьдаг байсан. Үүнийг нэг тийш болгож, үнийн тогтвортой байдал болгоё гэж байгаа нь сайшаалтай.

Зорилгодоо хүрэх хамгийн гол асуудал нь юу гэхээр төв банк бие даасан байдлаа нэмэгдүүлэх, мөнгөний бодлогын шийдвэр гаргалтыг хамтын удирдлагын зарчим буюу мөнгөний бодлогын хороо, зөвлөлд шилжүүлэх нь чухал” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.