Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ пуужингийн довтолгоог эрт мэдээлэх радарыг Монголын хилийн ойролцоо ажиллуулж эхэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Пуужингийн довтолгоог эрт мэдээлэх радарын гурван шинэ системийг ОХУ өөрийн зүүн өмнөд хил дагуу байрлуулан ажиллуулж эхэлсэн байна.

Хойд Солонгосын хэрэгжүүлсэн пуужингийн цуврал туршилтын улмаас ийм арга хэмжээ авсан гэж ажиглагчид дүгнэжээ.

Хамгийн сүүлийн үеийн зэвсэг болох Воронеж пуужингийн довтолгоог эрт мэдээлэх системийг Красноярск, Алтай, Оренбургийн бүс нутагт байрлуулсныг тус улсын батлан хамгаалах яамны “Красная Звезда” сонинд өчигдөр буюу Лхагва гарагт мэдээлсэн юм.

Эдгээрийн байрлал нь бүгд Казахстан, Монголын хил дагуу боловч хамрах хүрээ нь 6,000 км-ийн радиустай тул Солонгосын хойг, Оросын алс дорнодыг бүхэлд нь хянах ажээ.

Анх Кремль 2011 онд баруун хил дээрээ Воронеж системийг суурилуулсан бөгөөд 2005 оноос эхлэн хуучин Зөвлөлтийн үеийн радарын системүүдээ халж байгаа юм.

Шинэ суурилуулалт нь Оросын зүүн хэсгийн хамгаалалтыг сайжруулж байна. Өмнө нь Уралын нурууны зүүн хэсэгт ганцхан пуужингаас хамгаалах систем байсан нь Эрхүүд байрлаж байв.

Баруун хил дээрх радарын системүүд нь Санкт Петрбург хот, Калининград мужид, мөн Украйны хил орчмын Краснодарт байдаг. ОХУ 2019 онд хойд туйлын бүсэд дахин нэг радарын систем байрлуулахаар төлөвлөөд байгаа.

Батлан хамгаалах яам шинэ радаруудыг аль улсаас ирэх довтолгооны эсрэг ажиллахыг огт дурдаагүй байна. Анх энэ төлөвлөгөөг сайд Сергей Шойгу өнгөрсөн зургаадугаар сард зарлаж байжээ.

Шинэ радарууд нь бас Хятадын хилийг бүхэлд нь хамарч байгаа. Гэхдээ Хойд Солонгосын нөхцөл байдалтай холбоотой ийм арга хэмжээ авсан нь тодорхой гэж үзэж болохоор байна.

Пёньяны зэвсэглэлээр хөөцөлдөх бодлогод ОХУ харамсаж байгаагаа илэрхийлдэг ч үүний гол буруутан нь АНУ гэж үздэг. Солонгосын хойгт дайн дэгдэх тохиолдолд бэлтгэлтэй байгаагаа Москва хэд хэдэн удаа илэрхийлж байжээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty