Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

О.Энхзаяа: Халдварын голомтод ирэх бус утсаар зөвлөгөө авах нь чухал байна

Г.Нарантуул, Үндэсний шуудан
2017 оны 12 сарын 27
Үндэсний шуудан
Зураг зураг

Нийслэлийн эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяагаас томуу, томуу төст өвчний уед авах арга хэмжээний талаар тодрууллаа.

-Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний халдвар өмнөх онтой харьцуулахад ямар төвшинд байгаа талаар мэдээлэл өгөхгүй юү. Эмнэлгүүдийн ачаалал нэлээд нэмэгдсэн гэсэн?

-Томуу, томуу төст өвчний дэгдэлт улирлын чанартай буюу 12-3 сарын хооронд дэгддэг. Манай орны хувьд агаарын бохирдол, хүйтэн сэрүүний улиралтай холбоотой томуу, томуу төст өвчний идэвхжилт нэмэгдэж байна. Зөвхөн манай улсад гэлтгүй дэлхийн бүхий л улс оронд томуу, томуу төст өвчин улирлын чанартай үргэлжилдэг. Тухайлбал, Австрали, Англид 4-9 дүгээр сард манай оронтой адил томуугийн өвчлөл идэвхэждэг.

Томуу өвчний эргэлт өнгөрсөн долоо хоногоос эхлэн нэмэгдэх хандлагатай байна. Тухайн жилд ямар вирус эргэлтэд орж байгааг ХӨСҮТ-ийн лабораторид шинжилж тогтоодог. Энэ жилийн хувьд томуугийн үүсгэгч нь томуугийн A хүрээний (H3N2) вирус эргэлтэд орж эхэлсэн бөгөөд амьсгалын замын цочмог халдварын үүсгэгч иж томуу, рөспиратор-синцитиаль, адено, риновирус зэрэг бусад вирус зэрэгцэн тодорхойлогдож эхэлсэн.

Энэ жилийн хувьд томуугийн 5-6 төрлийн вирус давхар эргэлтэд явж нэг төрлийн вирусээр өвдөж, нөгөө төрлийн вирус авч хүндрэх гол шалтгаан болж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна. Төлөвлөгөөний дагуу томуу, томуу төст өвчин дэгдэх үед яаж урьдчилан сэргийлэх юм, томуугийн дэгдэлт гарсан хойно нь ямар арга хэмжээ авах вэ зэрэг иргэд рүү чиглэсэн мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлж байна.

-Өнөөдрийн байдлаар амбулаторийн үзлэгийн хэдэн хувийг эзэлж байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд 25-ны байдлаар амбулаторийн үзлэгийн 6.6 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 1.3 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 1.6 хувиар бага байна. Хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын 50 хувь нь томуу, томуу төст өвчин эзэлж байна.

-Ханиад томууны талаарх зөвлөгөө, зөвлөмжийг “Утасны эмч” өгч байгаа. Иргэдийн оролцоо ямар байна. Утас ажиллуулснаар ачаалал буурсан уу?

-Нэгдсэн эмнэлгийн хүлээн авахын ачааллыг бууруулах зорилгоор утсаар зөвлөгөө, зөвлөмж өгч байна. Утсаар зөвлөгөө егснөөр хөнгөн хэлбэрийн ханиадтай хүүхдийг олон хүн цугласан газар ирүүлэхгүй байх, өөр төрлийн халдвар авахаас урьдчилан сэргийлэх зорилготой.

Хүүхдэд илэрч буй зовуурь, шинж тэмдгээс хамаарч эхний болон дараагийн шатанд авах арга хэмжээний талаар утсаар зөвлөгөө өгдөг болсон. Эцэг, эхчүүд идэвхтэй зөвлөгөө, зөвлөмж авч байгаа хэдий ч хүүхдээ тэврээд ирдэг хэвээрээ л байна. Уг нь эцэг, эхчүүд утсаар зөвлөгөө аваад хөнгөн үед нь гэрээр эмчилж чадвал эмнэлгийн ачаалал эрс буурна. Иймд халдварын голомтод ирэх бус утсаар зөвлөгөө авах нь чухал байгааг эцэг эхчүүд ойлгох хэрэгтэй.

-Энэхүү утсанд холбогдож зөвлөгөө авахын тулд цаг заасан уу. Нэг залгахдаа хэчнээн минут зарцуулах вэ?

-Ямар нэгэн цензур тавихгүй, хүүхдэд илэрч буй зовуурийг хэлж мэдээллийг бүрэн авах боломжтой. Нэг удаа зөвлөгөө аваад болчих биш дахин холбогдох боломжтой.

-Дүүргүүдийн орны хүрэлцээ ямар байгаа вэ. Коридорт хэвтэх тохиолдол байгаа юу?

-Нийслэлийн хэмжээнд 869 оронд 1,481 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Энэ нь орны ачаалал 79 хувиар нэмэгдсэн гэсэн үг. Гэхдээ дүүргийн эмнэлгүүдийн хувьд насанд хүрэгчдийн орыг хүүхдийн тусламж үйлчилгээнд шилжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, одоогоор насанд хүрэгчдийн 279 орыг шилжүүлсэн. Мөн нөөц өрөөнд 300 гаруй орыг байрлуулж байна. Дүүрэг бүр л хүүхдийн тасагтай. Ханиад томууны улиралд орны хүрэлцээ мууддаг нь үнэн.

Гэхдээ бид аль болох л боломжоороо дотор, уламжлалт, мэдрэл, эмч сувилагчийн өрөөнд зохицуулалт хийж ор нэмэлтээр тавьж ажиллаж байна. Дээр хэлсэнчлэн 12-3 cap хүртэл томуугийн өвчлөл нэмэгдэж дөрөвдүгээр сараас хэвийн байдалд орохоор хүүхдийн тасгийн ор нь 50-60 хувь л ашиглагддаг байгаа. Ер нь шөнийн цагаар ачаалал эрс нэмэгддэг. Шөнийн үзлэгээр зайлшгүй шаардлагатай хүүхдээ авч өглөө болтол коридорт хэвтүүлэх тохиолдол байдаг.

Тухайн хүүхдийг өдөржин коридорт хэвтүүлнэ гэсэн үг биш. Өглөө эмчийн үзлэгээр тасагт эмчлүүлж байгаа гайгүй болсон хүүхдээ гаргаж ор дэвсгэр, өрөө тасалгааг нь ариутган коридорт байгаа хүүхдийг тасаг руу шилжүүлэх маягаар зохицуулалт хийж байна.

-Томуу, томуу төст өвчнийг насны ангиллаар авч үзвэл, хэдээс хэдэн насныхан эзэлж байна вэ?

-Нийт өвчлөгсдийн 87.7 хувийг 15, 57,7 хувийг дөрөв хүртэлх насны хүүхдүүд эзэлж байгаа.

-Томуу, томуу тест өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Эцэг эхчүүдэд хандаж ямар зөвлөгөө, зөвлөмж өгөх вэ?

-Ханиад томуу илэрсэн хүүхдээ аль болох цэцэрлэг, сургуульд нь явуулахгүй гэрээр нь асарч сувилах, дархлааг нь дэмжиж чанартай хоол хүнс өгөх шаардлагатай. Одоогоор хүмүүсийн ид ажлын ачааллын үе. Хүүхэд харах хүн байхгүй гэдэг асуудал хүн бүхэнд тулгардаг. Иймд тухайн байгууллага зохицуулалт хийж эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгох хэрэгтэй. Мөн олон нийтийн газраар явахгүй байх, аль болох гэрийн нөхцөлд эмчлэх нь чухал.

Мөн эмнэлэгт хэвтсэн тохиолдолд зөрж халдвар авах эрсдэл өндөр учраас гэрийн асаргаа сувилгаанд онцгой анхаарах хэрэгтэй. Эмчийнхээ бичиж өгсөн эмийг зааврын дагуу хэрэглэх, ханиад томуу туссан үед дааруулахгүй байх, шингэн бага багаар уулгах зэрэг энгийн хялбар аргыг тэсвэртэй уйгагүй хэрэглэхийг зөвлөмөөр байна.

Томуугаас хамгаалах хамгийн сайн хамгаалалт ус гэдгийг онцолмоор байна. Тиймээс хүүхдийнхээ биеийн жинд тааруулж ус сайн уулгаарай. Мөн амны хаалт зүүж хэвшвэл томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

Зураг