2018/09/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,521.27₮
B30
УЛААНБААТАР
|
-3°
B34
УЛААНБААТАР
13°
|
-2°
B30
УЛААНБААТАР
17°
|
18:00
S44
19:00
S44
20:00
S44
21:00
S32
22:00
S32
-1°
23:00
S32
-2°
00:00
S32
-3°
01:00
S32
-4°
02:00
S32
-5°
03:00
S32
-6°
04:00
S32
-7°
05:00
S32
-7°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/08 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ил тод уурхайн далд сүлжээ

ikon.mn
2018 оны 1 сарын 8
iKon.MN

1990-ээд оны сүүлээс  2000 оны эх хүртэл зундаа ган, өвөлдөө  зуд нүүрлэж олон жил үргэлжилсэн олон мянган малчин, тариаланч өрхүүд амьжиргааны эх үүсвэргүй болсноос “нинжа” буюу хууль бусаар ашигт малтмал олборлон амь зуудаг нийгмийн бүлэг үүсжээ.

Тэд хялбар, энгийн технологиор ашиглаж болохуйц алт, нүүрс, жонш, төмөр, давс, чулуужсан мод, ашигт малтмалын орд, илэрцүүд мөн зарим тохиолдолд самар, эмийн ховор ургамал, хориотой ан зэрэг байгалын баялгуудыг өнөө болтол олборлож, ашиглаж байна. Үүнээс хамгийн олон хууль бус ашигт малтмал олборлогчдыг багтааж буй нь алтны салбар гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг.  Зарим судалгааны дүнгээс харахад оргил үедээ алтны салбарт зуун мянга орчим  монголчууд хувиараа ашигт малтмалыг улирлын чанартай олборлож байсан байдаг. Бусад ашигт малтмалыг бодвол алтны үнэ харьцангуй өндөр, худалдан борлуулахад хялбар, үндсэн болон шороон ордыг аль алийг нь ашиглах боломжтой нөхцөл нь тэднийг татдаг байна. 

Дэлхийн жишигт хэрэв тухайн улсын эдийн засаг, төсөв, экспорт зэрэг макро хүчин зүйлүүдэд уул уурхайн эзлэх жин хэмжээ тус, тус 10 хувиас дээш байвал “уул уурхайн үндэстэн” буюу “mining nation” гэж үздэг. Манай хувьд ДНБ-ий 20-30 хувь, төсвийн 30 хувь, экспортын 90 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 хувийг уул уурхай дангаараа эзэлж байгаа юм.

Амьжиргааны гол эх үүсвэрээ хувиараа ашигт малтмал олборлолтоос буй болгодог нийгмийн томоохон хэсэг ялангуяа зах зээл сул хөгжсөн хөдөө орон нутагт бий болсон нь дагаад нийгэм-соёл,  байгаль орчин, эдийн засгийн  нөлөөллийг бүх түвшинд үзүүлэх болсон.  Иймээс хожим ч гэсэн төрийн бодлогод тусах болж 2010 оны долоодугаар сард  “Ашигт малтмалын  тухай хуульд” бичил уурхайг хүлээн зөвшөөрснөөр Засгийн Газрын 308 тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг баталжээ.

Хууль бус алт олборлогчоос хууль ёсны бичил уурхайчин болох эрх зүйн энэ боломж нь тэдгээр хүмүүст нөхөрлөл, хоршоо байгуулах замаар хамтын зохион байгуулалтад орох, амьжиргааны эх үүсвэрээ баталгаажуулж хууль ёсны болгох, хүний эрх, эрүүл мэндээ хамгаалуулах, нийгмийн үйлчилгээ авах, татвар төлөгч болох зэрэг өргөн боломжуудыг нээж өгсөн. Нөгөө талаас төр бичил уурхайчидтай гэрээ хийснээр иргэдээ бүртгэх, ажлын байраар хангах, байгаль орчныг нөхөн сэргээх, хамгийн гол нь далд байсан алтны худалдааны орлогыг ил болгож татвар авч Монголбанкны алтны нөөц нэмэгдэх болсон байна. 

Цаашид ч бичил уурхайчдын олборлолтыг ил тод болгож , алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулснаар цаашид тогтмол өсөн нэмэгдэх бүрэн нөөц боломж бий.

Монголын уул уурхайн салбарын үндсэн харилцаанууд Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль гэсэн цөөхөн хэдэн хуулиар зохицуулагдаж байлаа. Эдгээр хуулиуд нь лиценз, татвар, рояалтийн асуудлыг голчлон зохицуулдаг. Гэтэл уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, худалдаа, тээвэр, экспорт, худалдааны сүлжээ гэх зэрэг “дэд бүтэц”-ийн асуудал тодорхой бус, зохицуулалт, томьёолол муу хэвээр.

Оролцогч талууд (лиценз эзэмшигч, зохицуулдаг агентлагууд, орон нутаг, хил гааль, татвар, мэргэжлийн хяналт, иргэдийн оролцоо)-ын эрхзүйн статус тодорхой бус дээр нь үйлдвэрлэгч ба худалдан авагч зах зээл хоёрыг холбосон дэд бүтэц (бирж, лаборатори, дундын зуучлагч, эрх бүхий тээвэрлэгч) сул хөгжсөний дээр эдгээрийн хооронд үүсэх эрх зүйн харилцаа, эрх үүргийн хэм хэмжээг одоо бүр тодорхой болгоогүй байгаа юм гэх үндэстэй.

Нэг хэсэг худалдааны тухай болон эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай гэх зэрэг хуулиар зохицуулна гэж төлөвлөн хуулиудын төсөл боловсорч байсан. Гэвч сүүлийнх нь одоо хүртэл батлагдаагүй шийдлээ хүлээж байна.

Хамгийн чухал нь алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулж бүртгэлжүүлснээр олборлосон ашигт малтмалаас улс төдийгүй орон нутаг ашиг хүртэж нийт иргэдэд баялгийг шударгаар хуваарилах нэг зөв хувилбар харагдаад байна. 

Төр бодлогын хувьд алтны худалдаачдыг шууд үгүйсгэж хатуу хориглож эхэлбэл улам нууц, улам хөнөөлтэй байдалд шилжих эрсдэл бодитоор тулгараад байна. Эрхзүйн зохицуулалт бүдэг бадаг бөгөөд дээр нь хэт чангалсан хууль гарснаас өнөө зохицуулах гээд байгаа асуудлаасаа илүү олон хор дагавар үүсдэг. Жишээ нь мафийн алтан үеийг цэцэглүүлсэн Америкийн алдарт хуурай хууль байна.

Хэдийгээр бичил уурхайчдын нөхөрлөлүүдийн тоо тогтмол өсөж, Монголбанк дахь алт тушаалтын хэмжээ өсөж байгаа хэдий ч энэ нь бичил уурхайн нийлүүлэлтийн сүлжээ бүрэн ажиллаж байгаа гэсэн үг биш юм. 

Юуны өмнө ашигт малтмалын талаарх төрийн бодлого тогтворгүй байж үргэлж өөрчлөгдөж байдгаас алтны нийлүүлэлтийн сүлжээ ил далд хэлбэртэй болжээ.

  Ялангуяа дэлхийн зэх зээл дээр алтны үнэ өсөж байсан 2010 онд урт нэртэй хууль батлагдсан, жаран найман хувийн татвар бий болсноор бичил уурхайчдын алтны олборлолт, тушаалт эрс багассан төдийгүй алтны сүлжээ хууль бус далд хэлбэрт орсноор үлэмж хэмжээний хохирол бий болсон юм. 

Татварын хэт өндөр босготой тулсан жижиг дунд олон компаниуд татвараас зугтах, өндөр хүүтэй зээлсэн техник технологийн зээлээ төлөх гол арга нь техникжсэн нинжа болж хувирсан олон жишээ бий. Тэд өндөр татвар төлж дампуурахын оронд хүч чадалтай сайн техникээр алтны бага нөөцтэй газруудыг сорчлон хулгайгаар ухаж олсон алтаа хууль бус татваргүй сүлжээгээр дамжуулан борлуулах явдал болж хувирсан байдаг. Энэ тухай нийтлэлч Баабарын нийтлэлд “Жаран найм” гараад ирэнгүүт хэн ч алтаа Монголбанканд тушаахаа болив. Ингээд гэмт хэргийн сүлжээ үүслээ.

Алт олборлогчдын хувьд найдвартай, хавьгүй бага татвартай, элдэв хулхи байхгүй, гар хийцийн боловч завод тэрэгнээс дутахгүй жинхэнэ “жаран найм” машин! Эхэндээ ч жаахан болхи байсан л даа. Алтан бүстэй, гинжтэй, бугуйвчтай, оосортой “алтан хүн” Замын-Үүдийн боомтоор өдөрт 10 удаа нааш цааш гарна. Хилийн цаана бэлэн юаньтай, шалгах бүх төхөөрөмжтэй хятад наймаачид хүлээж байна. Явсаар төгөлдөржин том жижиг компаниуд бүгд алтаа ченжид тушаадаг болов” хэмээн оновчтой тодорхойлсон байдаг.  

Хамгийн хорлонтой нь жаран найман хувийн татвар байхгүй болсон ч гэсэн өнөөг хүртэл хууль бус олборлолт болон алтны далд худалдаа бүрмөсөн алга болохгүй байгаа юм. Дэлхийн зах зээлд тухайн ашигт малтмалын үнэ өндөр байхад төрийн бодлогын алдаанаас шалтгаалж хангалттай ашиглаж өндөр орлого олж чадахгүй байгаа бидний нийтлэг алдаа алтан дээр гарч байсан бол өнөөдөр нүүрсэн дээр ч гарч байгааг энд заавал дурдах ёстой. Нэгэнт бий болчихсон энэ алтны хууль бус сүлжээ нь бичил уурхайчдын хувьд  тухайн өдөртөө олборлосон алтаа хадгалахад хэтэрхий эрсдэлтэй байдаг, Монголбанкинд тушаахын тулд заавал Улаанбаатар хот уруу ирж тушаах хэрэгтэй болж байгаа дэд бүтцийн хүндрэлийг гаргадаггүйгээрээ илүү уян хатан, илүү өгөөжтэй байгаа учраас далд сүлжээг илүү сонирхох сэдлийг төрүүлж байна. Алтны энэ хууль бус далд хэлбэрийн үндсэн сүлжээ нь бичил уурхайчид өдөрт олборлосон алтаа уурхайн аман дээр байдаг эсвэл сумын төвд байрлаж байдаг зуучлагчдад ихэвчлэн борлуулж тэдгээр зуучлагчид нь дунд шатны буюу аймгийн төв, хотоос яваа явуулын дунд гарын зуучлагчдад алтаа тушаадаг байна.  Дунд гарын зуучлагчид авсан алтаа сорьц, чанарыг тогтоолгосноор Монголбанкинд тушаах эсвэл үнэт эдлэл хийдэг хүмүүст өгөх, Монгол дахь гадаадын алтны их гарын нууцлаг ченжүүдэд борлуулдаг ажээ. Ядаж байхад Монголын зах зээлд эргэлдэж байгаа алт үнэт эдлэлийн хэмжээ, үнийн судалгаа, бүртгэл байдаггүйгээс ээмэг бөгж, бугуйвч, зүүлт хэлбэрээр иргэдийн хувийн эдлэл мэтээр өдөрт ямар их татваргүй алт гарч байгааг бас үнэлэх боломжгүй байна. 

Алтны энэ далд сүлжээ нь бичил уурхайчдаас орон нутгийн алтны зуучлагчид нь алтыг Монголбанкнаас зарласан тухайн өдрийн үнээс 10-15 хувиар бага үнээр авдаг төдийгүй бичил уурхайчдын мэдлэггүй, мэдээлэлгүй байдлыг далимдуулан баталгаажаагүй жин хэмжүүр ашиглах, лан, цэн зэрэг уламжлалт нэгжээр үнэлж мөнгийг нь дутуу төлөх, урьдчилан өндөр хүүтэй зээлийг бэлэн мөнгө болон бараа бүтээгдэхүүнээр олгож өрийн сүлжээ үүсгэх зэрэг цэвэр мөнгө хүүлэлтийн механизм бий болгож байгаа юм. Ер нь аль хоёр зуун жилийн өмнөөс хятад худалдаачдаас үүсэлтэй мөнгө хүүлэлтийн энэ систем нь зөвхөн алт биш хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, мах, өргөн хэрэглээний бараан дээр ч үүсэн бөгөөд ченжүүдийн энэ давхарга нь ашгийн ихэнх хувийг хүртэж анхны үйлдвэрлэгчид хамгийн багийг хүртдэг ашиггүй систем юм. Төр энэ ченжийн нийлүүлэлтийн системийн эсрэг нийлүүлэлтийн дэд бүтцийг буй болгох ёстой ч хангалттай биш байгаа нь алтны салбарт ч тод байна. Орон нутагт Монголбанкны болон Сорьцын хяналтын газрын үйлчилгээг алтны бичил уурхайчид авах боломжгүй байгаа нь ченжийн систем амь бөхтэй орших үндсэн шалтгаан болж байна. Монгол банкны салбар бүх аймгуудад байхгүйн дээр орон нутаг дахь арав гаруй салбар хэлтэс нь алт худалдан авах, хадгалах үйл ажиллагаа явуулахгүй байгаагаас бичил уурхайчдын хувьд алтаа тушаахад хүндрэл учирч байгаа гэсэн үг юм. 

Мөн орон нутагт сорьцын лаборатори байдаггүйгээс тухайн байцаагч алтны талаар мэдээлэл бичиж суух үүрэгтэй төдий ажиллаж байгаа юм.

Нийлүүлэлтийн дэд бүтцийн үйлчилгээг төр хийж чадахгүй байгаагийн улмаас бичил уурхайчид нь олборлосон алтныхаа 95.0 хувийг зуучлагчид газар дээр нь борлуулахад хүргэж байгаа аж. Монголын экспортлогчдын холбооны 2014 онд хийсэн судалгааны зөвлөмжөөс харахад алтны хүдэр баяжуулах үйлдвэр, бичил уурхай төвлөрсөн аймаг, сумдыг түшиглэн Монголбанк, Стандарт, хэмжилзүйн газар хамтран алтыг сорьцлох үйлчилгээ болон алт худалдан авах банкны салбарыг бий болгож алтны  худалдааны нэг цэгийн үйлчилгээг төр яаралтай зохион байгуулах шаардлагатай байгаа юм. Дээр нь нэгэнт үүссэн энэ давхаргын зуучлагчдыг ч давхар бүртгэж алт худалдан авах нэг цэгийн үйлчилгээ бий болгож албажуулах шаардлага бий. 

Уул уурхайгаас ашиг хүртэгч улс төрчид, төрийн шийдвэр гаргагчдыг тодорхой болгох хууль эрх зүйн орчныг шинэчлэх ажил дундын шиг хүртэгчидтэй  тэмцэх, ил тод уурхайг хөгжүүлэх ажлын салшгүй нэг хэсэг байх ёстой. Учир нь ашиг хүртэгч эздийн мэдээлэл дутуу байгаагаас тэдгээр хууль бус олборлолтоос олсон орлого нь аль салбарт шилжиж юу болж байгаа, төрийн түшмэдийн халаасыг хэрхэн дүүргэж буй нь тодорхойгүй байна. Олон улсын туршлагаас харахад Монголд алт худалдаалах хууль бус сүлжээгээр олсон тэр олон сая доллар нь зах зээлд барилга орон сууцны зах зээл, үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний газрууд, газар өмчлөх зэрэг хэлбэрүүдэд шилждэг санхүүгийн сүлжээ үүссэн байх магадлалтай билээ. Улс төрчдийн дундаршгүй мөртлөө тайлбарлаж чаддаггүй их орлого чухам энэ сүлжээнээс л тэтгэгдэж байх ёстой. Тиймээс уул уурхайгаас ашиг хүртэгч жинхэнэ эздийг нарийн тодорхойлсон хууль эрх зүйн зохицуулалтыг яаралтай гаргах нь улс төрийн манлайлал байх болно гэдгийг улс төрчид анхаарах ёстой хэмээн хүсэж байна.

Алтны нийлүүлэлтийн сүлжээг албан болгож бүртгэлжүүлснээр бичил уурхайчдад ирэх бас нэгэн өгөөж нь тэдний орлого нэмэгдсэнээр тэд өөрсдийн орлогын зохих хэсгийг орон нутагт шинэ ажлын байр бий болгох, зөвхөн бичил уурхайн орлогоос хамааралтай биш бусад орлогын эх үүсвэртэй болох, мэргэжил эзэмших, оюутан хүүхдийн сургалтын төлбөрийг төлөх гол зорилготой улирлын бичил уурхайчид эрс багасах, уламжлалт аж ахуйгаа өөд татах боломжтой болох юм. Бичил уурхайчдын орлого 20 орчим хувиар нэмэгдсэнээр  дагалдаж орон нутагт худалдаа, үйлчилгээний үйл ажиллагаа сайжирч улмаар худалдан авалт нэмэгдэх, орон нутгийн төсөвт тодорхой хэмжээний төлбөр, хураамжийн хэмжээ нэмэгдэх юм.  

Ирээдүйд Монголын алтны зах зээл үндсэн болон бусад металлын ордуудыг ашигласнаар 1.5-2 дахин нэмэгдэнэ. Тэр үед илүү их орлоготой эрүүл ил тод, бүртгэлжсэн бичил уурхайчидтай болох уу бүр олон нинжатай болох уу гэдгийг өнөөдөр л тодорхойлно. Шийдвэр гаргагчдад сануулахад алтны нийлүүлэлтийн сүлжээний хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, Монголын алтыг Монголдоо үлдээх үндсэн арга бол бид өөрсдөө алт цэвэршүүлэх үйлдвэртэй болох ёстой. Ийм үйлдвэрийг алтны сүлжээгээр хангах сүлжээг тэр цагт бид хүссэн ч хүсээгүй ч хийх л болно. 

Ч.Отгочулуу

x