Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Амараа: Цахим орчинд хүүхэд хүүхдийнхээ эсрэг дарамт түгээмэл байна

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 12 сарын 22
iKon.MN

Иргэний нийгмийн байгууллагууд хамтран "Цахим орчинд хүүхдээ хамгаалъя" аян эхлүүлэх гэж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Цахим орчинд хүүхдийг хамгаалах нь өөрөө онцгой зохицуулалт шаарддаг

 
Гэрэл зургийг mpa.mn

НҮБ-ын Хүүхдийн сангийн Хүүхэд хамгааллын ахлах мэргэжилтэн Д.Амараа "Хүүхэд хамгааллын хууль батлагдсан нь том алхам болсон. Гэхдээ яг цахим орчинд хүүхдийг хамгаалах нь өөрөө онцгой зохицуулалт шаарддаг. Хүүхэд хамгааллын хууль нь зөвхөн хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний дарааллыг тогтоосон процесс. Цахим орчин болж байгаа зохистой болон зохисгүй үйл явдлууд бүгд бодит ертөнцөд болж байгаа мэт зохицуулалттай байх ёстой. Энэ зохицуулалтыг хийхийн тулд судалгаа, нотолгоог хангалттай бий болгох ёстой гэж бодож байна. Мэдээж байгууллагуудынхаа чиг үүргийг хуулиараа тодорхой болгох хэрэгтэй. 

Зохисгүй агуулга тавигдах юм бол үүнийг хэрхэн цахим орчноос даруй авах вэ гэдэг зохицуулалтыг сайжруулах шаардлагатай байна. Гол нь энэ төрлийн гэмт хэрэг хийж байгаа хүмүүсийг зүгээр явуулж болохгүй. Хүүхдүүдийг анхаарч, урьдчилан сэргийлэх ёстой. Мөн хүүхдүүдийг хувийн мэдээллээ цахим орчинд тавихгүй байхыг багш нар болон эцэг эх нь анхааруулж хэлэх ёстой.

Цахим орчинд хүүхдүүд зохисгүй мэдээллийг авч, зохисгүй зан үйлийг гаргаж байна. Хүүхэд өөрөө хохирогч болоод зогсохгүй, хүүхэд хүүхдийнхээ эсрэг буюу үе тэнгийнхний цахим орчны дарамт түгээмэл байна. Зарим байгууллагын судалгаанаас авч үзэхэд тодорхой харагдаж байгаа" гэлээ.

Тоо баримт: 

  • Дэлхий дээр дөрвөн хүүхэд тутмын нэг нь интернет хэрэглээний эрх авахын тулд гэр бүлийн хувийн мэдээллээ өгөхөд бэлэн байдаг гэж хариулжээ.
  • Монгол улсад өсвөр насны 3 хүүхэд тутмын 1 нь фэйсбүүк хэрэглэдэг аж.
  • Фэйсбүүкт нэвтэрч байгаа хүүхдүүдийн 47% нь 2 ба түүнээс дээш хаягтай, 46.4% нь админ эрхтэй байгаагийн 37.3% сөрөг сэтгэгдэл бичдэгээс 17 % нь бусдыг доромжилсон, нэр хүндэд халдсан, гутаасан бүдүүлэг үг хэллэг ашигласан нь судалгаагаар тогтоогдсон байна.
  • Судалгаанд оролцсон хүүхдүүд цахим орчинд нэвтэрснээр 42.6% нь их ядардаг, 41% нь айдаст автдаг, уур хүрдэг гэж хариулжээ.

Аяны талаар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа мэдээлэл өгсөн юм.

Хүүхдээ хамгаалж чадахгүй байгаа улс үндэсний аюулгүй байдал яриад ч хэрэггүй

 
Гэрэл зургийг mpa.mn

Тэрбээр "Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос, иргэний нийгмийн төлөөллүүдтэйгээ хамтран ард иргэдэд хандан уриалга гаргаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ, төрийн болон төрийн бус байгууллага, эцэг эхчүүдэд хандаж бид энэ уриалгыг гаргаж байгаа юм. Монгол Улсад өнөөдөр хүүхдүүд цахим халдлагад өртөх нь өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Үүний уршиг нь засаж залруулж болохооргүй хор уршгийг дагуулдаг.

Хүүхдийг цахим орчинд гүтгэх, доромжлох, садар самуунд уруу татах, сөрөг сэтгэгдлүүд бичиж байна. Судалгаанаас харахад 37 хувь нь хуурамч хаягаас энэ гүтгэлэг, доромжлолыг хийдэг. Дэлхийн улс орнуудын таван хүүхэд тутмын нэг нь цахим халдлагад өртөх эрсдэлтэй болсныг олон улсын судалгааны байгууллагууд мэдэгдсэн. Манай улсад гарч байгаа хүүхдийн эсрэг гэмт хэрэг дундаас шийдэгдэхгүй, хараа хяналт тавих боломжгүй байгаа асар хүнд асуудлын нэг нь цахим халдлага. Иймээс бид нэг сарын аян явуулж байна. Хүүхдээ хамгаалж чадахгүй байгаа улс үндэсний аюулгүй байдал яриад ч хэрэггүй" гэсэн юм. 

Аян ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 30-ны өдрийг хүртэл үргэлжлэх аж. Аяны хүрээнд :

  • Байгууллага бүр аяны хүрээнд төлөвлөгөө гаргаж, дүгнэн, байгууллагынхаа олон нийтийн мэдээллийн хуудсанд тогтмол байршуулах болон Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо цахим хуудсанд мэдээллээ хуваалцах
  • Иргэдийн хувьд ганцаараа болон хамтдаа Цахим орчинд хүүхдээ хамгаалахад чиглэсэн санал, санаачилга гарган оролцох, АЭХ-ны Ажлын хэсэгт мэдээллээ ирүүлэх юм.

Мөн Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооноос “Хүүхдэд ээлтэй байгууллага”, “Хүүхдэд хайртай иргэн” төрлөөр тус бүр 3 оролцогчийг шалгаруулж, ирэх оны нэгдүгээр сарын 31-нд буюу “Иргэний нийгмийн өдөр” зарлаж урамшуулах юм байна.

“Хүүхдэд ээлтэй байгууллага”, “Хүүхдэд хайртай иргэн” төрөл тус бүрт:

  • 1-р байр Өргөмжлөл, 600,000 төгрөг
  • 2-р байр Өргөмжлөл, 400,000 төгрөг
  • 3-р байр Өргөмжлөл, 200,000 төгрөгөөр шагнах юм байна.