Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Таканоханаг Японы Сүмогийн Холбооны захирлын суудлаас огцрууллаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Дэвжээний эзэн, сүмогийн экс ёкозуна Таканоханаг Японы Сүмогийн Холбооны захирлын суудлаас өнөөдөр албан ёсоор огцрууллаа.

Түүнийг өнгөрсөн оны аравдугаар сард Тоттори хотод гарсан бөхчүүдийн зодооны хэргийн үеэр хариуцлага алдсан гэж буруутгажээ.

Японы Сүмогийн Холбоо түүхэндээ анх удаа нэг захирлаа огцруулж байгаа нь энэ юм. Токиод болсон Сүмогийн Холбооны зөвлөлийн гишүүдийн хурлаар уг асуудлыг шийджээ.

Зөвлөлийн гишүүдийн хурал нь тус холбооны захирлуудын томилгоо, огцруулах асуудлуудыг шийдэх онцгой эрхтэй юм.

Өнгөрсөн сарын 28-нд Сүмогийн Холбооны захирлуудын хурлаас Таканоханаг шийтгэх санал гарсныг зөвлөлийн хуралд илгээжээ.

Аравдугаар сард болсон хэргийн хохирогч Таканойва нь Таканоханагийн дэвжээний бөх юм. Таканохана нь бас Тотторид болсон орон нутгийн тойргийн барилдааныг зохион байгуулж байжээ.

Хэрэг гарсан өдрийн маргааш нь тэр Сүмогийн Холбоонд мэдээлэлгүй, шууд Тоттори хотын цагдаад хандсан нь асуудлыг хүндрүүлсэн юм. Таканохана нь бас Сүмогийн Холбооноос хэргийг шалгахаар томилогдсон ажлын хэсэгт мэдүүлэг өгөхөөс татгалзаж, Таканойваг ч уулзуулахыг зөвшөөрөхгүй байсан гэдэг.

Зөвлөлийн гишүүд нь нийт долоон хүнээс бүрддэгийн дөрөв нь сүмогоос өөр салбарын хүмүүс байдаг. Тэдний олонхийн саналаар захирлуудын асуудлыг шийддэг юм.

Зөвлөлийн хурлын шийдвэрийг тус зөвлөлийн дарга, парламентийн доод танхимын гишүүн асан Ясуко Икенобо утсаар Таканоханад дуулгасан байна.

Таканохана шийдвэрийг сонсоод “Ойлголоо” гэхээс өөр үг хэлээгүй гэнэ.

Гэхдээ Таканохана ирэх хоёрдугаар сард болох Сүмогийн Холбооны захирлын сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхтэй гэдгийг зөвлөлийн дарга баталжээ.

Мөн өнөөдөр Таканойваг зодсон Харумафүжид Тоттори хотын шүүхээс 500,000 иений ($4,400) торгууль төлүүлэх шийтгэл оноосон байна.

Харумафүжи арваннэгдүгээр сард буруугаа хүлээж, зодог тайлсан юм.

 

Эх сурвалж: Asahi Shimbun