Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Оросоос хөөргөсөн Анголын анхны хиймэл дагуул дэлхийтэй холбоо тасарлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Байконур дахь ОХУ-ын сансрын буудлаас хөөрсөн Анголын анхны харилцаа холбооны хиймэл дагуул дэлхийтэй холбоо тасарсан болохыг хиймэл дагуулын үйлдвэрлэгч өчигдөр мэдээлжээ.

Өнгөрсөн сард алс дорнодын шинэ буудлаас Оросын хөөргөсөн цаг уурын хиймэл дагуул мөн ингэж холбоо тасарсан юм. Ангосат-1 хиймэл дагуулыг Оросын Энергия компани үйлдвэрлэсэн ажээ.

Тус компанийн мэдээлснээр Анголын хиймэл дагуул тойрог замд орж, дэлхийтэй холбоо тогтоосон боловч удалгүй мэдээлэл дамжуулахаа больсон байна. Энергия компани учир шалтгааныг олохоор ажиллаж байгаа гэжээ.

Африкийн Ангол улс 2009 онд ОХУ-тай сансар судлалын салбарт хамтран ажиллахаар болж, $280 саяын төсөл эхлүүлсэн юм. Уг төслийн хүрээнд хөөргөсөн Ангосат-1 хиймэл дагуул нь 15 жилийн хугацаанд тойрог замд ажиллаж, холбоо харилцаа, интернэт, радио телевизийн үйлчилгээ үзүүлэх ёстой байв.

Мөн Анголын нийслэл Луанда хотын ойролцоо сансрын буудал, дэд бүтэц байгуулж, 50 орчим мэргэжилтнийг сургаж бэлдэхээр төлөвлөжээ. Энергия компанийн удирдлага Анголын хиймэл дагуулыг “булшлахад” хэтэрхий эрт байна гэж үзэн холбоог сэргээхээр ажиллаж байна.

ОХУ-д үйлдвэрлэсэн Америк, Казахстаны хиймэл дагуулууд өмнө нь мөн ингэж холбоо тасарч байжээ.

 

Эх сурвалж: AFP