Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

Процессорын алдаа бүх Mac, iOS төхөөрөмжүүдэд цоорхой үүсгэж байгааг Apple мэдэгдлээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг

CPU буюу төв процессорт гарсан “Meltdown”, “Spectre” нэртэй системийн алдаанууд бүх Mac болон iOS төхөөрөмжүүдэд нууц мэдээлэл алдагдах цоорхой үүсгэж байгааг өчигдөр Apple компани мэдэгджээ.

Гэхдээ уг цоорхойг зөвхөн эдгээр төхөөрөмжүүдэд суусан хорлогч аппликэшнүүд л ашиглах боломжтой тул програмуудаа найдвартай эх сурвалжаас, тодруулбал App Store дэлгүүрээс татаж суулгахыг зөвлөсөн байна.

Сүүлийн хоёр өдрийн хугацаанд Intel, AMD, ARM үйлдвэрлэгчдийн төв процессоруудад гарсан “Meltdown”, “Spectre” алдааны талаар технологийн ертөнц шуугиж байгаа юм.

Алдааг ашиглан үйлдлийн системийн түр хадгалж байгаа нууц үг, түлхүүр үг зэрэг нууц мэдээллийг хакерууд хулгайлах боломжтой. Алдааны тухай хоёр сарын өмнө Google компани анх Intel компанид мэдээлж, тэр цагаас хойш үйлдлийн системийн үйлдвэрлэгчид цоорхойг нөхөх програмын шинэчлэлтээ бэлдэж эхэлсэн ажээ. Харин олон нийтэд саяхан ил болсон юм.

Apple компани Intel-ийн төв процессоруудад илэрсэн “Meltdown” цоорхойн аюулыг багасгах програмын нөхөөсийг iOS 11.2, macOS 10.13.2, tvOS 11.2 хувилбарууддаа гаргасан байгааг мэдээлсэн байна.

Харин ганц Intel биш, AMD, ARM процессоруудад илэрсэн Spectre цоорхойг нөхөх програмын шинэчлэлийг удахгүй гаргахаар ажиллаж байгаа гэнэ. Майкрософт компани Surface төрлийн машинууддаа зориулсан програмын нөхөөсийг гаргаснаа өчигдөр зарласан юм.

Шинээр илэрсэн процессорын алдаа нь сүүлийн 20 орчим жилд үйлдвэрлэгдсэн Intel, AMD, ARM компаниудын бүтээгдэхүүнүүдийг хамарч байгаа. Үүнд хамгийн их эрсдэл хүлээж байгаа тал нь Cloud буюу үүлэн технологийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд болоод байна. Тэдний серверүүдийн бараг 90 хувь нь нууц мэдээлэл алдах аюултай байдалд байгаа юм.

 

Эх сурвалж: The Verge