Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Архангайн замд их хэмжээний халтиргаа үүсжээ!

ikon.mn
2018 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Монгол орны нийт нутгаар өчигдрөөс нойтон цас орж, зарим газраар цасан шуурга шуурч, шөнөдөө мөстөн замын гадаргууд их хэмжээний халтиргаа гулгаа үүсч, замын хөдөлгөөний нөхцөл байдал хүндэрч байна.

Ялангуяа улсын болон орон нутгийн чанартай автозамуудад түүнчлэн Улаанбаатар-Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай чиглэл мөн Архангай аймгийн нутаг, Ховд аймгаас Булган сум, Ярантын боомт чиглэлийн авто зам, Бага улаан даваа орчмын автозамуудад халтиргаа үүсч тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй болжээ.

Иймд жолооч, зорчигч та энэ чиглэлийн замд болон хөдөө, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо:

  1. Техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох, шатах тослох материалын нөөцийг хангалттай авах
  2. Зуны буюу хээ муутай дугуйтай хөдөлгөөнд оролцохгүй байх
  3. Замын нөхцөлд үзэгдэх орчинг зөв тооцоолж, зам, орчны нөхцөлд тохирох хурдыг сонгох, тээврийн хэрэгсэл хоорондын зай барих
  4. Иргэд, зорчигчид хувийн бэлтгэлийг сайтар хангаж дулаан хувцаслаж замд гарах
  5. Жолооч, зорчигч нар хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж, бага насны хүүхдийг хамгаалах бүс, хамгаалалтын суудал хэрэглэн тээвэрлэхийг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.

ЦУОШГ: Малчид, иргэдэд зориулсан мэдээ: /2018-01-07 14:47 цагт шинэчлэгдсэн/

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, хүйтэн байна.

2018 оны 01 дүгээр сарын 07-ны 20 цагаас 01-р дүгээр сарын 08-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 30-35 градус, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 27-32 градус, Хөвсгөлийн уулс болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 19-24 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос  секундэд 6-11 метр. Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Халх голын сав газар болон Дарьгангын тал нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруунас секундэд 6-11 метр. Шөнөдөө 26-28 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, зарим газраар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос эргэж секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

10-нд нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

2018 оны 01 дүгээр сарын 09-нөөс 01 дүгээр сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

9-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 9-нд тал хээрийн нутгаар, 12-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 26-31 градус, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус.

Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Хэрлэн, Улз, Онон голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус.

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө  6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

10-нд нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.