Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

Пакистанд үзүүлэх зэр зэвсгийн тусламжаа Вашингтон түдгэлзүүллээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Хөрш Афганистанд нь үүрлэсэн Талибан, Хаккани террорист бүлэглэлүүдийн эсрэг шийдвэртэй арга хэмжээ авах хүртэл Пакистанд үзүүлэх батлан хамгаалах салбарын тусламжаа түдгэлзүүлж байгааг АНУ-ын эрх баригчид өчигдөр зарлажээ.

Төрийн Департментийн хэвлэлийн төлөөлөгч Хидер Науэрт энэ тухай өчигдөр мэдэгдсэн байна.

Тусламжид хориг тавих төлөвлөгөө эцэслэгдээгүй байгаа тул яг хэр хэмжээний хөрөнгө мөнгийг гацааж байгааг хэлэх боломжгүй байна гэж Науэрт тайлбарлажээ.

Вашингтон терроризмтай тэмцэх ажиллагааны зардалд нь зориулж Холбоотнуудыг Дэмжих Сангаас (Coalition Support Fund) Пакистанд санхүүгийн тусламж үзүүлдэг.

Шинэ оны эхний өдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсандаа Пакистаныг террористуудтай хангалттай тэмцэхгүй байна гэж шүүмжлээд үзүүлдэг тусламжаа зогсооно хэмээн сүрдүүлсэн юм.

Үүний маргааш нь Цагаан ордон бас ийм мэдэгдэл хийсэн. Трамп сүүлийн 15 жилийн хугацаанд Вашингтон Исламабадад $33 тэрбумын тусламж үзүүлсэн ч терроризмтай хийх тэмцэлд үр дүн гарахгүй байгааг мэдээлсэн юм.

Дээрх мэдэгдлээс өмнө Пакистанд зэр зэвсэг худалдаж авахад нь туслахаар төлөвлөгдсөн $255 саяыг АНУ-ын эрх баригчид түдгэлзүүлээд байгаа. Харин өчигдөр мэдэгдсэн шинэ хориг нь энэ тусламжаас тусдаа яригдаж байгааг Науэрт мэдээлжээ.

Гэвч Пакистаны удирдагчид Вашингтоны энэхүү хоригт санаа зовохгүй байгаагаа ээлж дараалан мэдэгдсээр байгаа юм.

 

Эх сурвалж: Associated Press