Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгос Өмнөд Солонгосын уулзалт хийх хүсэлтийг зөвшөөрлөө

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын тал ирэх долоо хоногийн Мягмар гарагт уулзалт хэлэлцээр хийх Сөүлийн саналд өнөөдөр буюу Баасан гарагт зөвшөөрсөн хариу өгчээ.

Хоёр Солонгосын нэгдлийг хариуцсан яамны төлөөлөгч Байк Тэ Хюн “Талууд харилцан бичиг баримтууд солилцож, уулзалтын бэлтгэлийг хангахаар боллоо” гэж өнөөдөр болсон хэвлэлийн хурал дээр мэдэгдсэн байна.

Сүүлийн жилүүдэд тасраад байсан уулзалтаар Пёнчаны өвлийн олимпийн наадамд Хойд Солонгосын төлөөлөгчдийг оролцуулах, мөн талуудын харилцааг хэвийн түвшинд хүргэх талаар ярилцахаар төлөвлөж байгаа ажээ.

Энэ долоо хоногийн Даваа гарагт Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун шинэ жилийн мэндчилгээндээ Өмнөд Солонгостой харилцаагаа сайжруулахад бэлэн байгааг илэрхийлснээр талуудын хоорондын уур амьсгал зөөлрөх шинж тэмдэг ажиглагдаж эхэллээ.

Түүний мэдэгдлийн маргааш нь Сөүл дээд түвшний уулзалт хийх санал гаргасан юм. Энэ санаачилгын дараа Пёньян хоёр жил орчим хугацаанд тасалдаад байсан хил дундын харилцаа холбооны шугамыг сэргээх шийдвэр гаргаж байв.

 

Эх сурвалж: Yonhap News