Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ё.Баатарбилэг: Утааны асуудлаар ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАХ саналыг бид ярилцана

Т.Саран, iKon.mn
2017 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Агаарын бохирдлын асуудлаар байгуулагдсан ажлын хэсэг анхны хуралдаанаа хийлээ. 

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны дараа УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Ажлын хэсэг байгуулсан.

УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар байгуулагдсан тус ажлын хэсэг УИХ болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гаргасан тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэгтэй ажиллана. 

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг "Өнөөдрийн чуулганы хуралдаанаар утааны асуудал голлон хөндөгдсөн. Үүний дагуу УИХ-ын дарга М.Энхболд даргын зөвлөлийг хуралдуулахаар болсон. 

Даргын зөвлөлийн хурлаар утаа, агаарын бохирдлын асуудлаар УИХ-ын ажлын хэсэг байгуулсан. Миний бие болон 12 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдлаа.

 

Ажлын хэсгийг миний бие ахлах бөгөөд бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Болд, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, М.Оюунчимэг, Л.Оюун-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Н.Цэрэнбат, Ө.Энхтүвшин, Л.Элдэв-Очир нар багтаж байгаа. 

Ажлын хэсгийн хуралдаанаар агаарын бохирдлын асуудлаар Засгийн газар, нийслэлээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар бодитой тоо баримттай мэдээллүүдийг ажлын хэсгийнхэнд өгүүлье.

Утааны асуудлаар Засгийн газраас ойрын хугацаанд маш тодорхой, шийдэмгий арга хэмжээ авах шаардлагатай. Үүнд УИХ-ын зүгээс дэмжлэг хүсч байна. Ямар ч байсан ажлын хэсэг өнөөдрөөс ингээд ажлаад эхэлж байна. Ерөнхийлөгчийн ирүүлсэн утааны асуудлаар онц байдал зарлах саналыг мөн бид ярилцана" гэлээ. 

2017 онд нийт 113 уурын зуухыг цахилгаан зуухаар сольсон

БОАЖЯ, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа "Агаарын бохирдлыг бууруулахад цогц арга хэмжээ шаардлагатай. Тухайлбал утаа гаргадаг эх үүсвэрүүдийг бууруулах нь чухал. 

Эхний ээлжинд төрийн мэдлийн дунд оврын уурын зуухнуудыг багасгаж, өөрчлөхөд анхаарлаа хандуулж байна. Жишээлбэл 2017 онд нийт 113 уурын зуухыг цахилгаан зуухаар сольсон. Одоо 68 зуухны асуудал шийдвэрлэгдээд үйл ажиллагаа нь хэрэгжээд явж байна. 

Иргэдийг орон сууцжуулах асуудалд мөн төр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тэгэхдээ цаашдаа гэр хорооллын айл өрхүүдийг шилжүүлэн суурьшуулахдаа газрыг нь өөр байдал руу шилжүүлэх асуудалтай нягт холбож өгөөгүйгээс хэдийгээр орон сууц тодорхой хэмжээнд баригдсан ч гэсэн энэ асуудал шийдэгдэхгүй байгаа" гэв. 

Өмнө нь гаргаж байсан шийдвэрүүдийн хэрэгжилттэй танилцана

 
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан "2017 оны нэгдүгээр сарын 10-нд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, агаарын бохирдолтой тэмцэх үүрэг бүхий бүх төрийн болон төрийн бус байгууллагынхан хуралдаад зөвлөмж гаргасан байгаа. НИТХ-аар богино хугацаанд шуурхай хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнүүдийг баталсан.

Мөн Засгийн газар агаарын бохирдлын асуудлаар ямар ч бодлогогүй өнөөдрийг хүртэл явсан, хөрөнгө мөнгө их гарсан гэх шүүмжлэлтэй холбоотой асуудлыг ярьсан. Үүнтэй холбоотойгоор "Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр"-ийг баталсан. Өнөөдрийн энэ ажлын хэсэг өмнө нь гаргаж байсан утааны асуудлаарх шийдвэрүүдийн хэрэгжилттэй танилцана" гэлээ.