Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

М.Энхболд: Утааны асуудлаар УИХ-ын ажлын хэсэг байгуулна

Т.Саран, iKon.mn
2017 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүд үг хэллээ. 

УИХ-ын гишүүдийн ихэнх нь утааны асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх ёстой гэсэн байр суурьтай байлаа. 

УИХ-ын дарга М.Энхболд "Утаа анхаарал татсан асуудал болоод байна. Утааны асуудалд МАН, АН гээд байх зүйл байхгүй. Сүүлийн 3, 4 хоногийн дотор иргэдээс утаатай холбоотой асар их дуудлага ирж байна.

Иргэдийн бухимдах нь аргагүй. Амьсгалын замын болон бусад өвчнүүд ихсэж байна. 

Чуулганы хуралдааны дараа даргын зөвлөлийг хуралдуулж, утааны талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг дүгнэж, цаашид авч хэрэгжүүлэх шийдлийг боловсруулах УИХ-ын даргын захирамжаар Их Хурлын ажлын хэсэг байгуулна. Үүний дараа утааны асуудлаар УИХ-ыг хуралдуулах саналтай байна" гэв. 

 Хүн амын эрүүл мэнд, удмын сангаас илүү чухал зүйл байхгүй

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Ер нь утааны асуудал зөвхөн Улаанбаатарын асуудал биш болчихлоо. Утаа жирэмсэн эхчүүдийн хувьд хамгийн том асуудал болоод байна.

Хүн амын эрүүл мэнд, удмын сангаас илүү чухал зүйл гэж байхгүй.

Зөвхөн утаа руу чиглэсэн шийдвэр гаргах тал дээр шийдвэр гаргагчид ажилламаар байна" гэлээ. 

Утааг хэлэлцэж даруй шийдэх нь зөв

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "Өнөөдөр өглөөний сэдэв утаа, банк хоёр байна.

Утааны асуудлыг цагаан сарын дараагаас гайгүй болчихоор орхиж болохгүй гэдгийг гишүүд хэлээд байна. Үүнтэй ч би санал нэг байна.

Утааг хэлэлцэж даруй шийдэх нь зөв" гэсэн юм. 

Утааг ярихаа болиод, шийдэх нь чухал байгааг үүрэгдсэн гэж ойлгож байна

 

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир "Өчигдөр Засгийн газар хуралдсан. Хуралдаанаар утааг ярихаа болиод, шийдэх нь чухал байна гэж яамдуудын сайд нарт үүрэг болгосон гэж ойлгоод байгаа. Удахгүй үүнийг шийдэх байх гэж найдаж байна" гэв.