Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

ШАТАХУУНЫ ҮНЭ хэрхэн тогтохыг Засаг шийднэ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 1 сарын 3
iKon.MN

Монгол Улс жилд дунджаар нэг сая тонн автобензин, дизелийн түлш импортолдог. Шатахуун бол манай улсын гадаад зах зээлээс хамгийн хараат, стратегийн салбар билээ. Шатахууны үнийг дагаж өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ өсдөг учир үнийг тогтвортой байлгах нь Засгийн газрын ч, иргэдийн ч сонирхол байдаг.

Анзаарсан бол сүүлийн жилүүдэд шатахууны үнэ харьцангуй тогтвортой байлаа. Гэхдээ ирээдүйд юу болох вэ? гэсэн асуулт илүү чухал.

Бид шатахууны үнийг юу бүрдүүлдэг вэ, 2011 оноос хойш шатахууны үнэ өсөөгүй нь ямар учиртай вэ, цаашид үнэ нь тогтвортой байхын тулд төрөөс ямар бодлого шаардлагатай вэ гэсэн асуултуудад хариулахыг зорьж дараах нийтлэлийг бэлтгэлээ.

НЭГ. ШАТАХУУНЫ ҮНЭ ХЭРХЭН БҮРДДЭГ ВЭ?
 

 

ХОЁР. ӨНГӨРСӨН ХУГАЦААНД ШАТАХУУНЫ ҮНЭ ЯАГААД ТОГТВОРТОЙ БАЙСАН БЭ?

Энэ талаар шатахуун импортлогчдыг төлөөлөн “Петровис” компанийн Гадаад худалдааны хэлтсийн дарга О.Билгүүнээс тодрууллаа. Тэрбээр “ОХУ-ын Роснефть компаниас дизель түлшийг Монголын компаниуд 1 тонныг нь 616 ам.доллар, бензинийг 670 ам.доллараар худалдан авч байна. 2015 оноос хойш цаанаас авч буй шатахууны үнэ өсч байгаа. Гэхдээ өнгөрсөн хугацаанд шатахууны үнэ өсөөгүй нь дараах шалтгаантай.

2014 онд Санктпетербургт болсон форумын үеэр бид Роснефтьтэй таван жилийн хугацаатай маш ашигтай гэрээ зурсан. Энэ гэрээний гол ач холбогдол нь Оросууд монополь байдлаа ашиглан үнээ дураараа нэмэхийг хязгаарлаж чадсан. Ингэснээр Монголын компаниуд дэлхийн зах зээлд байгаа ханшаар шатахуунаа бодож авдаг болсон байгаа.

Нөгөө талаас манай Засгийн газраас шатахуун импортолдог компаниудын гэрээ, зардлыг маш нарийн хянадаг. Тиймээс шатахууны үнийг компаниуд дураараа өөрчлөх ямар ч боломж байдаггүй.

Мөн сүүлийн 2-3 жил Засгийн газрын бодлогоор үнийн зөрүүг татвараар зохицуулж ирсэн. Тухайлбал үнэ хямд байхад нь онцгой татвараар зөрүүг нь Засгийн газар авч, үнэ өсөхөөр онцгой татварын хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээ авч ирсэн. Тиймээс хэрэглэгчид үнийг өсөлтөд өртөөгүй” хэмээн тайлбарлав.

Тоо баримтаас харахад сүүлийн жилүүдэд Монгол төгрөгийн ханш 40 орчим хувиар суларч, дэлхийн зах зээлийн үнэ өөрчлөгдөж ирсэн ч шатахууны компаниуд үнээ нэмээгүй нь татварын бодлоготой холбоотой байжээ.

Тухайлбал, 2017 оны нэгдүгээр сард Засгийн газрын тогтоолоор

  • Автобензинд ногдуулах онцгой албан татварыг 160,000 төгрөгөөс 50,000 төгрөг болгож, /90-ээс дээш октантайг 160,000 төгрөгөөс 30,000 төгрөг/,
  • Дизелийн түлшинд ногдох татвар 180,000 төгрөг байсныг 70,000 төгрөг болгон бууруулж тогтоосон. Ингэснээр улсын төсвийн орлого 110 орчим тэрбум төгрөгөөр буурсан ч, шатахууны үнийн өсөлтийг саармагжуулах бодлого амжилттай хэрэгжив.
ГУРАВ. ЦААШИД ЮУ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА ВЭ?
 
Гэрэл зургийг MPA.mn

Цаашид шатахууны үнэ өсч магадгүй хоёр эрсдэл үүсчээ. Засгийн газраас ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаа 2017 оны хавар зарласан. Энэ үеэр шатахууны онцгой албан татварыг 2017 оны 12 дугаар сарын 1-нээс нэмэхээ зарлаж байлаа. Тэгвэл өнгөрсөн сард

  • Дизель түлшний онцгой албан татвар 1 тонндоо 180,000 төгрөгөөс нэмэгдэж 280,000 төгрөг
  • Бензин /92/-ий онцгой албан татвар 1 тонндоо 160,000 төгрөгөөс нэмэгдэж 210,000 төгрөг болжээ.

2018 оны төсвийн төсөлд тусгаснаар “Энэ онд эдийн засаг сэргэж, уул уурхайн салбар идэвхжиж, түүнийг дагасан бусад салбарын үйл ажиллагаа өссөнтэй холбогдуулан Монгол Улс 2017 оны эхний 9 сарын байдлаар нийт 1.0 сая орчим тонн шатахуун импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 59 хувиар буюу 369.7 мянган тонноор нэмэгдсэн байна. Энэхүү нэмэгдлийн дийлэнх хэсгийг дизелийн түлш эзэлж байгаа болно. Ирэх онд ДНБ-ний өсөлт болон уул уурхайн бүтээгдэхүүний экспортын биет хэмжээ зэргийг харгалзан автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын орлогоор нийт 295.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлнэ гэж тооцлоо” гэжээ. Энэ нь онцгой албан татвараар төвлөрүүлэх орлогын 50 орчим хувийг эзэлж байна.

Өнгөрсөн хугацаанд татварын дараах цэвэр ашиг нь хоёр хувьтай явж ирсэн шатахуун импортлогчид онцгой албан татварын нэмэгдлээс үүдэж алдагдалтай ажиллаж эхэлсэн тул үнээ нэмэх шаардлага үүсчээ.

Тэд оны өмнө Ерөнхий сайдад “Шатахууны гадаад үнэ тогтворгүй, нийлүүлэлтийн хэмжээ буурсан, ачилт удааширч тасалдсан энэ цаг үед Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын валютын сантай хамтран өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2017 оны 07 болон 11 саруудад Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг нэмэгдүүлэн тогтоосон нь газрын тосны бүтээгдэхүүн импортлогч компаниудад хүндрэл үүсгэж, алдагдалтай ажиллаж байгаа нь нэн даруй шийдвэрлэх шаардлагатай асуудал болоод байна.

Иймд нөхцөл байдлыг судлан үзэж, хамтарсан зөвлөлийг яаралтай хуралдуулж газрын тосны бүтээгдэхүүн импортлогч компаниудад үүсээд буй дээрх хүндрэлтэй асуудлыг нэн даруй шийдвэрлүүлэх талаар анхааран ажиллахыг хүсье” хэмээх албан бичиг хүргэж байсан юм. Удаан хугацаанд алдагдалтай ажиллаж ирсэн шатахуун түгээх станцууд он гарахад жижиглэнгийн үнээ нэмээд эхэллээ. Харин Петровис болон томоохон компаниуд одоог хүртэл үнээ барьсаар байгаа юм. Тэд хэдийгээр алдагдалтай ажиллаж байгаа ч Засгийн газартай зөвшилцөлд хүрэхийг хүлээж байгаа аж.

Нөгөө талаас төгрөгийн ханшийн савлагаа хамгийн эрсдэлтэй хүчин зүйлсийн нэг хэвээрээ байх болно.

Засгийн газраас татвар нэмэх бодлого хэрэгжүүлж эхэлсэн тул өнгөрсөн хугацаанд ашиглаж ирсэн үнэ тогтворжуулалтын бодлого алдагджээ. Хэрэв үнэ нэмүүлэхгүй гэж үзвэл онцгой албан татварыг нэмэхээ эргэж харах шаардлагатай гэсэн үг.

Тиймээс эрх баригчдад татвараа эргэж харах, эсвэл төсвийн орлогыг шатахууны үнээр дамжуулан иргэдийн халааснаас бүрдүүлэх хоёрын НЭГИЙГ НЬ СОНГОХ л үлджээ.