Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Уны шинэ хэв маяг судлаачдын анхаарлыг татаж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Шинэ оны эхний өглөө Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун төрийн мэдээллийн сувгаар уламжлалт мэндчилгээгээ дэвшүүлсэн билээ. Тэрээр хэлсэн үгэндээ ширээн дээр нь цөмийн зэвсгийн товч үргэлж бэлэн байгааг АНУ-д анхааруулж, Өмнөд Солонгостой хэлэлцээр хийхэд бэлэн байгаа, Пёнчаны Олимпийн наадамд тамирчдаа илгээх гэж байгаагаа мэдэгдсэн юм.

Кимийн харьцангуй зөөлөн өнгө аястай үгсээс гадна барууны хэв маягтай хувцаслалт нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Тэр үргэлж өмсдөг Мао хэв маягийн хослолоосоо салж, саарал өнгийн орчин үеийн загвартай хослол, эвэр хүрээтэй нүдний шилээр гангарсан нь Хойд Солонгосын дэглэм 2018 онд гадаад харилцаандаа эргэлт гаргах нь гэсэн найдлага төрүүлж байгаа юм.

Ажиглагчид Ким Жон Уны шинэ хэв маягаас түүний дэлхий дахинд өгөх гэсэн дохиог тайлж уншихыг хичээж байна.

 

“Ким Жон Ун өвөө, аав нарынхаа загвараас салж, барууны хэв маягтай саарал хослол өмсөж, эвэр хүрээтэй нүдний шил зүүсэн нь түүний өөртөө итгэлтэй, тайван болсныг харуулж байна. Тэр нөхцөл байдлыг хяналтдаа авсан харагдаж байна” хэмээн Сөүлийн их сургуулийн Хойд Солонгос судлалын профессор Юн Мү Жин тайлбарлажээ.

Пусаны Үндэсний их сургуулийн профессор Роберт Кэлли дарангуйлагч Ким Жон Уныг “Армани өмссөн банкир”-тай илүү адилхан харагдаж байгааг хэлсэн байна.

Тэр Нью Йорк Таймс сонинд ярихдаа “Ким Жон Ун Хойд Солонгосыг илүү орчин үеийн улс болсон мэтээр харуулах гэж хичээж байж магадгүй. Түүний эцгийн Мао маягийн хослол 21 дүгээр зуунд инээдтэй харагдах нь мэдээж” гэжээ.

Өмнөд Солонгосын төрийн өмчит Солонгосын Үндэсний Нэгдлийн Хүрээлэн Пёньяныг гадаад имиж төрхөө өөрчлөхөд томоохон дэвшил гаргалаа гэж дүгнэсэн байна.

Ким Жон Уны өөрчлөлт үр дүнгээ өгсөн эсэхийг хэлэхэд эрт байгаа ч өчигдөр Өмнөд Солонгосын засгийн газар хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт хийх саналыг Пёньянд тавиад байгаа билээ.

 

Эх сурвалж: AFP