Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр Солонгосын уулзалтыг АНУ үл тоов

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын НҮБ дахь элч Никки Хэйли хоёр Солонгосын уулзалт хэлэлцээр хийх санаачилгыг “шархны наалт” төдий, ач холбогдолгүй алхам гээд цөмийн зэвсэгтэй Хойд Солонгосыг Вашингтон хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэж анхааруулжээ.

Өчигдөр буюу Мягмар гарагт тэр Сөүлээс Пёньянд тавьсан уулзалтын саналын талаар сэтгүүлчдийн асуусан асуултад “Хэрвээ Хойд Солонгосын цөмийн бүх зэвсгийг хориглохгүй л юм бол бид ямар ч уулзалт хэлэлцээрийг чухалд тооцохгүй” гэж хариулсан байна.

“Бид тэднийг харгис бурангуй дэглэм гэж үздэг. Бидэнд “шархны наалт” маягийн арга хэмжээ, инээмсэглэж, гар барилцсан зураг хэрэггүй. Цөмийн зэвсэгтэй Хойд Солонгосыг бид хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” гэж Хэйли ярьжээ.

Шинэ оны мэндчилгээндээ Ким Жон Ун ширээн дээр нь цөмийн зэвсгийн товчлуур үргэлж бэлэн байгааг сануулж, АНУ-ын газар нутгийг бүхэлд нь хараандаа авсныг мэдэгдсэн юм.

Харин тэр Өмнөд Солонгост илүү таатай үгс хэлсэн нь Сөүл-Вашингтоны хэлхээ холбоог сулруулах гэсэн бодлого гэж ажиглагчид дүгнэж байна.

Сөүлийн албаныхан өчигдөр Пёньянд дээд хэмжээний уулзалт хийх саналаа тавьсан юм. Уулзалтыг хилийн Панмунжом тосгонд нэгдүгээр сарын 9-нд хийхээр товложээ.

Хойд Солонгосын тал энэ саналд ямар хариу өгөх нь тодорхойгүй байна.

 

Эх сурвалж: AFP