Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Данийн зоопарк тэжээвэр амьтдаа арслангийн хоол болгох боломж олгож эхэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Дани улсын хоёр зоопарк нас өндөр болсон гэрийн тэжээвэр амьтдаа арслангийн хоол болгох боломжийг хүмүүст олгож эхэлсэн нь амьтны эрхийг хамгаалагчдын ширүүн шүүмжлэлтэй тулгарахад хүржээ.

Нийслэл Копенгаген хотын амьтны хүрээлэн болон Данийн төв хэсгийн Гивскуд амьтны хүрээлэн хоёр ийм санаачлага гаргасан байна.

Хүрээлэнгүүдийн захиргаа энэ шийдвэрээ “Нэг хэвийн амьтны мах иддэг араатнуудыг олон төрлийн хүнсээр хангах сайхан боломж” гэж тайлбарлажээ.

Хүмүүс ч энэхүү аймшигт үзэгдлийг ихээхэн сонирхоно, хүүхдүүдэд байгальд яг ямар үйл явдал болдгийг бодитоор харуулна гэж тэд бас үзсэн байна. Гэхдээ захиргааныхан нохой, муур зэрэг зэрлэг байгальд амьдардаггүй амьтдыг хүлээж авахгүй гэжээ. Мөн адууг хүлээж авахдаа агуулах зай талбай хомс учраас гурван сарын хүлээлгийн хугацаатай байхаар заасан байна.

Амьтны эрхийг хамгаалах PETA байгууллагын захирал Мими Бекечи хүрээлэнгүүдийн шийдвэрийг эрс хатуу шүүмжилж “Ойр дотно болсон тэжээвэр амьтнаа арслангийн хоол болгоно гэдэг солиорол. Эндээс зоопаркууд амьтныг халамжилдаг газар биш, мөнгө олдог газар гэдэг нь харагдаж байна. Ямар нэг амьтныг тэжээнэ гэдэг нь түүнийг хамгаалах, халамжлах, цаг нь болоход зовоолгүй үхүүлэх хариуцлага ноогдож байгаа хэрэг” хэмээн ярьжээ.

Копенгагены амьтны хүрээлэн үе үе харгис үйлдэл гаргадгаараа алдартай. Тэд 2014 онд цус ойртолтоос сэргийлэх нэрээр Маркус нэртэй, эрүүл анаашийг олны нүдэн дээр хөнөөж, хэсэглэн мөчилж байв. Дараа нь шинэ эрэгчин арсланд зай гаргаж өгөх шалтгаанаар хоёр арсланг, зулзагануудтай нь хамт хөнөөж байжээ.

Сүүлд шинэчилсэн:

Данийн TV2 суваг дээрх мэдээг дамжуулсны дараа амьтны хүрээлэнгийн удирдлагууд хариу тайлбар хийжээ. Копенгагены хүрээлэн иргэдээс гэрийн тэжээвэр амьтныг үхсэн үед нь авч, араатны хоол болгож байснаа хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ ингэх нь бичиг цаасны ажил ихтэй байсан тул удалгүй зогсоосон гэнэ. Харин Гивскуд хүрээлэн туулай зэрэг зарим мэрэгч амьтдыг хүнсэнд авч байгаа. Гэхдээ заавал урьдчилж үхсэн байх шаардлага тавьж байгаа гэжээ.

 

Эх сурвалж: Russia Today