Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/01-НД НИЙТЛЭГДСЭН

Иранчууд засгийн газартаа эсэргүүцэл илэрхийлж шинэ оныг угтлаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Пүрэв гарагт олон мянган Ираны иргэн авлигажсан засгийн газар, ядуу эдийн засгаа шүүмжлэн жагсаж эхэлсэн байна.

Эсэргүүцлийн ажиллагаанд оролцогсдын тоо тодорхойгүй байгаа ч Ираны сүүлийн жилүүдийн түүхэнд тохиолдож байгаагүй үйл явдал болж байгаа ажээ.

Жагсагчид цагдаа нартай мөргөлдсөний улмаас 50 гаруй хүнийг баривчилж, хоёр хүн амиа алдсан байна. 

Өчигдөр буюу Ням гарагийн өглөө Ираны эрх баригчид Инстаграм, Телеграм сүлжээнүүдийг түр хугацаагаар хаажээ. Мөн өчигдөр эсэргүүцлийн жагсаалд оролцон эд хөрөнгө сүйтгэж, хууль бус үйлдэл гаргагчид хариуцлага хүлээнэ гэдгийг албаныхан сонин хэвлэлээр анхааруулсан байна.

Тэмцэл Ираны Тегеран, Машхад, Исфахан, Керманшах, Рашт, Ком, Сари, Хамедан зэрэг олон хотод дөрөв дэх өдрөө үргэлжилж байгаа юм. Хамгийн анх Ираны хоёр дахь том хот Машхадад ерөнхийлөгч Хассан Руханиг шүүмжилсэн үг цуглаанд хэлснээр тэмцэл эхэлжээ.

Тэмцэгчдийн зарим нь “дарангуйлагчид үхэл” хэмээн уриалж байсан нь тус улсын шашны тэргүүн Али Хамейниг хэлж байгаа юм. Иран улс бол исламын хатуу хуультай орон тул шашны тэргүүн нь нэгдүгээр хүнд тооцогдож, түүнийг эсэргүүцэх, шүүмжлэхийг хатуу хориглодог.

Иранчуудыг бухимдуулж, тэмцэл хийхэд хүргэсэн хэд хэдэн шалтгаан бий гэж ажиглагчид үзэж байна. Иранд ажилгүйдэл 12.4 хувьтай байгаагийн ихэнх нь шинээр их сургууль төгсөгчид байгаа юм.

Ажил олсон хэсэг нь ч амьдралдаа хангалтгүй цалин хангамж авдгийг орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байв. Үүнд гадаад орнуудын тавьсан эдийн засгийн хориг нөлөөлж байгаа. Хэдийгээр цөмийн хэлэлцээр байгуулсны дүнд НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл, Герман улс хоригоо цуцалсан ч АНУ тэргүүтэй зарим орнуудын хориг хэвээр үйлчилж байна.

Мөн Тегераны эрх баригчид Сири, Ливаны улс төрд нөлөөлөхийн тулд асар их хөрөнгө зарцуулж, дотоодын асуудлаа хойш тавьсан нь асуудлыг хурцатгаж байгаа юм.

Үүнээс гадна Ойрх Дорнодод хамгийн өндөр боловсролтойд тооцогддог Иран эмэгтэйчүүд хэдийгээр улс орныхоо эдийн засгийн гол хөдөлгөгч хүч боловч шашны бурангуй үзлийн улмаас байнгын дарамт шахалтад амьдардаг нь иргэдийн бухимдлыг өдөөж байгаа гэнэ.

Ираны албан ёсны хэвлэлүүд тэмцлийн талаар мэдээлэхгүй байгаа бол тус улсын 80 сая хүн амын бараг талыг хамардаг Телеграм сүлжээ эхэн үедээ мэдээлэл солилцоход гол үүрэг гүйцэтгэж байв.

Телеграм сүлжээ одоогоор хаагдаад байгаа ч Иранчууд твиттер сүлжээнд мэдээлэл тараасаар байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсандаа Ираны нөхцөл байдалд санаа зовж байгаагаа илэрхийлжээ. Тэр “Дарангуйлагч дэглэм мөнхөд оршиж чаддаггүй. Ираны иргэд сонголтоо хийх өдөр хэзээ нэг цагт ирнэ. Дэлхий даяар тэднийг харж байна!” хэмээн оны сүүлчийн өдөр бичсэн юм.

Ираны засгийн газар Трампын мэдэгдлийг буруутгаж, улс орных нь дотоод хэрэгт оролцох гэсэн явдал гэж нэрлэжээ. Тэмцэл эхэлснээс хойш анх удаа олон нийтэд хандаж үг хэлэхдээ өчигдөр Ираны ерөнхийлөгч Рухани АНУ-ын ерөнхийлөгчийн мэдэгдлийг шүүмжилж, “тэр хэдхэн сарын өмнө Иранчуудыг террористууд гэж нэрлэж байснаа мартсан бололтой” гэж хэлсэн байна.

Хассан Рухани энэ үеэр Иранчууд эсэргүүцлээ илэрхийлэх эрхтэй ч энэ нь нийгмийн амгалан тайван байдлыг алдагдуулах ёсгүйг анхааруулжээ.

 

Эх сурвалж: Quartz