Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Шаравдорж: Хууль бус ажлаа баталгаажуулах гэсэн О.Баасанхүүгийн санаархал бүтэхгүй

Ж.Баярсайхан, Үндэсний шуудан
2017 оны 12 сарын 22
Үндэсний шуудан
Зураг зураг

МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Ц.Шаравдоржтой ярилцлаа.

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-ын Их чуулганыг Төрийн ордонд зохион байгуулсан. Гэвч танай намын удирдлагуудын зүгээс үүнийг хууль бус гэж үзээд байгаа. Үүнээс үүдээд МАХН хоёр хуваагдсан мэт харагдаж байна. Та үүнийг зөвшөөрөх үү?

-МАХН-ын гишүүн, Г.Бямбасүрэн болон УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын хүмүүс өнгөрсөн хугацаанд Их тэнгэр, Төрийн ордонд хоёр ч удаа хууль бус цуглааныг төрийн тусгай хамгаалалт дор хийлээ. Шууд хэлэхэд эдгээр цуглаанууд хууль бус болоод намын дүрмийн бус юм. МАХН бол Улс төрийн намын тухай хуулийн хүрээнд ажилладаг, өөрийн дүрэмтэй, тамга тэмдэгтэй, удирдлага зохион байгуулалтын нэгж болсон Гүйцэтгэх товчоо, Их чуулгантай улс төрийн хүчин шүү дээ.

МАХН үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Харин намын даргын албан тушаалд очих гэсэн О.Баасанхүү тодорхой улс төрийн хүчнүүдийн захиалга, ивээл дэмжлэгээр хууль бус цуглаан зохион байгуулсан. Эхлээд Их тэнгэрт улс төрийн өөр намын гишүүд, намын гишүүн бус цөөхөн хүний цуглаан хийгээд түүнийгээ МАХН-ын ээлжит бус Бага чуулган гэж нэрлэж байлаа. Гэтэл Бага чуулган хуралдах дэг журам гэж бий. Намын дүрэмд зааснаар бол МАХН-ын дарга, Гүйцэтгэх товчооны санаачилгаар эсвэл Бага чуулганы гишүүдийн гуравны нэгийн шаардсанаар Бага чуулган хуралдах ёстой.

Ийм дүрмийн заалт хангаагүй цуглаан болсон. Энэ хууль бус цуглаанаасаа Их чуулган хийх тухай зарласан. Тэгээд Их чуулган гэгч дээрээ өөрийгөө намын даргаар сонгуулсан зэрэг нь бүхэлдээ хууль бус юм. Тиймээс хоёр хуваагдсан тухай асуудал байхгүй. Харин нэг хэсэг хүмүүс өөрсдийгөө өргөмжилсөн, намын дарга болох гэж зүтгэсэн, үүнийгээ Дээд шүүхэд бүртгүүлж албан ёсны болох гэсэн зохион байгуулалттай ажил яваад байгаа.

-Төрийн ордонд болсон Их чуулганыг зохион байгуулахад МАХН-аас хөрөнгө гаргасан уу?

-Хууль бус, бидэнд мэдэгдээгүй арга хэмжээ юм чинь намаас юу гаргах вэ дээ. Үүний хөрөнгө мөнгө, зохион байгуулалтыг ганц О.Баасанхүү хийж чадахгүй. Тодорхой улс төрийн хүчний захиалгаар, төрийн өндөр албан тушаалтнуудын ивээл дэмжлэгийн дор, тэдний санхүүжилтээр л О.Баасанхүүгийн энэ бүх арга хэмжээ явагдаж байгааг шууд хэлэх ёстой.

-УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн намын дарга болох сонирхлын цаана өөр зүйлс байгаа тухай хэлж байна гэж ойлголоо?

-Өнгөн талдаа МАХН-ын дарга болох энэ хүний хүсэл байдаг байх. МАХН-ын даргыг сонгох тухай асуудал бол дүрмийнхээ хүрээнд нарийн зохицуулагдсан зүйл. Их чуулганд оролцох гишүүдээ анхан шатны нэгжүүдээсээ сонгож, тэд нь ирж ирцээ бүрдүүлснээр намын дотоод амьдралын асуудлаа хэлэлцэж, дүрэм, мөрийн хөтөлбөр, намын даргаа сонгох тухай асуудлаа ярьдаг шүү дээ. Ийм журмаар явагдсангүй. Хоёрдугаарт, МАХН-ын нэр хүнд улам бүр өсөн нэмэгдэж байгаа нь тодорхой байгаа.

Ганцхан жишээ хэлэхэд өнгөрсөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар манай нэр дэвшигч сонгогчдын гуравны нэг буюу 409 мянган хүний саналыг авсан. МАХН гуравдагч хүчин буюу жижиг нам биш болчихжээ. Улс төрийн гурван том намын нэг нь болж өөрийнхөө байр суурийг эзэлчихсэн байна. Тиймээс манай улс төрийн өрсөлдөгчид “Өрсөлдөгч гараад ирлээ, том нам болчихлоо. 2020 оны сонгуульд бодитой өрсөлдөгч бий болчихлоо шүү дээ” гэдэг өнцгөөс хараад айсандаа МАХН-ыг дотроос нь бутаргах ийм зохион байгуулалтыг явуулж буй нууц биш.

-МАХН УИХ-д ганц суудалтай байна. Гэтэл тэр ганц гишүүн нь намаа бутаргах гэж байна гэхээр үнэмшилгүй сонсогдоод байгаа юм?

-Ний нуугүй хэлэхэд үнэмшмээргүй, үнэмшилгүй зүйл олон болж байна. Үүний нэг нь энэ О.Баасанхүүгийн асуудал л даа. О.Баасанхүү бол МАХН-ын нэрээр төрийн түшээ болоод УИХ-д сууж байгаа. Хэний хүчээр тэр хүн өнөөдөр тэнд сууж байгаа юм. Орхон-Уул аймгаас нэр дэвшихэд нь МАХН нэр дэвшигчээр тодруулсан. О.Баасанхүү хөтөлж аваачаад сонгогчидтой уулзуулсан.

Сонгогчид МАХН-ын УИХ-ын сонгуульд оролцож байгаа мөрийн хөтөлбөрийг харж, МАХН-ын явуулсан нэр дэвшигч гэдэг шалгуураар О.Баасанхүүд саналаа өгсөн шүү дээ. Одоо болохоор “тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ” гэгчээр би намын дарга болно, сонгогчид надад хамаагүй гээд явж байна гэдэг байж болшгүй зүйл. Хэн ч харсан жаахан ухаантай хүн ийм явдал гаргах учиргүй л дээ. Хэний хүчинд явж байгаагаа мэдэж байх ёстой юм. Мөн төрийн түшээгийн ёс зүй, түмэн олныхоо итгэлийг хариулах тухай асуудал бий. Яаж энэ хүн Эрдэнэтийн сонгогчдынхоо нүүрийг харах юм бол.

Үүн дээр нэмээд хэлэхэд МАХН “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь ард түмний мэдэлд байх ёстой гэдэг хатуу байр суурьтай байдаг. Үүнийг ч ярьж сонгуульд оролцсон О.Баасанхүү намынхаа бодлогыг УИХ дээр дэмжих ёстой. Гэтэл эсрэгээрээ өнөө 49 хувийг хувийн компанид өгөх тухай асуудлыг дэмжсэн санал өгсөн. Дараа нь бас “Эрдэнэт” үйлдвэрийн уул уурхайн овоолгыг тэнд ажиллагсад эзэмших тухай асуудлын эсрэг явсан. Ингээд харахаар О.Баасанхүү өнөөдөр эрдэнэтчүүдийн эсрэг л явж байна шүү дээ.

МАХН үүнд харамсаж байгаа. МАХН дээр Орхон-Уул аймгийнхан ирж уулздаг. Тэгээд үнэн байдлыг ойлгож байгаагаа хэлээд өөрсдийнх нь талд МАХН байгааг ойлгоод хамтарч ажиллаж байна. Үнэхээр О.Баасанхүүгийн үйлдэл үнэмшмээргүй сонин л үйл явдал болчхоод байна шүү дээ.

-Намын даргын асуудал Дээд шүүх дээр очих гэж байгаа гэсэн. УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрөө хуульч хүн. Нарийн юмнуудаа мэдэж байх ёстой хүний үйлдэл болохоор их чамбай болсон байх?

-Хуульч хүний амнаас үнэн үг гарч, үйл ажиллагаа нь хуулийн хүрээнд байх ёстой. МАХН-ын дарга болсон гэдгээ Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхээр хүсэлтээ тавилаа гэж хэвлэлээр гарч байна. Миний хувьд энэ хууль бус үйл ажиллагаагаа баталгаажуулах гэсэн О.Баасанхүүгийн санаа зорилго бүгэхгүй гэж бодож байгаа. Монгол Улсын Дээд шүүх, шүүгчид хуулиа л барьж ажиллана.

Хуулийнхаа хүрээнд ажиллахад О.Баасанхүүгийн санаархал баталгаажих ямар ч эрх зүйн үндэс байхгүй. Би өөрөө шүүхийн системийн янз бүрийн шатанд 12 жил ажилласан. Том хуульчдын удирдлагад ажиллаж их юм сурсан хүн. Өнөөдөр манай Улсын Дээд шүүхэд мөн тийм сайхан хуульчид хуулийнхаа хүрээнд ажиллаж байгааг нь би харж байгаа. Яах вэ, зарим нэг хүн улстөрчдийн нөлөөнд орж үүнээс нь “Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино” гэгчээр шүүхийн нэртэй холбоотой санал шүүмжлэл гардаг юм билээ. Тухайлбал, О.Баасанхүүгийн энэ асуудлын хувьд Улсын Дээд шүүх хуулийнхаа хүрээнд хэрэгсэхгүй болгож шийднэ гэж би бат итгэж байна. Шүүгчиддээ итгэж байгаа.

-Хэрэв муугаар бодоход Дээд шүүхээс өөр шийдвэр гарвал яах вэ?

-Дээд шүүхээс өөр шийдвэр гарах хууль зүйн үндэслэлгүй л дээ. Шүүгчид хуулийн талд, хуулиа барьж ажиллах ёстой. Жирийн иргэд бид ч хуулийн дагуу л явдаг шүү дээ. Тиймээс бүх талаас нь аваад үзэхэд О.Баасанхүүгийн үйл ажиллагаа хууль бус, намын дүрмийн бус гэдэг нь ойлгогдох учраас Дээд шүүх тийм гоомой шийдвэр гаргах үндэсгүй.

-МАХН-ын Их чуулганыг Төрийн ордонд зохион байгуулахад та яагаад оролцоогүй юм бэ?

-Төрийн ордонд болсон үйл явдлын талаар би цухас хэдэн зүйлийг хэлье. О.Баасанхүү нарын хууль бус цуглаан зохион байгуулсан өдрийн өглөө би Төрийн ордонд очсон. УИХ-ын асан хүн бүгдээрээ Төрийн ордонд нэвтрэх эрхтэй байдаг. Миний үнэмлэхийг Төрийн ордны хамгаалалтын албаны хүмүүс аваад цаашаагаа дарга нартайгаа холбоо бариад “Манай дарга нар таныг Төрийн ордонд битгий оруул гэж байна” гэсэн.

Хэн тэгснийг нь асуухаар “Дарга нар л тэгж байгаа учраас би өөр юу хэлэх вэ дээ” гээд байсан. Тэгээд би орж чадаагүй. Ц.Оюунбаатарыг бол бүр тэр өглөө Төрийн ордны хашаанаас хүч хэрэглэж гаргасан. Уг нь бид О.Баасанхүү нарын зохион байгуулж буй цуглаанд орж үнэн байдлыг нь хэлж, хууль бус шүү гэдгийг нь хэлэх л зорилготой шүү дээ. Нөгөө талаас О.Баасанхүү нарын зохион байгуулсан цуглаан Төрийн ордны Их танхимд болсон. Хамгийн ноцтой нь шөнө Төрийн ордонд хүн орох боломжгүй шүү дээ. Гэтэл 01 цагийн үед гурван автобус дүүрэн хүнийг ямар ч хяналт шалгалтгүйгээр оруулсан. Үүнийг маш ноцтой үйл явдал гэж би хувьдаа үзэж байгаа.

Төрийн ордон бол төрийн онцгой хамгаалалтад байх ёстой газар юм. Хэрвээ муугаар бодоход тэр эмх замбараагүй байдлыг ашиглан, гурван автобусанд хорлон сүйтгэгчид ороод Төрийн ордныг барьцаалсан бол шийдвэр гаргасан улсууд л хариуцна. Төрийн ордонд нэвтрэх эрхтэй биднийг дарга битгий оруул гээд оруулаагүй хэр нь орох албан эрхгүй хүмүүсийг ямар ч шалгалтгүй оруулсан шүү. Мөн тэр хүмүүсийг хотод авчрахын тулд тус бүрт нь сумынх бол 150 мянган төгрөг, аймгийн төвөөс бол 100 мянган төгрөг өгсөн.

Ирсэн хүмүүсийг хамгийн тансаг зочид буудлуудад байрлуулж, хоол ундыг нь төлж, автобусаар үйлчилсэн. Тэгээд Их тэнгэр болон Төрийн ордонд оруулж үйлчилж байгаа нь юуг халж байна гэхээр О.Баасанхүүгийн арга хэмжээ бол их дээрээс, маш хүчтэй ивээн тэтгэлэг, албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийн хүрээнд шийдэгдсэн асуудал юм байна гэж дүгнэлт хийж байгаа. МАХН-ын өсөн нэмэгдэж байгаа нэр хүндийг унагаах, дотроос нь хагалан бутаргах үйл ажиллагааг, улс төрийн бүлэглэл, улс төрийн бусад намуудын шууд санаачилгаар хийж байна. Түүний гар хөл нь Баасанхүү болчихлоо гэдгийг хэлэх ёстой.

-Их тэнгэрт ээлжит бус Бага чуулган хийлээ гэх зэргээр яриа гараад яваад байсан. Хэдэн сарын өмнөөс л бэлдсэн зүйл шүү дээ. Наана нь О.Баасанхүүтэйгээ уулзаад учраа олоод, хэлж яриад эсвэл гишүүддээ сэрэмжлүүлээд явчхаж болоогүй юм уу?

-О.Баасанхүү бол МАХН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн, Бага чуулган, Гүйцэтгэх товчооны гишүүн учраас байнгын холбоотой байх ёстой. Та яг үнэн юм хэлж байна. Намынхаа бодлого шийдвэрийг Төрийн ордонд ярих, УИХ-аас гаргаж байгаа баримт бичигт тусгуулах үүргийг О.Баасанхүү гүйцэтгэнэ шүү дээ. Энэ талаас нь бид бодож байнгын холбоотой байх ёстой. Гэтэл О.Баасанхүү их эртнээс нам дээрээ ирэхээ больсон. Гүйцэтгэх товчооны гишүүний хувьд Гүйцэтгэх товчооны хуралд суухаа байсан.

МАХН-ын дарга болон бид холбоо бариад “Нам дээрээ ирж намынхаа дотоод амьдралын асуудалд оролцооч” гэхээр ирдэггүй. Сүүлдээ бүр “Би МАХН-ын дарга” гэх болсон. Өнгөрсөн есдүгээр сарын 10-нд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөхөд намынхаа хамт олноос тусдаа цэцэг өргөөд л МАХН-ын дарга О.Баасанхүү гээд л явж байсан шүү дээ. Энэ байдлаас үзэхэд О.Баасанхүүгийн намаасаа урвах гэж хэлье дээ, намынхаа эсрэг ажиллах ажиллагааны санаа зорилго эртнээс бүрэлдсэн шиг байгаа юм. Түүнийгээ ингэж л хэлбэржүүлж хэрэгжүүлж байна даа гэж би хэлнэ.

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Их чуулганаа дүрмээрээ хуралдуулахгүй их олон жил болсон. Ерөнхийлөгчийн сонгуульд нэг хүнийг 30 минутын өмнө гэнэт авчирч намын дэд дарга болгож байгаад өрсөлдүүлсэн. Ийм байдалтай намыг шинэчлэхгүй бол явахгүй нь ээ. Би шинэчилж байгаа юм” гэж ярьдаг?

-Яах вэ, О.Баасанхүү нар МАХН-ын Бага чуулганы гишүүд гэж нэг шаардах бичиг өгч байсан л даа. Бүрэлдэхүүн нь өөр намын гишүүд эсвэл нам бус хүмүүс гарын үсэг зурчихсан. Зарим хүмүүсийн нэрийг хуурамчаар хийсэн, гарын үсэг зураагүй далаад хүний нэр зэрэгтэй хууль бус бичиг байсан. Тэнд МАХН-ын Бага чуулганыг хуралдуулах тухай шаардлага тавигдсан байсан. Хэдийгээр энэ О.Баасанхүү нарын тавьсан шаардлага хууль бус боловч бид түүнийг хүндэтгэж Бага чуулганаа зарлан хуралдуулсан. Намынхаа байранд, зохих дүрмийнхээ хүрээнд хийж байгаа шүү дээ.

Түүндээ бид О.Баасанхүү, Г.Бямбасүрэн нарыг ирээч гэж мэдэгдсэн боловч ирээгүй. Харин манай Бага чуулганы гишүүн Шагдаррагчаа идэвхтэй оролцож жинхэнэ ёсоор саналаа хэлж, Их хурлаа хуралдуулах нь зүйтэй гэж шаардлагаа тавьж байсныг хэлэх хэрэгтэй. Тэр МАХН-ын байранд хийсэн албан ёсны Бага чуулганаасаа 2018 оны хоёрдугаар сарын 9, 10-нд Их чуулганаа хийхээр тогтож Бид Монгол Улсынхаа хууль, намынхаа дүрмийг хүндэтгэж Их чуулганыхаа хуралдааныг хийхээр бэлтгэлд ажилдаа орчхоод явж байна.

-Одоо хэнийг МАХН-ын дарга гэж ойлгох вэ. Дээд шүүхийн шийдвэр гартал О.Баасанхүү намын дарга юм уу эсвэл тамга тэмдэгтэй байгаагаараа Н.Энхбаяр нь уу?

-Өөрийгөө өргөмжилж МАХН-ын дарга гээд яваад байгаа О.Баасанхүүг хууль зүйн талаасаа би хувьдаа хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй. Өөрөө хуульч гээд байгаа хүн ийм гоомой юм хийж байна.

Гэтэл Н.Энхбаярын хувьд бол МАХН-ын тамга тэмдгээ барьсан дарга нь сууж л байна шүү дээ. Үүнийг хэлэх л ёстой. Ер нь О.Баасанхүү нар сая МАХН-ын нэрийг ашиглаж л хууль бус үйл ажиллагаа хийлээ шүү дээ. Энэ чинь Эрүүгийн хуулиар хориглосон зүйл. Нөгөө талаараа намын Бага чуулган, Их чуулган хийх бол дүрмийн их хатуу шаардлага байдаг. Төрийн ордонд хийсэн Их чуулган, Их тэнгэрт хийсэн Бага чуулган гэгч нь ч хоёулаа ирцээ бүрдүүлээгүй. Их чуулганыг хийхдээ аймаг, сум болгонд байгаа МАХН-ын анхан шатны нэгжээс төлөөлөгчдөө сонгоод, тэр төлөөлөгчид нь Их чуулганыхаа үйл ажиллагаанд оролцож ирцээ бүрдүүлээд олонхоороо шийддэг асуудал шүү дээ.

Тийм учраас хэн нь жинхэнэ дарга, хэн нь хуурамч Дамбийжаа вэ гэдэг нь эндээс харагдана даа.

-Таны хувьд УИХ-ын гишүүн О.Баасанхүүд ямар хариуцлага хүлээлгэх ёстой гэж бодож байна вэ. Өөрөө бол “Намайг намаас хөөнө гэж ярьж байна гэсэн” гэдэг зүйлийг өмнө нь хэвлэлээр ярьж байсан?

-О.Баасанхүүгийн бүхий л үйл ажиллагаа намын дүрмийг ноцтой зөрчиж байгаа Намынхаа гишүүний ёс зүйг ноцтой зөрчиж байна. Тийм учраас энэ хүн хариуцлага хүлээх ёстой. Гэхдээ өөрөө өөрийгөө үнэд оруулах гэж “Намайг хөөх гэж байна" “Хөөж байна" гэж хэвлэлд өгсөн ярилцлага байна лээ. Бид зохих дүрмийнхээ дагуу л ажиллана. Бид 2018 оны хоёрдугаар сарын 9,10-нд болох Их чуулганаараа намынхаа дүрэмд албан ёсоор нэмэлт өөрчлөлт оруулна.

Түүгээр чухам ямар заалтууд орохыг одоогоор таашгүй, бэлтгэл ажилдаа орчихсон байгаа. Ер нь ийм ёс зүйтэй, намынхаа эсрэг ажилладаг, намынхаа бодлого шийдвэрийг унагадаг, өөр хүчинд үйлчилдэг хүн энэ намын эгнээнд байх гавьяа байхгүй. Үүнийг бол одоо шууд хэлэх ёстой. Тэгэхээр цаг хугацаа бидэнд харуулна. Ер нь бол тэгээд би энд нэг зүйлийг тэмдэглэж хэлэхэд ганцхан МАХН ч биш.

MAH, АН гээд өөр бусад намын гишүүн нь мөн, биш хэн нэгэн этгээд дураараа нэг цуглаан зохион байгуулаад, би намын дарга болно гэж санал хэлсэн болоод, тэгээд түүнийгээ Улсын Дээд шүүхэд бүртгүүлээд байвал хэцүү биз. Тэгвэл AH, МАН ч маргааш байхгүй болоход амархан байна шүү дээ. Ийм л байдал бидэнд харагдаад байгаа юм. Үүнийг таслан зогсоох ёстой. Улс төрийн соёл, монголчуудын эв эеийн асуудал үүний цаана байгаа юм.

Тийм учраас шүүх ч өөрийнхөө байр суурин дээр байж, энэ хууль бус зүйлийг бүртгэхгүй байх хэрэгтэй. Нөгөө талаасаа сая О.Баасанхүүгийн үйл ажиллагааг санхүүжүүлсэн, дэмжсэн, зохион байгуулсан, урам өгч тэг гэсэн улсууд савраа татах ёстой. Энэ бүгдээс монголчуудын эв эеийн асуудал шалтгаална гэдгийг тэмдэглэж хэлмээр байна.

Зураг