Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/01-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Ун: Цөмийн зэвсгийн товч миний ширээн дээр үргэлж байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр өглөө орон нутгийн цагаар 09:00 цагт Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун шинэ оны мэндчилгээ дэвшүүлжээ.

Тэр энэ мэндчилгээндээ Вашингтонд хатуу анхааруулга өгч, 2018 онд цөмийн зэвсэг, баллистик пуужинг олноор үйлдвэрлэж, дайны бэлэн байдалд шилжүүлэхээ амласан байна. Гэхдээ энэ бүх зэвсэглэл нь зөвхөн улс орныхоо аюулгүй байдлыг хангахад зориулагдана гэжээ.

Ким Жон Ун “АНУ бүхэлдээ манай цөмийн зэвсгийн хараанд багтаж, товч нь миний ширээн дээр үргэлж байрлаж байгаа. Энэ бол сүрдүүлэг биш, бодит байдал” хэмээн хэлжээ.

Төрийн эрхийг авснаас хойш зургаа дахь удаагаа шинэ оны мэндчилгээ хүргэхдээ тэр саарал өнгийн хослол өмсөж, зангиа зүүсэн байв. Өнгөрсөн оны шинэ жилээр Ким Хойд Солонгос тив алгасах баллистик пуужин бүтээхээр ажиллаж байгааг зарлаж байлаа.

Гэхдээ тэр энэ удаа Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаах, Өмнөд Солонгостой харилцаагаа сайжруулах боломжийн талаар дурдаж, яриа хэлэлцээр хийх зам нээлттэй байгааг дуулгажээ.

Ким Жон Ун Пёнчаны өвлийн олимпийн наадамд төлөөлөгчдөө илгээхээ бас амласан байна. “Өвлийн Олимпийн наадамд Хойд Солонгос улс оролцох нь манай ард түмний эв нэгдлийн илэрхийлэл байх болно. Бид наадамд амжилт хүсэж байна. Хоёр Солонгосын албаныхан энэ талаар яаралтай уулзаж хэлэлцэх байх” гэж тэр хэлсэн үгэндээ дурдсан юм.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин Хойд Солонгосын төлөөлөгчдийг Пёнчанд ирүүлэхийн тулд АНУ-тай хийх цэргийн хамтарсан сургуулилалтаа хойшлуулах талаар мэдэгдээд байгаа.

Олон тооны пуужингийн туршилт, цөмийн зэвсгийн туршилт явуулж, Вашингтонтой хэл амаар ширүүн дайтсан 2017 оны төгсгөлд хэлж байгаа үг гэдгээрээ Ким Жон Уны мэндчилгээ чухал ач холбогдолтой байв. Тэр бас улс орныхоо эдийн засгийн ололт амжилтын талаар, иргэдийн амьдралын стандартыг сайжруулах нь чухал байгааг хэлсэн үгэндээ дурджээ.

 

Эх сурвалж: Reuters