Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр Солонгосын уулзалтад оролцох Пёньяны төлөөлөгч томилогдлоо

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Маргааш буюу Мягмар гарагт хилийн Панмунжом тосгонд болох хоёр Солонгосын уулзалтад оролцох төлөөлөгчөө Пёньян өчигдөр зарласан байна.

Хойд Солонгосын төлөөлөгчдийг тус улсын хоёр Солонгосын харилцааг хариуцсан агентлагийн дарга Ри Сон Гвон ахлахаар болжээ. Мөн спортын асуудал хариуцсан албаны дөрвөн хүн Ри даргыг дагалдахаар болсон байна.

Долоо хоногийн өмнө Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун шинэ жилийн мэндчилгээ хүргэхдээ өөрийн төлөөлөгчдөө Пёнчаны Өвлийн Олимпийн наадамд илгээх хүсэлтэйгээ мэдэгдсэн юм.

Үүний хариуд Сөүл хоёр жил орчим хугацаанд тасраад байсан хоёр Солонгосын уулзалтыг хийх санал тавьсан. Үүний маргааш нь Хойд Солонгос хилийн харилцаа холбооны шугамаа нээсэн билээ.

Уулзалтад оролцох Өмнөд Солонгосын төлөөлөгчдийг тус улсын Солонгосын нэгдлийн яамны сайд Чо Мён Гён ахлахаар болсон байна.

Мөн өнгөрсөн долоо хоногт АНУ-Өмнөд Солонгосын эрх баригчид Пёнчаны Өвлийн Олимпийн наадмыг тохиолдуулан хамтарсан цэргийн сургуулилалтаа хойшлуулах шийдвэр гаргасан юм.

Хоёр Солонгосын уулзалтыг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дэмжиж, өөрийгөө энэ уулзалтын үндсийг тавьсан гэж мэдэгдээд байгаа. Тэр бас энэ уулзалтын үр дүнгээс хамаарч Ким Жон Унтай утсаар ярилцахад бэлэн гэдгээ анх удаа хэлсэн байна. Харин Японы ерөнхий сайд Шинзо Абэ уулзалтыг таатай хүлээж авч байгаагаа илэрхийлсэн ч болгоомжлохыг анхааруулжээ. Тэр зөвхөн уулзалт хийхийн тулд уулзах нь хүндэтгэх шалтгаан биш гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.

1953 онд Солонгосын дайны дараа Хойд ба Өмнөд Солонгос нь манай дэлхийн хамгийн их зэвсэглэгдсэн хилээр хуваагдсан юм.

Өнгөрсөн оны турш Хойд Солонгос олон тооны зэр зэвсэг туршсан нь бүс нутгийн аюулгүй байдлыг хурцатгаад байгаа. Харин 2018 оны эхний өдрөөс эхлэн Пёньяны зүгээс харилцаагаа зөөлрүүлэх шинж ажиглагдаж эхэлсэн нь зарим хүмүүст итгэл найдвар, зарим хүмүүст эргэлзээ, сэжиг төрүүлж эхлээд байна.

 

Эх сурвалж: AFP