Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

З.Баасанням: АТГ-ын албан хаагчдын цалинг нэмсэн гэдэг нь ташаа мэдээлэл

С.Уул
2017 оны 12 сарын 27
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Авлигатай тэмцэх газраас хийсэн хэвлэлийн бага хурлаар яригдсан асуудалтай холбогдуулж тус газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нараас дараах тодруулгыг авав.

-До.Ганболдыг ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгаа вэ?

-“Монголросцветмет” ХХК-ийн ерөнхий захирал Д.Ганболдыг гадаад улсад түүхий эд нийлүүлэхээр байгуулсан гэрээнүүдээс зарим компанид илт давуу байдал бий болгосон, түүхий эдийн зах зээлийн ханшийг хэрхэн тогтоож гэрээ байгуулсан, эдгээр гэрээнд албан тушаал, авлигын гэмт хэргийн шинж байж болзошгүй, улмаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

-Цагдаагийн хэчнээн алба хаагчийг шалгаж байгаа вэ?

-Энэ талаар зөвхөн тоон мэдээллийг өгөх боломжтой. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2017 онд эрүүгийн 412 хэрэгт 639 хүнийг холбогдуулан шалгасан. Эдгээр хэргийн холбогдогчдыг албан тушаалын байдлаар нь ангилбал улс төрийн албан тушаалтан 58, төрийн захиргааны албан тушаалтан 113, төрийн тусгай албан тушаалтан 168, төрийн үйлчилгээний албан тушаалтан 38 хүн холбогдон шалгагдсан.

Цагдаагийн бүх шатны албан тушаалын 140 хүн холбогдсон 127 хэргийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн эрүүгийн шинэ хууль тогтоомжийн дагуу Авлигатай тэмцэх газар хүлээн авч шалгаж шийдвэрлэж байгаа.

-АТҮТ-ийн Д.Батбаяртай хамт ямар хүмүүсийг шалгаж байгаа вэ? Д.Батбаярыг гадуур шалгаж байгаа. Энэ нь үндэслэлтэй юу?

-АТҮТ-ийн хэлтсийн дарга Д.Батбаярт 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хэрэг нээсэн. Яллагдагч Д.Батбаяр нь нэр бүхий компанид олон улсын ачаа тээврийн зуучийн эрх олгох зөвшөөрлийг гаргаж өгөхийн тулд албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан удаа дараагийн үйлдлээр их хэмжээний хахууль авсан гэмт хэрэг үйлдсэнийг илрүүлэн, прокурорын зөвшөөрөлтэйгөөр нэгжлэг хийж бэлэн мөнгө илрүүлж, эд мөрийн баримтаар хураан аваад байна.

Авлигатай тэмцэх газраас Д.Батбаярыг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр яллагдагчаар цагдан хорьж шалгасан бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шүүх үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж үзэж сулласан.

Зам тээврийн яамны болон Авто тээврийн газрын удирдах албан тушаалтнууд “С” тусгай зөвшөөрлийг танил тал харах, хахууль авах байдлаар олон тоогоор олгосон байдаг. Энэ хууль бус үйлдлээс болж Өмнөговь аймагт нүүрсний тээвэрлэлтийн зохиомол дараалал үүссэнийг та бүхэн мэдэж байгаа.

-Авлигатай тэмцэх газрын бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчилж байгаа, бас албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхээр УИХ-д санал оруулсан гэсэн мэдээлэл байгаа. Энэ талаар тайлбар өгөөч. 

-Авлигатай тэмцэх газрын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөлт орж байгаа зүйл байхгүй. 2014 онд прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг АТГ-т шилжүүлсэнтэй холбоотойгоор 27 албан хаагчаар орон тоо нэмэгдсэн. Нэмэгдсэн орон тоог УИХ-ын тогтоолоор баталгаажуулж амжилгүй явсаар өнөөдрийг хүрсэн. 145 хүний орон тоо дээр прокурорын Мөрдөн байцаах албанаас ирсэн 27 албан хаагч нэмэгдэж 172 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Үүнийг л тогтоолоор баталгаажуулж байгаа юм. Түүнээс биш алба, хэлтэст өөрчлөлт орж байгаа зүйл байхгүй.

Үүнтэй холбоотойгоор цалингийн асуудал яригдаж байгаа. Цалин нэмэгдэж байгаа зүйл байхгүй. Ер нь бол АТГ-ын албан хаагчдын цалинг нэмэх шаардлага байгаа. АТГ-ын албан хаагчид шүүгчдээс 50 хувиар бага, прокуроруудаас 1.5 дахин бага цалин авдаг. Гэвч ОУВС-тай манай улсын хийсэн тохиролцооны дагуу төрийн албан хаагчийн цалин тэтгэмжийг нэмэхгүй байхаар болсон. Тийм учраас бид цалин нэмэгдүүлэх асуудлыг тавихгүй байгаа.

2014 онд төрийн албан хаагчдын цалинг 30 хувиар нэмсэн. Тэр нэмэгдэл тухайн үедээ цалингийн сандаа ороод баталгаажаад явж байсан. Гэхдээ УИХ-ын тогтоолоор АТГ-ын цалин, орон тоо, төсвийг баталдаг хуультай. Энэ дагуу УИХ-ын тогтоолоор баталгаажуулахаар энэ асуудлыг тавиад явж байна. 2014 оны 11 дүгээр сард Засгийн газрын тогтоолоор нэмэгдсэн цалингийн асуудлыг УИХ-д оруулахаар асуудал тавьсан ч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад шийдэгдэж чадаагүй юм. 2014 оны төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг тогтоолоор баталгаажуулах асуудал яригдаж байгаа.

-МХЕГ-ынхнаас хэчнээн үйлдэл тогтоогдож байгаа вэ, хилээр гаргахыг хориглосон дэрэвгэр жиргэрүү, самар гаргах зөвшөөрөл олгохын тулд ямар ямар аж ахуйн нэгжээс хахууль авсан юм бэ? Өөр ямар тусгай зөвшөөрөл олгосон нь тогтоогдож байна вэ?

-МХЕГ-ын газрын дарга, хэлтсийн дарга нарыг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар эдгээр хүмүүс бүлэглэн бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүнсний бүтээгдэхүүн, мал, малын гаралтай бүтээгдэхүүн, шонхор шувуу, тахиа, гахайны мах, ургамлын гаралтай түүхий эд, рапс, самар зэрэг зөвшөөрлийг олгохдоо иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээнд хүнд суртал гаргаж, удаашруулах, хясан боогдуулах аргаар нэр бүхий аж ахуйн нэгж, иргэдээс их хэмжээний мөнгийг хахууль болгон авч зарцуулсан болох нь тогтоогдсон.

Прокурорын зөвшөөрөлтэйгөөр хийсэн нэгжлэгийн ажиллагаагаар сэжигтнүүдийн ажлын байр, орон сууц хамаарал бүхий объектуудаас 500 гаруй сая төгрөгийн валют, бэлэн мөнгө илрүүлж хураан авсан. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Энэ хүмүүсийг яллагдагчаар цагдан хорьж, цаашид өөр их хэмжээний хахуулийн үйлдэл хэргийг илрүүлэн шалгаж байна.

-УИХ дээр нээлттэй сонсгол хийж танай байгууллагын өмнөх удирдлагатай холбоотой асуудлаар зарим хүмүүс мэдээлэл хийсэн. Энэ талаар тайлбар өгнө үү. 

-З.Баасанням: -УИХ-ын гишүүдийн нээлттэй сонсголоор ярьсан зүйлс дээр эрхэнд нь халдаж бид тайлбар хийхгүй. Гэхдээ тухайн хэлэлцүүлэг дээр яригдсан асуудал нь гурван шатны шүүх буюу Улсын дээд шүүх хянаад нэр нь холбогдсон хүмүүсийн гэм буруутай эсэхийг хэлэлцээд, шийдсэн байсан. Гэтэл шүүхээр шийтгэл сонссон хүмүүс нь өөрсдөө хэлмэгдсэн байдлаар мэдээлэл хийж байсныг та бүхэн харсан. Нэгэнт Монгол Улсад гэм буруутай эсэхийн асуудлыг шүүхээр эцэслэж шийддэг. Шүүхээр гадуурх шүүх асуудлыг нь өөр ямар нэгэн байгууллага хэрэгжүүлэхгүй гээд Үндсэн хуульдаа заасан.

Тиймээс гурван шатны шүүх хэлэлцээд шийдвэрлэсэн хэргийн араас шийтгэл сонссон хүмүүс гомдсон сэтгэлээ тухайн хэлэлцүүлгийн үеэр ярьсан. Ийм зүйлийг нь хууль эрх зүйгээр хэлмэгдүүлж байна гэж ойлгож болохгүй. Холбогдсон хэргийг шалгах явцад өмгөөлөгчийнхөө хамт байцаан шийтгэх ажиллагаандаа оролцож байгаа. Хавтаст хэрэг дээр прокурор хяналтаа тавиад явж байгаа.

Шат шатны шүүхүүд нь бүртгэгдсэн нотлох баримтынхаа хэмжээнд тухайн хэрэг нотлогдсон уу үгүй юу гэдгийг үзээд хэрэгт нэр нь холбогдсон тухайн хүний гэм буруутай эсэхийг хэлэлцээд эцсийн шийдвэрийг гаргадаг. Тиймээс шүүхээр эцэслээд шийдсэн хэргийн араас шалгасан байгууллагынх нь удирдлага, мөрдөн байцаагчийг эргэж холбогдуулаад явах нь зохисгүй үйлдэл гэж харж байна.

-Н.Золжаргалыг хорьж шалгаж болдоггүй юм уу? Х.Энхжаргал дарга Женкотой тэрсэлдэж санхүү нэгтэй гэгддэг Золжаргалыг нь баривчилж шантаажилж байгаа гэж үнэн үү?

 

 

-Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалд холбогдуулан тодорхой хэд хэдэн үндэслэлээр цагдаагийн байгууллага, Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар албаны эрх мэдлээ хэтрүүлэн бусдад болон өөрийн хамаарал бүхий хүмүүст нийгмийн асуудал шийдвэрлэх нэрийдлээр давуу байдал олгосон, банкны хууль тогтоомжийг зөрчсөн, өөрөө үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй асуудлыг нарийвчлан шалгаж байна.

Түүнчлэн зарим арилжааны банкаар гадаад улсад хамаарал бүхий этгээдэд нь их хэмжээний мөнгө шилжсэн, эд хөрөнгө худалдаж авсан зэрэг байдлуудыг судлахаар гадаад улсад Мөрдөгчийн даалгавар хүргүүлж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.  

-Офшор данс, Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор С.Баяр, Сү.Батболд нарыг шалгуулахаар прокурор шийдвэрлэсэн. Энэ асуудлын явц ямар байна вэ?

-Офшор бүсийн асуудлаар Авлигатай тэмцэх газар 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 2-д зааснаар эрүүгийн хэрэг нээсэн. Олон улсын сэтгүүл зүйн нийгэмлэг /ICIJ/ цахим хуудсандаа офшор бүсэд данс эзэмшдэг аж ахуйн нэгж, компани, хүмүүсийн мэдээллийг дэлгэж, улмаар 170 орны 130 мянга орчим этгээдийн 2.5 сая мэдээлэл ил болсон.

Үүний дагуу судалгаа хийж үзэхэд “Монгол Улс” гэсэн бүртгэлээр нийт 49 буюу 48 иргэн, 1 аж ахуйн нэгжийн мэдээлэл бүртгэгдсэн байдаг. Нарийвчилсан шалгалтаар Монгол Улсын 29 иргэний нэр дээр бүртгэлтэй 42 аж ахуйн нэгж тодорхойлогдсон. Эдгээрээс 23 нь төрийн албанд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд байсныг ХАСХОМ-ийг хянан үзэхэд офшор бүсэд данс эзэмшдэг талаараа тусгаагүй байгаа.

Гэвч Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн хийсэн шалгалтаар үүнийг тогтоосон. Сүүлд задарсан “Парадайз паперс”-ийн мэдээллээр манай улсын 16 хүний мэдээлэл ил болсон. Эдгээр хүмүүст холбогдох хэрэгт Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

-УИХ-ын гишүүн Д.Гантулгын хэрэгт дүгнэлт гаргасан ШШҮХ-гийнхнийг танайд шалгуулахаар болсон гэсэн үнэн үү?

-Энэ асуудал харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг яллагдагчаар татах саналаа танайх прокурорт хүргүүлж байснаа өнгөрсөн намар мэдээлсэн. Энэ хэрэг одоо ямар шатанд байна вэ, хүсэлт шийдвэрлэх хуулийн хугацаа дуусаад байхад ямар нэг ажиллагаа хийсэн үү?

-Энэ талаар мэдээлэл өгөх боломж надад алга байна.

-Улсын нууц гэсэн дардастай нуух юмгүй хэргүүд танайд шалгаж байгаа. Жишээ нь ОБЕГ-ын дарга Т.Бадрал генерал тэргүүтэй хүмүүс, БХЯ-ны газрын дарга нарын холбогдсон хэрэг гээд. Эдгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломж байна уу?

-Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй байна.

-Шүүх, прокурорт шилжүүлсэн ямар хэргүүд байна вэ?

-Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга асан Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарт холбогдох  эрүүгийн хэргийг Авлигатай тэмцэх газраас 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн.

“ТОСК” ТӨҮГ-ын захирал А.Гантулга нарын 6 хүнд холбогдох Буянт-Ухаа хорооллын  орон сууцнуудаас албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр шилжүүлэн завшсан 12 үйлдэлтэй хэргийг прокурорын хяналтад шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлээд байна. 

-М.Сономпилд холбогдох хэрэг ямар шатандаа байгаа вэ?

-М.Сономпил нь Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа өөрт ашиг хонжоо олгох зорилгоор албаны эрх мэдлээ урвуулан  Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг БНХАУ-ын “СМЕК” компаниар гүйцэтгүүлэх гэрээ хийж  барилга угсралтын ажлын тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлсэн, улсад онц их хэмжээний хохирол учруулсан, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн  шалгах ажиллагааг явуулж байна.

-Г.Өсөхбаяр аваргын эхнэр, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Д.Нарантуяаг шалгаж байгаа юу?

-Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэг шалгагдаагүй.

-Н.Батбаярт холбогдох хэрэг ямар шатандаа байгаа вэ?

-Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг албаны эрх мэдлээ хэтрүүлэн ‘’Монроуд’’ ХХК-д хууль бус давуу байдал олгож улсын төсөвт 2 тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2-т зааснаар  эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн. Улмаар прокурор хянаад 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг баталсан. Одоо мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.

-Эрчим хүчний сайд асан Д.Зоригт тэргүүтэй хүмүүсийг Үндэсний Аудитын газраас ирүүлсэн шалгалтын материалын дагуу шалгаж байгаа гэсэн мэдээлэл бий. Сайд асанд эрүүгийн хэрэг үүсгэсэн үү?

-Үндэсний Аудитын газраас ирүүлсэн гомдлыг Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.

-Ерөнхий сайд, Засгийн газрын сайд нарт Зөвлөмж өгсөн гэж байна. Энэ ямар учиртай юм бэ? Энэ сайдууд шинээр томилогдсон. Тэдэнд өмнөх үеийн зөрчил, дутагдал хамаарахгүй байхад яагаад АТГ зөвлөмж өгч байгаа юм бэ? 

Т.Баярхүү: -Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүдийн үзэж танилцсан материалууд 2015, 2016, 2017 оны эхний хагас жилд хамаарна. Шинээр сайд томилогдсон, өмнөх сайдад хамаарах асуудал гэдэг яриа тодорхой гэмт хэрэг, зөрчил дээр яригдана уу гэхээс манай ажлын хэсгийн үйл ажиллагаанд хамаарахгүй. Учир нь бид сайдын бодлого, үйл ажиллагааг шалгаагүй.

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны үндсэн зарчмын нэг бол төрийн албаны үйл ажиллагаа шуурхай, тасралтгүй байх явдал мөн. Тиймээс сайд нь солигдсон гээд тухайн салбарт байгаа авлигын эрсдэл өргөс авсан мэт алга болохгүй учир салбарын хэмжээнд авлигын эрсдэл үүсгэж буй хүчин зүйлүүдээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хуульд заасан чиг үүргийн хүрээнд хүргүүлсэн.

Өөрөөр хэлбэл, төрийн байгууллага, албан тушаалтан хууль дээдлэх, төрийн албан хаагчийн ёс зүйг сахих асуудал хангалтгүй байна. Албан тушаалтан хуулиас давсан журам, дүрэм батлан мөрдүүлэх, хуулиар эрх олгогдоогүй этгээд төлбөр хураамж тогтоон мөрдүүлэх, өөрийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргах, давхар ажил эрхлэлтийн журам зөрчих /хуулиар хязгаарласан хандив зохион байгуулах, хандив өгсөн этгээдтэй холбогдох хязгаарлалт зөрчиж шийдвэр гаргах/ зэрэг авлига, ашиг сонирхлын зөрчлүүд буурахгүй байна.

Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-т зааснаар Авлигатай тэмцэх газар авлига гарч болох нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзвэл төрийн байгууллага, албан тушаалтны гаргасан тушаал, шийдвэр, журам, дүрмийг хянаж хүчингүй болгуулах санал боловсруулж эрх бүхий байгууллагад оруулах эрхтэй. Энэ хүрээнд дээрх төрлийн зөрчлүүдийг давтан гаргуулахгүй байх үүднээс зөвлөмж өгсөн.

-Олон нийтийн дэд зөвлөл гэж ямар учиртай хүмүүс юм бэ? Г.Баасан даргатай Олон нийтийн зөвлөл ажиллаж байхад АТГ тэднийг сөргүүлж ийм зөвлөл байгуулж байгаа юм уу? 

З.Баасанням: -Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл ба яам, агентлаг, нийслэл, дүүргийн дэргэдэх авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн хяналтын дэд зөвлөл гэдэг хоёр өөр ойлголт. Олон нийтийн дэд зөвлөл байгуулах асуудал 2016 оны 11 дүгээр сард батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан.

Өөрөөр хэлбэл Г.Баасан даргатай Авлигатай тэмцэх газрын дэргэдэх ОНЗ томилогдохоос өмнө төлөвлөгдөөд, бэлтгэл ажлаа хангаад явж байсан асуудал одоо бодит ажил хэрэг болоод явж байна. Төсвийн тодотголоор санхүүжилт нь шийдэгдсэн учраас энэ талын тодорхой ажил хийгдээд явж байна.

Энэ дэд зөвлөл нь төрийн үйлчилгээнд иргэд олон нийтийн хяналтыг бодитой хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан. Журамд заасны дагуу авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн, төрийн байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүйд хяналт тавих зорилготой. Дэлгэрэнгүй ойлголтыг манай байгууллагын албан ёсны цахим хуудаснаас авах бүрэн боломжтой.

-Офшор бүсийн жагсаалтыг Засгийн газар шинэчлэн баталсан. Тэгэхээр офшор дансаа хаах, хаасан тухайгаа мэдүүлэх хуулийн хугацаа сунгагдах уу?

-2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр батлагдсан Засгийн газрын тогтоолд орсон 49 улс, бүс нутгийн хувьд хугацаа сунгагдахгүй. Энэ дагуу 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөр офшор бүсэд эзэмшиж байгаа дансаа хаасан байх ёстой. Улмаар 2018 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн дотор Авлигатай тэмцэх газарт энэ тухайгаа мэдүүлэх ёстой. Харин сая шинээр батлагдсан 15 улс, бүс нутгийн хувьд Засгийн газрын тогтоол албажсан өдрөөс эхлэн хугацаа тоологдоно.  

-Офшор бүсийн жагсаалтад 15 улсыг оруулсан. Эдгээр 15 улс нь яг манай офшортонгуудын хамаарч байгаа бүс нутаг байж чадаж байгаа юу? Энэ талаар АТГ судалж үзсэн зүйл байна уу?

-Жагсаалтад ямар улс орон, бүс нутаг орох ёстой болон орох ёсгүй талаар Авлигатай тэмцэх газар санал гаргах эрхгүй. Төр, засгаас баталсан хууль тогтоомжийг бид даган мөрдөж, хэрэгжүүлэх үүрэгтэй.

-Стандарт, хэмжил зүйн төвийн дарга Гантөмөртэй холбоотой хэрэг шалгагдаж байгаа юу?

-Энэ тухай гомдлыг шалгаж байгаа. Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Б.Хурцыг хамгаалдаг шүүгч, прокурор, мөрдөгч нарын нэрийг зарласан. Танай зарим мөрдөгч нар нэр дурдагдсан. Энэ талаар АТГ ямар тайлбар хийх вэ?

-Энэ мэдээлэлд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Д.Золжаргалын нэрийг дурдсан байсан. Д.Золжаргал бол ахлах мөрдөгч. Ахлах мөрдөгчийн хувиар олны анхаарал татсан гэмт хэргийг шалгах ажлын хэсгийг ахалж ажилладаг. Албан үүргээ хуулийн дагуу гүйцэтгэж байгаа ахлах мөрдөгч Д.Золжаргалын талаар гаргасан мэдээллийг Авлигатай тэмцэх газар хүлээн зөвшөөрөхгүй.    

-ГЕГ-ын даргын хууль бус ажиллагааны улмаас 950 гаруй сая төгрөгийн татвар чөлөөлөгдөж улсын төсөвт хохирол учирсан гэж Ч.Улаан ярьжээ. ГЕГ-ын дарга Асралт гэх залууг Сү.Батболдын хамаатан гэдэг.

-Энэ хэрэг манайд байхгүй.

-Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдээ яаж сонгосон бэ? Зарим гишүүдийн талаар таагүй мэдээлэл гарч байгаа. АТГ зөв сонголтоо хийсэн үү? 

Т.Баярхүү: -Дэд зөвлөлийн гишүүнээр ажиллах иргэнд тавигдах орон нутаг, яам, агентлагт ажиллах үедээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй зарлаж, зарын дагуу материал ирүүлсэн иргэдийг зохих шалгуурыг харгалзан сонгон шалгаруулсан. Журмын дагуу дэд зөвлөлийн гишүүнээр ажиллах иргэн төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэл, хууль эрх  зүй, аудит, хяналт шалгалтын чиглэлээр ажлын туршлагатай, аль нэг намын харьяалалгүй иргэдийг сонгон шалгаруулахыг зорьсон. Ажлын хэсгээс сонгон шалгаруулсан гишүүдээс шаардлага хангахгүй байгаа талаарх мэдээлэл одоогоор Авлигатай тэмцэх газарт ирээгүй байна.

-Төсвөөс 80 тэрбум төгрөг авсан хэр нь 127 хэрэг шийдвэрлэсэн гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ дээр тайлбар өгнө үү.

-Авлигатай тэмцэх газар 10 жил ажиллахдаа 127 хэрэг шийдвэрлэсэн гэдэг улс төрийн зорилготой, улс төрийн өнгө аястай мэдээллийг хэсэг бүлэг хүмүүс зориудаар тарааж байгаа. Дөнгөж сая сэтгүүлч та нөхөд 2017 оны мөрдөн шалгах ажлын мэдээлэлтэй танилцсан.

Авлигатай тэмцэх газар 2017 онд хуульд заасан харьяаллын 1,286 үйлдэлтэй, 639 холбогдогчтой 412 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Зөвхөн нэг жилийн хувьд ийм тоо гарч байгаа. Харин 10 жилийн хувьд нийт 2,207 эрүүгийн хэрэг шалгасан. Эдгээр 2,207 хэргээс 233-ыг нь шүүхээр шийдвэрлэсэн байна. 2017 онд 46 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн байна.

Манай байгууллагын хүлээн авч шалгасан хэрэг, прокурор, шүүхийн шатанд шийдвэрлэгдсэн хэргийн тоо нь хоорондоо өөр өөр байдаг. Үүнийг мэдсээр байж иргэд, олон нийтэд зориуд ташаа мэдээлэл тарааж байгааг манай сэтгүүлчид ойлгох хэрэгтэй.

-БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Болормаа сайд Цогзолмааг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандсан. Энэ асуудал ямар шатандаа байна вэ?

-Энэ тухай гомдлыг Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа.

Зураг