Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

Дели хот агаарын бохирдолтойгоо усан буугаар тэмцэж эхэллээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн бохир агаартай хотуудын нэг Энэтхэгийн нийслэл Дели өчигдрөөс усан буугаар агаар цэвэршүүлэх туршилт явуулж эхэлжээ.

Энэтхэгийн компанийн зохион бүтээсэн уг буу нь өндөр хурдтай усан дуслуудыг агаарт цацсанаар утаа тортгийн ширхэгүүдийг газарт унагах юм байна.

Үсний сэнс хэлбэртэй, ачааны машин дээр суурилуулсан бууг Дели хотын зүүн захын аж үйлдвэрийн дүүрэг Ананд Вихарт туршиж эхэлжээ. Өчигдрийн байдлаар энэ дүүргийн агаар дахь PM2.5 тоосонцрын хэмжээ 380 буюу Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зөвшөөрөгдөх хэмжээнээс 15 дахин их байсан юм.

Агаар цэвэрлэгч усан бууг анх барилга, уул уурхайн үйл ажиллагаа явагдаж байгаа газрын тоосыг дарахад зориулж бүтээсэн ба нэг нь $31,000-ын үнэтэй гэнэ. “Хэрвээ үр дүнтэй нь батлагдвал бид Делийн гудамжуудад аль болох хурдан нэвтрүүлнэ” гэж тус хотын байгаль орчин хариуцсан захирал Имран Хуссайн хэлжээ.

Усан бууг үйлдвэрлэгч Cloud Tech компанийн мэдээлснээр минутад 100 литр ус зарцуулж, агаарын тоосонцрын 95 хувийг дардаг гэнэ.

Гэвч Greenpeace байгууллагын төлөөлөгч Сунил Дахия “Ийм шийдлээр хол явахгүй. Гол нь бохирдлын эх үүсвэрийг устгах” гээд “Делигийн захиргаа цөөн хэдэн компанид бизнес бий болгох биш, илүү тогтвортой, урт хугацааны шийдэл олох хэрэгтэй байна” гэж шүүмжилжээ.

 

Эх сурвалж: The Guardian