Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг жагсаалд оролцуулсан хүнд хариуцлага тооцдог байсныг хэрэгсэхгүй болгосон"

Т.Саран, iKon.mn
2017 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 07 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж,  63 хувийн саналаар баталлаа. 

Хуулийн төслийн талаар Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Болд танилцууллаа. 

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж, гишүүд асуулт асууж, үг хэлэв. 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд "Одоогийн хуулиар хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг жагсаалд оролцуулахыг хориглоогүй. Зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг жагсаалд оролцуулсан хүнд хариуцлага тооцдог байсныг хэрэгсэхгүй болгосон. 

Хуулиуд хоорондоо харшлах зүйлүүд байгаа. УИХ-ын гишүүд гаргаж байгаа саналаа мэргэжлийн хүнтэй зөвлөлдөж байж гаргахгүй бол сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй" гэлээ. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг жагсаалд оролцуулна гэдэг нь зөрчил

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Бид нэг сайхан лоозон ярьдаг л даа. Хүн бүр нийгмийн баялгаас тэгш хүртэнэ гэх мэт. Миний хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг жагсаалд цуглаанд оролцуулах боломжтой. 

Гэхдээ энгийн иргэдтэй хамт жагсаалд оролцуулж болохгүй. Тусгай орчныг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Тусдаа хууль хэрэгтэй. Тэргэнцэртэй иргэдийг, хараагүй, дүлий хүмүүсийг жагсаалд оролцуулна гэдэг нь зөрчил. Эрх нь зөрчигдөж байгаа хүмүүсийг бид хамгаалах ёстой" гэв. 

Иргэдийн эрх зүйн байдал бүр дордож магадгүй байна

 
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн жагсаал цуглаан хийх эрхийг Жагсаал цуглаан хийх хуульдаа тодорхой тусгаж өгөх хэрэгтэй.

Цэцийн дүгнэлтийг хүлээн аваад Жагсаал цуглаан хийхийг хуульд тусгаж өгөхгүй бол иргэдийн эрх зүйн байдал бүр дордож магадгүй байна. 

Хууль батлахдаа судалгаа шинжилгээ багатай байна. Цэцийн дүгнэлтийг нэг талаараа зөвшөөрч байгаа боловч цаашдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг илүү хамгаалахад анхаарах хэрэгтэй" гэлээ. 

Цэц хэт жижиг асуудал руу орж байна

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Л.Болд "Мэдээж хэрэг жагсаал цуглаан гэдэг амар зүйл биш. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд жагсаал дээр ирж болно. Гэхдээ тэдний амь нас, эрүүл мэндийг хангах нөхцлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй.

Цэц хэт жижиг асуудал руу орж байна. Цэц нийгмийг хөдөлгөсөн  том асуудлыг ярьдаг. Тухайлбал УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдлын тухай асуудлыг Цэц ярьж байна. Энэ бол зөв. Цаашид Б.Бат-Эрдэнэ гишүүний яриад байгаа асуудлыг Тамгын газар анхааралдаа аваасай гэж бодож байна" гэв. 

Үргэлжлүүлэн Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж байна.