Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Уул уурхай, эрчим хүчний салбарынхан бид хийсэн хөдөлмөртөө ШУДАРГА цалин хөлс авдаг"

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний холбооноос өнөөдөр Хувь хүний орлогын албан татварыг шатлан нэмэгдүүлэх гэж буйг эсэргүүцэж хэвлэлийн бага хурал хийлээ. Засгийн газраас ОУВС-гийн хөтөлбөрт орсны дараа 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс 1.5 саяас дээш цалинд ХХОАТ-ыг 15,20,25 хувь болгон нэмэгдүүлэхээ зарласан юм.

Энэ талаар Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний холбооны дарга Х.Буянжаргал “Уурхайчдын дундаж цалин 2 сая 300 мянган төгрөг байна. Бид хээрийн нэмэгдэл, илүү цагийн нэмэгдэл, хөдөлмөрийн хэвийн бус нөхцлийн нэмэгдлүүдийг тооцож байж энэ хэмжээний цалин авч байна. Энэ бол нэг хүний цалин биш. Хөдөлмөр эрхэлж буй нэг уурхайчны ард гэр бүлийнх нь орлого тэр чигтээ явж байгаа.

Тийм учраас бид ХХОАТ-ын тухай хуулийг өөрчлөхийг шаардаж байна.

Бид орон гэрээсээ хол, залуу насныхаа 2/3-ыг эхнэр хүүхдээсээ хол өнгөрүүлдэг. Өдрийн турш чих дөжрөм дуу чимээнд, тоос шороо, дизелийн угаар, шивтрийн хийгээр амьсгалсны төлөө хөдөлмөрийн хүнд нөхцлийн нэмэгдэл авдаг. Илүү цагийн нэмэгдэл гэж шөнийн цагаар, бусдаас 1.5 дахин илүү цагаар ажилласны төлөөс юм.

Бид хийсэн хөдөлмөртөө шударга цалин хөлсөө авдаг. Тийм учраас бидний хөдөлмөрийн хөлсийг баячуудын 5 хувийн татвар гэж ойлгуулж авахыг эрс эсэргүүцэж байна” гэв.

"Нэг салбарын эрх ашгийг хохироох шийдвэр гаргаж буй нь манай Үндсэн хуулийн эрх тэгш байх зарчмыг зөрчөөд байгаа юм биш үү"
 
Гэрэл зургийг MPA.mn

Оюу толгой ХХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Г.БаярмааУул уурхайн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цалин бол өрхийн орлого байдаг. Ар гэр нь яагаад ч ажил хийх боломж байдаггүй гэдгийг маш олон удаа хэлж байгаа.

Шийдвэр гаргагчид татварын шаталсан систем маш олон оронд байдаг гэсэн. Энэ үнэн. Гэхдээ АНУ, Герман зэрэг орнууд ганц хүний орлого, өрхийн орлого гэсэн тусдаа хэлбэрээр хэрэгжүүлдэг байгаа. Жишээлбэл АНУ-д гэрлэсэн бол 5 сая төгрөгөөс дээш цалинд нь 15 хувийн татвар ногдуулж байгаа. Манай эрх баригчид татварын шаталсан системийг оруулж ирэхдээ яагаад үүнийг орхигдуулсан юм бэ?

Дараагийн нэг асуудал бол 2.5 сая төгрөгийн цалин бол маш олон нэмэгдлүүдээс бүрдэж байна. Хуулиараа авч буй нэмэгдлээс татвар авах нь дээрэм юм.

Эрх баригчид энэ татварыг 8 хувьд л хамарна гэж буй. Тэгвэл эрчим хүч, геологи, уул уурхайн салбарынхан бараг 100 хувь энэ татварт хамрагдаж байгаа. Бүхэл бүтэн нэг салбарыг хамарсан татвар зохиочихоод яагаад 8 хувь гэж тайлбарлаад байгаа юм бэ?

Нэг салбарын эрх ашгийг хохироох шийдвэр гаргаж буй нь манай Үндсэн хуулийн эрх тэгш байх зарчмыг зөрчөөд байгаа юм биш үү.

Төр засгийн хувьд өөр олон шийдэл байсан болов уу гэж харж байна. ОУВС-гаас зөвхөн цалингийн татварт шатлал гарга гээгүй. Татварын бааз суурийг өргөжүүлж, шинэ татвар бий болгож, тогтолцоогоо боловсронгуй болго гэсэн шаардлага тавьсан. Дээрээс нь эрх баригчид зардлаа танах маш олон боломжуудаа ашиглахгүй байна. ​Татварын орлогын зарцуулалт тодорхойгүй байгаа. Өндөр татвар төлж байгаа хүмүүс маань эргээд сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээгээ хангалттай авч чаддаггүй. Тиймээс бид энэ татварын шатлалыг тууштэй эсэргүүцэж байна” гэв.

ХХОАТ-ын шинэчилсэн хуульд уул уурхайн салбарын 80 хувь буюу 37,256 хүн, эрчим хүчний салбарын 46 хувь буюу 7,360 хүн хамрагдаж ажилчдын гар дээр очих орлого буурах аж. 

 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn