Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Лхагва: Шатахууныг жижиглэнгийн үнээр борлуулж буй ААН-үүд үнээ өсгөх, хомсдол үүсгэх эрх байхгүй

С.Бадрал, iKon.mn
2018 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас нефть шатахууны үнийн талаар болон 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Шатахууны асуудлаар ШӨХТГ-ын дарга Б.Лхагва "Засгийн газар стратегийн бараа бүтээгдэхүүнд хяналт тавьж, бараа бүтээгдэхүүний иргэдэд хүндрэл учруулахгүй байх тал дээр зохицуулалтуудыг хийж ирсэн. 

Зарим аж ахуйн нэгж байгууллагууд шатахууны хомсдол үүсгэж байгаа байдлыг бид буруутгаж байгаа. Шатахууны хязгаарлалт тогтоосон аж ахуй нэгжүүдийг өрсөлдөөний хуулийн дагуу шалгаж байна. Хязгаарлалт тогтоосон нь ямар эх үүсвэртэй байгааг олж тогтооно. 

Шатахууныг жижиглэнгийн үнээр борлуулж буй ААН-үүд үнээ өсгөх, хомсдол үүсгэх эрх байхгүй. 

Төр хувийн хэвшлийн хамтарсан зөвлөл үнийн асуудлаар шийдвэр гаргаагүй байхад шатахууны үнэ тарифтаа өөрчлөлт оруулсан, хомсдол үүсгэсэн ААН-үүдтэй эвлэрч ажиллахгүй.

Өнгөрсөн долоо хоногт хомсдол үүсгэсэн компанийн холбогдох хүнийг дуудаж уулзсан. Одоогоор хомсдол үүсгэхгүй байгаа гэж найдаж байна.

Хомсдол үүсгэхгүй байхыг төрийн болон хувийн байгууллагуудад зөвлөмж хүргүүлж ажиллаж байна.

Мөн орон сууц, нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж зөрчил гаргасан аж ахуй эрхлэгчдэд Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл авах, эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний дагуу үйл ажиллагаа явуулах талаар улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлж, үр дүнг Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд танилцуулсан. 

Сууц өмчлөгчдийн холбоотой хамааралтай 800 орчим өргөдлийг Барилга Хот Байгуулалтын Яаманд албан ёсоор шилжүүлж өгөх гэсэн боловч тэд өнөөдрийг хүртэл хүлээж аваагүй байна" гэв.

ШӨХТГ-ын бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Тэрбиш "Зохиомол хандалт үүсгээд шатахууны үнийг зориудаар нэмсэн бол аж ахуйн нэгжүүдийг Өрсөлдөөний тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зөрчлийн төрлөөс хамаараад өмнөх жилийн борлуулсан орлогын 4 болон 6 хувьтай тэнцэхүйц мөнгөн дүнгээр торгох хуулийн заалттай.

Шатахууны хязгаарлалт үүсгээд байгаа аж ахуйн нэгжүүдэд зөвлөмж хүргүүлсэн. Энэ тал дээр анхаарч ажиллана гэсэн" гэлээ.