Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

Фэйсбүүк крипто валютын салбарыг сонирхож эхэллээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Фэйсбүүкийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг 2018 онд хийх ажлынхаа талаар өөрийн хуудсандаа мэдэгдэл гаргасан юм.

Тэрээр өнгөрсөн 2017 онд Фэйсбүүкийн хувьд хэцүү сорилт болж байсан хуурамч болон сөрөг мэдээлэл тархах үзэгдлүүдтэй 2018 онд тэмцэж, асуудлыг шийдэхээ амлажээ.

Зукерберг дараа нь “Гэхдээ нөгөө талаас encryption, cryptocurrency зэрэг эрх мэдлийг хүмүүсийн гарт өгдөг төвлөрсөн биш (decentralized) системүүд гарч ирсэн нь чухал үзэгдэл боллоо” гэж онцолсон байна.

 “Эдгээрийг хянахад хэцүү байх эрсдэлтэй. Гэхдээ би хувьдаа дээрх технологиудын давуу ба сул талуудыг гүнзгийрүүлэн судалж, хэрхэн өөрийн үйлчилгээндээ оновчтой ашиглах боломжийг мэдэхийг хүсэж байна” гэж Зукерберг бичжээ.

Фэйсбүүкийн удирдагчдаас крипто валютын салбарыг анх сонирхож байгаа хүн тэр биш юм. Тус компанийн мессэжинг бүтээгдэхүүнүүд хариуцсан дэд захирал Дэвид Маркус өнгөрсөн оны сүүлээр дэлхийн томоохон крипто арилжааны төвүүдийн нэг Coinbase-ийн удирдах зөвлөлд сонгогдсон байна.

Тэр өнгөрсөн сарын 12-нд хувийн блогтоо “Би крипто валютыг 2012 оноос сонирхож, хэрэглэж эхэлсэн. Энэ хугацаанд Coinbase хэрхэн цоо шинэ төрлийн хөрөнгийг ардчилсан замаар хүмүүст эзэмшүүлж байгааг би ажигласаар ирлээ” гэж бичжээ.

 

Эх сурвалж: Bloomberg