Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Майкл Вольф: Миний ном Трампыг унагаана

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын Цагаан ордон дахь эхний нэг жилийн амьдралыг харуулсан “Fire and Fury: Inside the Trump White House” номны худалдаа өнгөрсөн Баасан гарагт эхэлж, тэр даруй бэстселлэр болж чаджээ.

Амазон сайтын эрэлттэй номын жагсаалтад орж, захиалга хэт их байгаагаас хүргэлт нь удааширч байгаа бол АНУ-ын номын дэлгүүрүүдэд хэдхэн минутын дотор зарагдаж дууссан байна.

 

Майкл Вольфийн номыг уг нь нэгдүгээр сарын 9-нд худалдаанд гаргах төлөвлөгөөтэй байсан ч өнгөрсөн долоо хоногт The Guardian сонин номны анхны хуулбарыг олж, зарим хэсгийг нь нийтэд хүргэснээр эрэлт нь эрс нэмэгдсэн тул хугацаанаасаа дөрөв хоногийн өмнө Баасан гарагт зах зээлд гаргасан юм.

Номын зохиолч Майкл Вольф өчигдөр анх удаа BBC радиод номынхоо тухай ярилцлага өгчээ. Тэрээр номныхоо гол хэлэх санааг Трамп бол ерөнхийлөгчийн ажилд таарахгүй хүн гэдэг ойлголтыг нийгэмд улам нэмэгдүүлэх гэсэн байна.

Номын тухай дуулиан дэгдсэнээс хойш “Хаан шалдан байна” хэмээх үзэгдэл нийгэмд өрнөж байгааг тэр бас хэлжээ.

“Бүгд түүнийг хүүхэд шиг гэж тодорхойлдог. Тэр ном уншдаггүй, бусдыг сонсдоггүй. Түүнийг тэнэг, мулгуу гэлцэж байв” хэмээн Трампын тухай Цагаан ордны ажилтнуудын тодорхойлолтыг Вольф хэлсэн юм.

 

Харин Баасан гарагт Трамп номын зохиолч болон түүнийг гол мэдээллээр хангасан гэгдэж байгаа зөвлөх асан Стив Бэннон нарын эсрэг мэдэгдэл хийжээ. Тэр “Майкл Вольф бол өөрийн бичсэн уйтгартай номыг зарахын тулд худал түүх зохиосон арчаагүй хүн. Тэр ажлаас халахгүй байхыг уйлан гуйж байсан Стив Бэнноныг үүндээ ашигласан. Одоо Стивийг хүн бүр нохой шиг үзэж байна” гэж твиттер хуудсандаа бичсэн байна.

Харин Майкл Вольф өөрийн бичсэн баримт бүрийнхээ төлөө хариуцлага хүлээхэд бэлэн, бүгд үнэн гэсэн юм.

Дараа нь Бямба гарагт Трамп өөрийнхөө сэтгэцийн талаар дахин мэдэгдэл хийсэн байна.

Тэр “Үнэндээ амьдралын минь туршид миний хамгийн том өмч бол эрүүл саруул ухаан байсан юм. Би амжилттай бизнесмэнээс телевизийн од, цаашлаад эхний нэр дэвшилтээрээ АНУ-ын ерөнхийлөгч болж чадсан хүн. Энэ нь намайг зүгээр нэг толгой сайтай хүн биш, бүр суут ухаантан гэдгийг харуулж байна!” гэжээ.

Сонирхолтой нь Трампын эдгээр мэдэгдлүүд Майкл Вольфийн номын эрэлтийг улам нэмэгдүүлэхээс өөр нөлөө үзүүлэхгүй байна.

 

Эх сурвалж: Reuters