Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

Нээлттэй засгийн түншлэлийн дэмжлэг үзүүлэх дэд хорооны мэргэжилтнүүд манай улсад ирж ажиллахаар тохиролцжээ

ikon.mn
2018 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Даажамба тэргүүтэй төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл өнгөрсөн сард Индонез Улсын Жакарта хотноо Индонез Улсын Засгийн газар болон Олон улсын нээлттэй засгийн түншлэл байгууллагаас хамтран зохион байгуулсан “Нээлттэй засгийн түншлэл, Ази, Номхон далайн манлайлагчдын форум”-д оролцлоо.

Форумд Ази, номхон далайн улс орнуудын төр, засгийн тэргүүнүүд болон иргэний нийгмийн байгууллага, олон улсын хөгжлийн түнш байгууллагын 700 гаруй манлайлагч нар оролцлоо.

Бүс нутгийн форум уулзалтыг нээж Индонез Улсын дэд Ерөнхийлөгч Еүсүв Калла, “Төр засаг нь иргэдээ мэдээллээр хангаж, тэдний оролцоо, хүсэл эрмэлзлэлийг дэмжсэнээр улс орны цогц хөгжил бүрдэх болно. Энэ удаагийн форум уулзалт нь гишүүн орнууд туршлага хуваалцаж, мэдлэг цуглуулах замаар бүс нутагт олон талт оролцоог хангасан засаглалыг бэхжүүлэх шинэ зорилго, зорилтуудыг нээхэд оршино” гэлээ. 

ЗГХЭГ-ын дэд дарга Б.Даажамба тус форумын Сайд нарын дугуй ширээний уулзалтад Монгол Улс дахь авлигын эсрэг үйл ажиллагаа, Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр, олборлох салбарын ил тод байдлыг хангах асуудлаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, туршлага, амжилтын талаар мэдээлэл хийлээ.

Форумын үеэр НЗТ-ийн Дэмжлэг үзүүлэх дэд хороо, НЗТ-ийн удирдах хорооны төлөөллүүдтэй хоёр талт уулзалт зохион байгууллаа. Эдгээр байгууллагын зүгээс Монгол Улсын Нээлттэй засгийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй хүчин чармайлт, гаргасан амжилт, тулгарч буй бэрхшээлүүдийг даван туулах болон дэмжлэг үзүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллах боломжуудыг ярилцлаа.

Нээлттэй засгийн түншлэлийг түгээн дэлгэрүүлэх, үйл ажиллагааны төлөвлөгөөний олон талт оролцоог нэмэгдүүлэх, зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий "Oлон талт хандивын сан" энэ оноос гишүүн орнуудад дэмжлэг үзүүлж эхлэх бөгөөд энэ хүрээнд НЗТ-ийн Дэмжлэг үзүүлэх дэд хорооны мэргэжилтнүүд 2018 оны гуравдугаар сард манай улсад ирж ажиллахаар харилцан тохиролцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.