Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хорхе Луис Борхес: “Даян дэлхийн жигшүүрт түүх”

МОНСУДАР
2017 оны 12 сарын 25
Монсудар
Зураг зураг

“Хорхе Луис Борхесийн оньсого мэт бүтээлүүд уран зохиолд шинэ салхи оруулж, утга зохиолын ертөнцийг үүрд өөрчилсөн юм. Хүн бүр заавал Борхесийг унших хэрэгтэй.” Жэйн Чиабаттари

XX зууны испани хэлт уран зохиолын сод төлөөлөгчдийн нэгд Аргентины зохиолч Хорхе Луис Борхес зүй ёсоор нэрлэгддэг билээ. Тэрээр өөрийн зохиол бүтээлээрээ уран зохиолын хэл найруулгад шинэчлэл хийсэн нь испани хэлт ертөнц төдийгүй дэлхийн уран зохиолын хөгжилд нэгэн шинэ хуудас нээгдэх үндэс суурь болсон гэхэд хилсдэхгүй. Борхесын энэхүү авьяас билиг, өгүүлэх эрдэм, бичлэгийн уран чадвар түүний өсөж торнисон орчин нөхцөл, гэр бүлтэй нь салшгүй холбоотой. 

Борхесын элэнц өвөө Аргентинд домог мэт яригддаг Хунины тулалдаанд ялалт байгуулсан цэрэг эрсийг удирдаж байсан бол, өвөө Франсиско Борхес нь мөн л хурандаагийн мөрдэс зүүсэн цэргийн гарамгай удирдагч байжээ. Харин хожмын нэрт зохиолчийн эцэг Хорхе Борхес Хаслам гэр бүлийн уламжлалыг дагалгүй филиософи, англи хэлний багшийн замналыг сонгосон байдаг. Тэрээр боловсролтой, ухаалаг бүсгүй Леонор Асеведо Суарестэй гэрлэж, хүүтэй болсон нь монголчуудад “Хоёр хаан, хоёр хонгил”, “Зүүдний ном” болон “Даян дэлхийн жигшүүрт түүх”-ээрээ танил болсон Хорхе Луис Борхес байв. 

Бараг тэр чигээрээ номын сан болсон гэрт өсөж өндийсөн Хорхе Луис Борхес бага балчир ахуйдаа эмээ Фанни Хасламын тусламжтайгаар англи хэл сурч, чөлөөтэй уншиж, бичиж чаддаг болжээ. Улмаар зургаан настайдаа Испанийн уран зохиолын оргил бүтээл гэгддэг “Кихот ноён”-ыг шимтэн уншсанаар өөрөө зохиол бичих дэврүүн их хүсэлд автсан гэдэг. Хүүгийнхээ энэхүү хүсэл тэмүүллийг эцэг эх нь хөхүүлэн дэмжсэнээр Борхес найман настайдаа анхны үлгэр домгоо бичиж, арван настайдаа Оскар Уайлдын “Жаргалтай ханхүү” өгүүллэгийг испани хэл рүү орчуулан хэвлүүлжээ. 

Дэлхийн I дайн эхэлсэн 1914 онд Борхесын гэр бүл Европ руу шилжин, Парис, Милан, Венецээр хэрэн явж, амьдралын эрээн барааныг үзэж туулсны эцэст амгалан, тайван Женев хотод ирж суурьшжээ. Жаахан хүүхэд ахуйгаасаа л гадаад ертөнцтэй танилцаж, тэр хэмжээгээр дэлхийн шилдэг, сонгодог гэсэн бүхнийг үзэж амжсан нь Борхесын хүүрнэн бичих авьяасыг нь улам бүр хурцалсныг тэрээр өөрөө ч хүлээн зөвшөөрдөг байлаа. 

 

“Гэрээ тэр чигээр нь номын сан болгочихсон оюунлаг аав, олон гайхамшигтай зохиолыг англи хэлнээс испани хэл рүү орчуулсан мундаг ээж байхад агуу Борхес төрөхгүй гээд ч яах билээ” хэмээн Чилийн нэрт зохиолч Антонио Скармета нэгэнтээ дуу алдсан байдаг.

Богино өгүүллэгийн нэрт мастер, дэлхийн уран зохиолын сод төлөөлөгчдийн нэг Хорхе Луис Борхес уран зохиолыг философилог төсөөллийн түвшинд аваачиж, хийсвэр ухагдахуун, шашин судлалыг уран зохиол болгон буулгаж чадсан билээ. Түүний бүтээл туурвил дахь бодит бус, мөрөөдлийн ертөнц нь метафизиктэй тун ойрхон сэтгэлгээ, төсөөллөөр дамжин үргэлж ухаалаг ёгтлол, далд утгат дүр зурагтай холбогдож байдаг.

Борхесыг суут зохиолч болох эхлэлийг тавьсан “Даян дэлхийн жигшүүрт түүх” нь түүний үзэл бодол, чиг зарчимтай хавьтахааргүй хол хөндий, ёстой л дэврүүн хүсэл, авьяасаас нь бүтсэн бүтээл юм. Тиймдээ ч тэрээр “Миний зохиол бүтээлүүд надаас үргэлж хол байдаг” хэмээн хэлсэн биз ээ.

Хоёр, гурван гадаад хэлтэй, асар их ном уншиж дэлхий ертөнцийн хэрэг явдлыг нэвтэрхий мэддэг болсон Борхес “Даян дэлхийн жигшүүрт түүх”-ээ бичихдээ “Би даян дэлхийн бүх жигшүүрт түүхийг нэг номд багтаана” хэмээн ам гарсан гэдэг. Интернет, харилцаа холбоо хөгжөөгүй байсан зуу гаруй жилийн өмнө тэрээр дам сонссон, уншиж мэдсэн аймшигтай, сэтгэл шимшрүүлэм, жигшиж зэвүүцмээр түүхийг энэ номдоо багтааснаар (зарим түүхийг зохиолч улам баяжуулан бичиж дараагийн хэвлэлтэд өгөхдөө өөрийн зохиосон богино өгүүллэгийг нэмж оруулжээ) тухайн үедээ л дуулиан тарьж, испани хэлт ертөнцөд түүнийг шууд л хүлээн зөвшөөрсөн аж.

Хожим нь Борхес 1944 онд “Ficciones” (“Зохиомол”) хэмээх номоо хэвлүүлснээр судлаач шүүмжлэгч төдийгүй уншигчид ч түүнийг испани хэлт уран зохиолын сод төлөөлөгчдийн нэг, тухайн цаг үеийн хамгийн мундаг сэтгэгч хэмээн хүлээн зөвшөөрсөн юм. Насны эцэст хараагүй болсон Хорхе Луис Борхес сүүлчийн хэдэн зохиолоо шууд хэлж, туслахаараа бичүүлсэн гэдэг. 

Тэр үнэхээр тухайн цаг үеийнхээ билиг танхай хүн, суут зохиолч байсан бөгөөд одоо ч дэлхий нийтээрээ түүнийг шимтэн уншсаар. Уран зохиолын философилог чанарыг ойлгож сэтгэлгээ, хандлагаа өөрчлөх нь тун чухал гэдгийг тэрээр зохиол бүтээлээрээ сануулсан билээ. “Монсудар” хэвлэлийн газраас түүний оргил бүтээлүүдийн нэг болох “Даян дэлхийн жигшүүрт түүх”-ийг эх хэлнээс нь орчуулан уншигч олноо өргөн барилаа. Цаашдаа түүний олон гайхамшигтай зохиол бүтээл монгол хэлнээ орчуулагдан гарах нь зөвхөн цаг хугацааны асуудал биз ээ.

Номын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС авна уу.