Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

Цэц Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар 37 удаа хуралджээ

ikon.mn
2018 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Үндсэн хуулийн цэц  2017 онд иргэдээс ирүүлсэн 170 орчим өргөдөл, мэдээлэл, гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэжээ. Мөн нийт 37 хуралдаан хийснээс Бага суудлын хуралдаан 26, Дунд суудлын хуралдаан ес, Их суудлын хуралдаан хоёрыг тус тус хийв. Эдгээр хуралдаанаас Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2,  дүгнэлт 7,  магадлал 29 гарсан байна.

2017 онд болсон Их, дунд суудлын хуралдаан:

  1. Үндсэн хуулийн цэц Их суудлын  хуралдааныг хоёр удаа хийж, Улсын Их Хурал холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа  Цэцийн шийдвэрээр хүчингүй болсон хуулийн заалтыг шууд буюу агуулгаар нь дахин сэргээсэн эсэх тухай  маргааныг хянан шийдвэрлэж 2 тогтоол тус тус гарган холбогдох хуулийн заалтыг хүчингүй болгов. 
  2. Үндсэн хуулийн цэц Дунд суудлын хуралдааныг есөн удаа хийж, Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Сонгуулийн тухай,  Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Зөрчлийн тухай зэрэг хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай асуудлыг тус тус хянан шийдвэрлэж дүгнэлт гаргажээ.

Эдгээр дүгнэлтийн 5 нь Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн агуулгатай гарсан бол 2 нь Үндсэн хууль зөрчсөн гэж гарсан байна. Үндсэн хууль зөрчсөн гэж гарсан  дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрч холбогдох хуульдаа өөрчлөлт оруулжээ.

Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар өнгөрсөн онд 200 орчим иргэдийг хүлээн авч хууль зүйн асуудлаар мэдээлэл, зөвлөгөө өгсөн байна.

 

Эх сурвалж: Үндсэн хуулийн цэц