Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Ломбардуудыг насанд хүрээгүй хүүхдэд үйлчлэх, шөнийн цагаар ажиллахыг хориглож байгаа"

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 12 сарын 21
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Ломбард буюу барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн өнөөгийн нөхцөл байдал болон тухайн салбарт 2018 онд хийж хэрэгжүүлэх шинэчлэлийн талаар болон шинэчлэн батлагдсан MNS 5274-2017 стандартын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Барьцаалан зээлдүүлэх газраар үйлчлүүлж байгаа хүмүүс иргэний үүргээ биелүүлэх шаардлагатай

Монголын Барьцаалан Зээлдүүлэх Үйлчилгээ Эрхлэгчдийн Холбооны тэргүүн Д.Ууганбаяр "2017 онд Монголын Барьцаалан Зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо MNS 5274-2003 гэх стандартын төсөл дээр ажилласан. Үүний дүнд тодорхой хэмжээний үр дүн гарсан.  Мөн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн мэдээллийн системийг хийсэн. Одоогийн байдлаар 75 орчим барьцаалан зээлдүүлэгчид хүсэлтийн хэлбэрээр ашиглаж байгаа. Цаашдаа 2018 онд манай холбооноос тус системийг үнэ төлбөргүй ашиглах юм. Мөн 2017 онд улсын хэмжээнд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн судалгаа хийсэн. Ерөнхийдөө зорилтот бүлгүүдээ тодорхойлоод хөгжлийн хөтөлбөр боловсруулан ажиллахаар төлөвлөөд байна. 

Ирэх жил "Оролцоод хөгжье" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, магадлан итгэмжлэлийг явуулна. Мөн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн хэр найдвартай байх вэ гэдгийг иргэд өөрсдөө шалган, мэдэх боломжтой юм. Энэ нь мэдээллийн систем дээр давхар бүртгэгдэнэ гэсэн үг. Иргэдээсээ нэг зүйл хүсэхэд барьцаалан зээлдүүлэх газраар үйлчлүүлж байгаа хүмүүс өөрсдийн иргэний үүргээ биелүүлэх шаардлагатай. Мэдээж нэг зүйл барьцаалан үлдээчхээд эргээд авахгүй явчихдаг. Гэрээний үүргээ биелүүлэхгүй алга болгох тохиолдол олон байгаа. 

Мөн үйлчилгээ эрхлэгч эдгээр хүмүүсийг тэр чигтээ хулгайн юм авдаг гэж хэвлэл мэдээллээр ярьдаг тохиолдол олон байдаг. Энэ нь үндсэндээ барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн өнгөрсөн жил хийсэн судалгаанд үндэслэн харахад шөнийн цагаар үйл ажиллагаа явуулж байгаа буюу улаан бүсэд орчихсон газруудад хулгайн зүйлээр үйлчлэх нь элбэг. Тиймээс давхар эдгээр газруудынхаа нэр төр, аюулгүй байдлыг хамгаалах шаардлага үүсэж байгаа" гэсэн юм.

Шинэчлэн батлагдсан MNS 5274-2017 стандартын талаар МХЭАХН-ийн үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүн,Гүйцэтгэх захирал М.Тойвгоогоос тодрууллаа.

Барьцаалан зээлдүүлэх газар өөрөө хэрэглэгчийн хамгийн ойрхон үйлчилгээ

 
Гэрэл зургийг mpa.mn

Тэрбээр "Барьцаалан зээлдүүлэх ажлыг зохицуулах стандарт анх 2003 онд батлагдаж, 2006 онд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Тус стандартыг дагаж байгаа ломбардууд цөөхөн байна. Тиймээс энэ стандартын агуулгыг гүнзгийрүүлэх шаардлагатай байна. Иргэдэд үйлчилдэг барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ мөнгө угааж, хураадаг газар байж болохгүй. Энэ өөрөө хэрэглэгчийн хамгийн ойрхон үйлчилгээ. Гэхдээ өнөөдөр хэрэглэгчдийн эрх ашигт нийцэхгүй байна. 

Тухайлбал, барьцаалан зээлүүлэх газар хэрэглэгч барьцаалсан эд зүйлээ авахгүй удвал ямар ч зөвшөөрөлгүйгээр зарчихдаг. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд MNS 5274-2017 стандартаар шинэчилж, нэмж тусгасан байгаа. Мөн насанд хүрээгүй хүүхдэд үйлчлэхийг хориглосон. Ломбард хотын хөдөлгөөн ихтэй бүсэд байрладаг. Стандартын дагуу энэ байдлыг хориглож байгаа. Мөн цагийн хувьд зөвхөн ажлын цагаар ажиллана. Энэ байдлаар ломбардын эрх ашгийг хааж байгаа биш, харин шинэ түвшинд ажиллах боломжийг бүрдүүлж байна" гэсэн юм.