Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп хоёр Солонгосын уулзалтыг дэмжив

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Пүрэв гарагт Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нар утсаар ярилцжээ.

Тэдний ярианы гол сэдэв нь хоёр орны хамтарсан цэргийн сургуулилалт, хоёр Солонгосын уулзалт хэлэлцээр байсан гэнэ.

Мүүн Жэ Ин ирэх хоёрдугаар сард болох Пёнчаны Өвлийн Олимпийн наадмыг тохиолдуулан АНУ-Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилалтыг хойшлуулах хүсэлтийг тавьжээ.

“Хойд Солонгосын зүгээс дахин өдөөн хатгалга гараагүй тохиолдолд хамтарсан цэргийн сургуулилалтыг хойшлуулахыг дэмжиж, Пёнчаны олимпийн наадмыг амжилттай зохион байгуулахад туслах”-ыг Мүүн Трампаас хүссэн байна.

Трамп энэ саналыг дэмжиж, Олимпийн наадмын үеэр ямар нэг цэргийн ажиллагаа явуулахгүй байх амлалт өгсөн тухай Хөх ордон мэдээлжээ.

Мүүн Жэ Ин бас Хойд Солонгостой хийх яриа хэлэлцээрийнхээ талаар АНУ-тай байнга зөвлөлдөж байгааг дуулгаад хоёр Солонгосын уулзалт нь Вашингтон-Пёньяны хэлэлцээрийн угтвар нөхцлийг бүрдүүлнэ гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Хоёр Солонгосын уулзалтыг 100 хувь дэмжиж байгаагаа Трамп хариу илэрхийлж, АНУ-ын зүгээс Сөүлд шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлнэ гэж амлажээ.

Өмнөд Солонгосын засгийн газар Хойд Солонгостой ирэх долоо хоногийн Мягмар гарагт хилийн Панмунжом тосгонд уулзалт хийх хүсэлтээ илэрхийлээд байгаа юм. Лхагва гарагт Ким Жон Ун хоёр жил орчим хугацаанд тасарсан хоёр Солонгосын хилийн холбооны шугамыг сэргээх тушаал өгсөн нь Сөүлийн талд найдлага төрүүлээд байна.

 

Эх сурвалж: Korea Times