Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Батсайхан: Банкны систем илүү найдвартай, илүү итгэлтэй болно

С.Бадрал, iKon.mn
2018 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төв банкны тухай хууль, Банкны тухай хуулиудад орж буй өөрчлөлтийн талаар Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Н.Батсайхантай ярилцлаа.

-Төв банкны тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн. Энэ явцад намын бүлгүүдийн байр суурь зөрүүтэй байх шиг байна. Тэгэхээр хуулийн асуудал ямар шатандаа явж байна вэ?

-Хуулийн төсөл өргөн баригдаж, хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Ингээд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороон дээр ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг хуулийн саналын томъёоллыг боловсруулаад, Эдийн засгийн байнгын хорооны анхны хэлэлцүүлгийг эхлүүлсэн. Гэвч хэлэлцэх явцад АН-ын бүлэг завсарлага авсан. 

-Хуулийн төслийн хүрээнд Монголбанкны хараат бус байдлыг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулахад анхаарч байгаа гэсэн. Энэ талаар тодруулна уу? 

-Төв банкны хуульд орж байгаа нэмэлт, өөрчлөлтөөр орчин үеийн зохистой засаглалын элементүүдийг оруулж өгч байгаа. Юуны өмнө төв банкны мөнгөний бодлогын зорилтыг тодорхой болгож, эрэмбэ дараатай болгож өгч байна. Мөн мөнгөний бодлогын шийдвэр гаргалтыг хамтын удирдлагын зарчимд шилжүүлэх юм. Хуулийн дагуу Мөнгөний бодлогын хороо болон Банкны хяналт, шалгалтын хороог байгуулна. Мөнгөний бодлогын хороо бие даан шийдвэр гаргана. УИХ-аас гишүүд нь томилогдоно. Тийм учраас статус өндөртэйгөөр, хамтын шийдвэр гаргаад явах зохицуулалтад орох юм. 

Мөнгөний бодлогын хороо бие даан шийдвэр гаргана. УИХ-аас гишүүд нь томилогдоно.

Хуулийн үзэл санаа нь төв банкны хяналт шалгалт, зохицуулалт нь эрсдэлд суурилсан буюу аль болох урьдчилсан арга хэмжээ авах зарчим руу шилжиж байгаа.

-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд банкны салбарын өөрчлөлтийн бодлого гэж байсан. Тэгэхээр энэ шаардлагын дагуу хуулиудад өөрчлөлт орж байна гэх шүүмжлэл өрнөж байх шиг байна?   

-ОУВС-ийн хөтөлбөр орж ирэхээс өмнө Монголбанкнаас санхүүгийн системийн эрх зүйн шинэчлэлийн ажлуудыг эхлүүлсэн байсан. Эдгээр хуулиудыг орчин үеийн сайн туршлагад нийцүүлэх, нөгөөтэйгүүр засаж залруулах зүйлс ч нэлээд хуримтлагдсан байсан. Тэгэхээр заавал ОУВС-ийн шаардлагаар хуулийн өөрчлөлтийг хийж байна гэж ойлгож болохгүй. Үүнээс ч өмнө асуудал яригдаж, тодорхой ажил хийгдсэн байсан.

-Төв банкны хуулийн төслөөр Засгийн газар болон төв банкны хоорондын харилцаанд тодорхой ямар нэгэн зааг, хязгаар тавьж өгч байгаа юу?

-Хуульд нэмэгдэж байгаа бас нэг том зохицуулалт нь төв банк төсөвтэй адилтгах үйл ажиллагааг төв банк хийхийг хориглоно.

-Банкны тухай хуульд орж байгаа голлох өөрчлөлт юу байна вэ. Хяналт шалгалтыг урьдчилан сэргийлэх байдлаар хийх, ТУЗ, Гүйцэтгэх удирдлагын шаардлагыг тодорхойлох зэрэг асуудал яригдаж байгаа. Банкуудын зүгээс хуулийн төслийг хэрхэн хүлээн авч байна вэ?

-Банкны тухай хуульд орж байгаа өөрчлөлтүүдийг тоймлоод хэлбэл, холбоотой этгээдүүд гэх ойлголтыг тодотгож өгч байгаа. Мөн хамаарал бүхий этгээдүүд гэх ойлголтыг шинээр оруулж өгч, банкны ТУЗ, Гүйцэтгэх удирдлагын түвшинд тавигдах шаардлагыг олон улсын түвшинд нийцүүлж өгч байна. Түүнчлэн албадлагын арга хэмжээг өөрчилсөн.

Хуулийн үзэл санаа нь төв банкны хяналт шалгалт, зохицуулалт нь эрсдэлд суурилсан буюу аль болох урьдчилсан арга хэмжээ авах зарчим руу шилжиж байгаа. Энэ зарчмын хүрээнд албадлагын арга хэмжээнд өөрчлөлт орж байгаа. Одоогийн байгаа хууль, эрх зүйн орчны хүрээнд бид гүйцэтгэл дээр суурилж, аль хэдийнэ муудчихсан банкинд албадлагын арга хэмжээ авдаг. Тэгвэл шинэ хуулиар банк муудахаас нь өмнө буюу урьдчилан сэргийлэх хүрээнд албадлагын арга хэмжээ авна гэсэн үг. 

Өмнөх хямралын үеэр банкны салбарын хүндрэлийг даван туулахын тулд улсын төсвөөс нэлээд их хөрөнгө дайчилсан

-Хуулийн төслийг боловсруулахад ямар судалгаа, шинжилгээ хийсэн бэ? 

-Хяналт, шалгалтын олон улсын БАЗЕЛ-ын хороо гэж бий. Тэр хорооноос гаргасан зөвлөмж, зарчмууд бий. Үүнд үндэслэж байгаа. Мөн олон улсын чиг хандлага болон сайн туршлагуудад нийцүүлэх зорилгоор хуулийн өөрчлөлтүүдийг хийсэн. Түүнчлэн БАЗЕЛ-ын хорооноос гаргасан БАЗЕЛ-2 хяналт, шалгалтын стандарт руу ойртуулж өгч байгаа. 

-Энэ өөрчлөлтүүд банкны салбарт, төв банкны бодлого, үйл ажиллагаанд ямар өөрчлөлт, шинэчлэлт авчрах вэ. Ямар ач холбогдолтой вэ? 

-Юун түрүүнд бид банкны хяналт, шалгалтын хүрээнд урьдчилан сэргийлэх байдлаар яаралтай арга хэмжээг авна. Өөрөөр хэлбэл, өвчин хүндрэхээс нь өмнө арга хэмжээ авна гэсэн үг. Өмнөх хямралын үеэр банкны салбарын хүндрэлийг даван туулахын тулд улсын төсвөөс нэлээд их хөрөнгө дайчилсан байдаг. Тэгэхээр энэ удаагийн банкны хуулийн хүрээнд хэрвээ дахиж хямрал гарвал татвар төлөгчдийн мөнгийг дайчлахгүйгээр аль болох урьдчилан сэргийлэх үйл ажиллагаагаар зардлыг багасгах. Түүнчлэн хуулийн өөрчлөлтөөр бүтцийн өөрчлөлтийн сан байгуулах асуудал бий. Түүгээр дамжуулж, хүндрэл, хямралыг даван туулах юм. Тэгэхээр татвар төлөгчдийн мөнгийг аль болох дайчлахгүй гэсэн зарчим үйлчлэх юм. 

-Арилжааны банкуудын хувьд охин компани байгуулж, өөр бусад салбар руу орох, улмаар тухайн салбарынхаа бизнесийн орон зайг залгидаг жишиг тогтсон гэх шүүмжлэл бий. Энэ талаар ямар зохицуулалт орж байгаа вэ. Арилжааны банкуудын үйл ажиллагааны цар хүрээг илүү тодотгох талын заалт орж байгаа юу?

-Санхүүгийн системд арилжааны банк болон хөрөнгийн зах зээл гэсэн хоёр чиглэлийн үйл ажиллагаа байдаг. Монгол Улс 2010 онд Банкны тухай хуулийг шинэчлэн найруулахдаа энэ зааг, ялгааг арилгасан байдаг. Тийм учраас 7-8 жилийн дараа эн эзохицуулалтаа болино гэхээр бизнесийн тодорхойгүй байдал үүснэ. Хоёрдугаарт, энэ бол өөрөө маш том бодлогын өөрчлөлт юм. Үүний дунд зааг байх уу, үгүй юу гэдгийг 2010 онд байхгүй болгочихоод, 2017 онд буцаах нь банкны хянан зохицуулагчдын хувьд том эрсдэл юм. Нөгөө талаас банкууд ийм байдлаар ажилласнаар эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж манай бодлого боловсруулагчид үзэж байгаа. Тийм учраас Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 5, 6-р заалтыг хүчингүй болгохоор одоогийн төсөлд тусгаад байна. 

Төв банкны тухай хуулиар төв банкинд санхүүгийн сахилга бат сууна. Хамтын шийдвэр гаргадаг болно

-Ихэвчлэн банкны хуулийн өөрчлөлтүүд эдийн засгийн хүндрэлийн үед хийгдээд, дараагийн 5-10 жилийн ирээдүйг харж хийгдсэн байдаг юм билээ. Тэгэхээр энэ удаагийн хуулийн өөрчлөлт ирээдүйг хэр урт хугацаанд харсан бэ?

-Хямрал хууль эрх зүйн орчин болон системээ засч авах маш том боломжийг олгодог. Энэ боломжийг бид ашиглаад, санхүүгийн системийн эрх зүйн орчныг сайжруулахыг зорьж байгаа. Урагшаа харна гэвэл бид мэдээж аль болох урт хугацааг харахыг зорьж байгаа. Гэхдээ амьдрал баян. Банк, санхүүгийн систем яаж хөгжихөөс хамаарна. Тэгэхээр дараагийн хямрал хүртэл ер нь банк санхүүгийн системийн хууль өөрчлөгддөггүй л дээ. 

-Банкны тухай хууль, төв банкны тухай хуулийн өөрчлөлт иргэдэд яаж мэдрэгдэх вэ?

-Төв банкны тухай хуулиар төв банкинд санхүүгийн сахилга бат сууна. Хамтын шийдвэр гаргадаг болно. Банкны хувьд илүү найдвартай, илүү эрсдэл багатай болно. Тэгэхээр ард иргэд банкны системдээ илүү итгэлтэй болно. 

-Иргэдийн хувьд банк дампуурчих вий гэх болгоомжлол их байдаг. Хууль батлагдсанаар банк илүү хариуцлагатай, найдвартай болно гэж байна. Тэгэхээр хууль батлагдсанаар иргэдийн зүгээс ийм болгоомжлол, ярихгүй гэх баталгааг өгч чадах уу?  

-Банкны тухай хуулиар бид банкны үйл ажиллагааг цогцоор нь харж байгаа. Удирдлагад нь тавих шаардлагыг өндөрсгөж байна. Төв банкны зүгээс хяналт, шалгалтаа сайжруулна.  Энэ бүхний үр дүнд банкны үйл ажиллагаа бүхэлдээ сайжирна. Мөн өөрсдийнхөө эрсдэлийг сайн удирддаг болно. Манай хяналт шалгалт урьдчилан сэргийлэх зарчимд шилжсэнээр банк хүндрэхээс  нь өмнө арга хэмжээ авах боломж бүрдэнэ. Энэ утгаараа банкны систем илүү найдвартай болно. 

-Хуулийн төсөл хэзээ батлагдах бол?

-2018 оны 1-р сардаа багтаад батлагдах болов уу гэх хүлээлттэй байгаа. 

-Ярилцсанд баярлалаа.