Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол дахь Америкийн Худалдааны Танхим ТУЗ-ийн даргаа томилов

ikon.mn
2018 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Монгол дахь Америкийн Худалдааны Танхимын (АмЧам) Төлөөлөн Удирдах Зөвлөл нь ТУЗ-ийн даргаар Стефен Поттерийг томилсныг мэдэгдэхэд таатай байна.

Тэрбээр АмЧамын ТУЗ-ийн гишүүн байсан бөгөөд өмнө нь Вагнер Ази компанийн захирлаар ажиллаж байсан. Стив өдгөө Taskonir Trading компанийн гүйцэтгэх захирал юм.

Стив нь Caterpillar and Caterpillar компанийн машин, техник, тоног төхөөрөмжийн худалдаа эрхэлдэг олон улсын дилер компаниудад 40 гаруй жил ажиллаж, 15 жилийн турш байгууллагын менежмент, удирдлагын албан тушаалыг хашиж байсан туршлагатай. Тэрбээр Индонезийн PT Trakindo Utama компанийн Ерөнхий менежерээр ажиллаж байсан бөгөөд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Жижиг дунд үйлдвэрлэгчдэд зөвлөгөө өгөх хэлтсийн зөвлөх байв.

Стив нь бизнесийн тогтолцоо, үйл явцыг сайтар мэддэг, арвин их туршлагатай, уул уурхайн үйлдвэрлэл тэр дундаа уул уурхайн тоног төхөөрөмжийн жижиглэнгийн худалдаа, санхүүжилт, борлуулалтын дараах үйлчилгээ зэрэг асуудлаар мэргэшсэн нэгэн. Стив Эдинбургийн Их сургуулийн Шотландын Бизнесийн сургуулийн мастер, Английн Кильийн Их сургуулийн эдийн засгийн бакалаврын зэрэгтэй.

Шинэ албан тушаалд томилогдсонтой холбогдуулан Стив Поттер:

“АмЧамын ТУЗ-ийн даргын албан тушаалд томилогдсон нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. АмЧамын нэр төр, үйл ажиллагааг өдий зэрэгт хүргэж, Монголын томоохон бизнес байгууллагуудын нэг болгох гэж чамгүй их хөдөлмөрлөж, тууштай бөгөөд нарийн арга барилаар удирдан чиглүүлж ирсэн хуучин даргад талархаж байна. Цаашид ил тод, бодит стратеги баримталж, энэхүү нэр хүндийг улам бүр ахиулж, Монголын бизнесийн орчинд эерэг өөрчлөлт бий болгохын төлөө чармайн ажиллана” хэмээн хэлэв.

Ажлаа өгч буй АмЧамын ТУЗ-ийн дарга Жэймс Лиотта хэлэхдээ:

“Стив бизнесийн орчин, уул уурхайн салбарын талаар өргөн цар хүрээний мэдлэгтэй. Тэрбээр хөрөнгө оруулалтыг татах, аливаа ажлыг бизнесийн ур ухаанаар удирдан чиглүүлэх чадвартай нэгэн. Иймд түүний ур чадвар АмЧамын гишүүдэд ихээхэн эерэг өөрчлөлт авчирна гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн онцолсон юм.

АмЧам Монголын тухай


АмЧам Монгол нь АНУ-Монгол Улсын хооронд бизнесийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, эрх ашгийг хамгаалах, Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд  татах чиглэлд ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

АмЧам Монгол нь гурван сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ѐсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.