Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

М.Энхболд: Өнгөрсөн 15 сарын хугацаанд эдийн засагт эерэг өөрчлөлт авчирч чадлаа

Б.Цэнд-Аюуш, Үндэсний шуудан
2018 оны 1 сарын 4
Үндэсний шуудан
Зураг зураг

Агаарын бохирдол, утааг бууруулах технологийн шийдлийг харуулсан танилцуулга үзэсгэлэн өчигдөр Төрийн ордонд боллоо. Уг үзэсгэлэнгээр утаа бууруулах техник, технологи болон бүтээгдэхүүнүүдийг танилцуулсан бөгөөд энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Агаарын бохирдол тэр дундаа утааг бууруулахын тулд төр засгийн зүгээс ямар ажил, шийдэл гаргахаар ажиллаж байна вэ?

-Сүүлийн жилүүдэд зөвхөн Улаанбаатар хот гэлтгүй, аймаг орон нутагт утааны асуудал ихээхэн анхаарал татаж байгаа. Энэ асуудлыг шийдэхээр гаргасан шийдвэр, хөрөнгө асар их боловч тодорхой үр дүн мэдэгдэхгүй байна. Утааны хор уршиг иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Энэ талаар УИХ, Засгийн газраас тодорхой шийдвэрүүд гаргах ёстой гэж үзэж байгаа. Тийм учраас УИХ-аас ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг өнөөдөр /өчигдөр/ хоёр дахь удаагаа хуралдлаа.

Маргаашнаас эхлэн долоо хоногийн хугацаанд ажлын хэсгийн гишүүд гэр хороолол, тэнд үйлчилгээ үзүүлж буй аж ахуй нэгжүүд ямар технологи, юу хэрэглэж байгааг харж, газар дээр нь очиж ажиллана.

Ер нь утааны асуудлыг шийдвэрлэхэд хамгийн үр дүнтэй арга нь орон сууцжуулах. Орон сууцжуулж дуусах хүртлээ ямар арга хэмжээ авах талаар тодорхой нэг шийдэлд хүрч, ажилламаар байгаа юм. Нэг Засгийн газар гарч, өмнө нь ярьсан зүйлийг өөрчилж, өөр шинэ ажил эхлүүлдэг явдал нь ийм үр дүнгүй байдалд хүргэж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд 200 тэрбум төгрөг зарцуулсан ч үр дүнд хүрээгүй нь өмнө нь гаргасан шийдвэрүүдийг байнга өөрчилж байсантай холбоотой.

Тиймээс УИХ-аас байгуулсан ажлын хэсэг өмнө нь холбогдох байгууллагуудаас гаргасан шийдвэрүүдийн хэрэгжилт ямар байгааг нэгдсэн байдлаар дүгнэх ёстой. Мөн Засгийн газарт тодорхой чиглэл өгнө. Үүний дагуу Засгийн газар тодорхой шийдлүүдээс хамгийн зөв тохиромжтой, бага зардлаар утааг бууруулж болохыг нь судалж, хэрэгжүүлэх юм. Ингэхдээ төв суурин газрын дунд хугацааны хөгжлийн баримт бичиг зэрэгтэй уялдуулж асуудлыг шийдэх ёстой. Ер нь нийтээрээ нэгдэж, шинэ хууль эрхзүйн орчин бүрдүүлж байж, энэ хүнд байдлын ард гарна гэж ойлгож байгаа.

-Хэрхэн хууль эрхзүйн орчин бүрдүүлэх юм бэ. Асуудлыг шийдэх хуулийн гарцыг та юу гэж харж байгаа вэ?

-Утааг бий болгож байгаа субъектүүд хариуцлага хүлээх болж байгаа. Хариуцлага хүлээ-хэд асуудлаа шийдэх боломж бололцоог төр олгох ёстой. Тухайлбал, УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн саналаар Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийг батлахаас өмнө тус хуулийн төслийг дагуулж өргөн барьсан хуульд агаар цэвэршүүлэх тоног төхөөрөмж, бусад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг гаалийн татвар, НӨАТ-аас чөлөөлөхөөр санал оруулж байгаа.

Бид энэ асуудлыг ойрын хугацаанд хэлэлцэж шийдвэрлэнэ. Мөн тоног төхөөрөмжүүдийг аль болох хямд өртгөөр дотооддоо үйлдвэрлэх талаас ярих хэрэгтэй. Энэ бол шийдэх ёстой наад захын ажлын нэг.

-УИХ-ын гишүүн хэрэгт холбогдлоо гэх мэдээлэл гарах боллоо. УИХ-ын гишүүний хариуцлагыг өндөржүүлэх цаг болсон юм биш үү?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээллүүд дунд үндэслэлтэй ч зүйл байна, үндэслэлгүй зүйл ч байна. Тэр бүгдийг шууд ойлгож болохгүй. Өнөөдрийн байдлаар УИХ-ын даргын хувьд надад хэн нэгэн гишүүний талаар аль нэг байгууллагаас ямар ч бичиг баримт ирээгүй. Харин УИХ-ын үйл ажиллагаа, гишүүдийн ирцийн талаар анхаарал татсан зүйл байгаа.

УИХ-ын гишүүдийг бүлэг, чуулган, байнгын хорооны хурал дээрээ ярьж, хуралдаандаа идэвхтэй сууж, санал санаачилгаа бүрэн дүүрэн илэрхийлэх талаар тодорхой арга хэмжээ авч байгаа. Нааштай өөрчлөлт гарч байна. Өнгөрсөн оны сүүлийн хоёр чуулган цагтаа эхэлсэн, тодорхой асуудлыг шийдсэн. Энэ асуудалд УИХ-ын гишүүн өөрсдөө хариуцлагатай байх ёстой.

-Үндсэн хуулийн өөрчлөлтөд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Өнгөрсөн онд УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нэлээд анхаарал хандуулж ажилласан. Энэ хүрээнд улсын хэмжээнд иргэдийн санал авах, сонсох арга хэмжээ зохион байгуулсан. Мөн зөвлөлдөх санал асуулгыг хотод зохион байгуулж, аймаг сум орон нутгаас ирсэн 700 гаруй хүний саналыг сонссон. Үүнээс үндэслэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах анхны төсөл гаргасан байгаа.

Найм, ес, аравдугаар сард улсын хэмжээнд УИХ-ын Тамгын газраас иргэдийн дунд хэлэлцүүлэг явуулсан. Хэлэлцүүлгээр 327 мянган иргэний 5.6 сая санал ирсэн. Энэ хэлэлцүүлгийн дүнд үндэслэж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ажлын хэсэг төсөл боловсруулсан байгаа. Хуулийн төслөө ойрын хугацаанд УИХ-д өргөн барих бодолтой байна. Холбогдох эрдэм шинжилгээний байгууллага, улс төрийн намуудтай хэсэгчилсэн уулзалт хийж, санал солилцон эрдэм шинжилгээний хурлууд зохион байгуулсан.

-Өнгөрсөн онд эдийн засгийн өсөлт нэмэгдсэн. Энэ жил эдийн засаг өсөж, иргэдийн амьдралын төвшин дээшилсэн жил болж чадах болов уу. Та хэрхэн харж байгаа вэ?

-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар эдийн засгийн өсөлт 5.8 хувьтай гарсан. Валютын нөөц гурван тэрбум ам.доллар болсон. Энэ бол эдийн засагт нааштай ахиц өөрчлөлт гарч байгаагийн илэрхийлэл. Та, бид мэдэж байгаа. Одоогоос 15 сарын өмнө эдийн засаг -1.6 хувийн хүүтэй, валютын нөөц -400 сая ам.доллартай тэнцэх хэмжээтэй байсан.

Энэ хугацаанд УИХ-аас гаргасан шийдвэр, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ ямар ч байсан улс орны эдийн засагт нааштай өөрчлөлт авчирч чадлаа гэж үзэж байгаа. Үүнийг бид тодорхой хугацаанд иргэдийн амьдралд. айл өрхийн гэрт мэдрэгдсэн өөрчлөлт болгох ёстой. Энэ онд нэлээд өөрчлөлт гарах байх гэж урьдчилан харж байгаа.

-Айл бүрт эдийн засгийн үр өгөөжийг хүргэнэ гэлээ. Энэ онд бодитой хэрэгжиж чадах болов уу?

-Эдийн засаг өсөхөд тодорхой хэмжээний ажлын байр нэмэгдэж, бүтээн байгуулалт бий болно. Энэ хүрээнд иргэд ажиллаж, хөдөлмөрлөх нөхцөл бололцоо нэмэгдэж, тэдний орлого өсөх юм.

-Энэ сараас эхлэн татварууд нэмэгдлээ. Үүнд иргэд бухимдалтай байх шиг байна?

-ОУВС-тай бид тохирч хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийн дагуу татвар нэмэх асуудал яригдсан. Гэхдээ өндөр орлоготой, тансаг хэрэглээнд татвар нэмж байгаа. Татварыг олон шатлалтай болгож байгаа л ажил. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр татвар нэмж байгаа, тэр дундаа хувь хүний орлогын албан татвар нэмж байгааг тайлбарлахдаа буруу мэдээлээд байна. 1.5 сая төгрөгөөс дээш орлоготой бол нийтэд нь татвар нэмж байгаа юм шиг тайлбарлаад байна.

Хэрвээ нэг хүн 1.8 сая төгрөгийн цалинтай бол 1.5 сая төгрөгтөө 10 хувийн татвараа төлж, үлдсэн 300 мянган төгрөгтөө 15 хувийн татвар төлөх юм. Үүнийг 1.8 сая төгрөгөөс нийтэд нь 15 хувийн татвар авах юм шиг буруу ойлгоод байна. Ер нь нийт иргэдийн 90 гаруй хувьд нь татварын ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Өндөр орлоготой болон тансаг хэрэглээнд тодорхой хэмжээний татвар нэмэх нь зөв юм.

Зураг