Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Бүх эмийн санд шалгалт хийсний дараа хөнгөлөлттэй эмийг хэзээнээс эхлэн өдөр бүр олгохоо мэдэгдэнэ"

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 12 сарын 21
iKon.MN

Хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалдаалдаг болгох талаар холбогдох албаныхан өнөөдөр мэдээлэл хийлээ.

Эмийн сангийн ачааллыг бууруулах ажлын хэсэг гарсан

 
Гэрэл зургийг mpa.mn

Эм үйлдвэрлэл технологийн газрын дарга н.Мөнхтулга "Эрүүл мэндийн сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгодог эмийн хүртээмж хангалтгүй байгаагаас иргэд эрүүл мэндийн даатгалын үр шимийг хүртэхгүй байгаа асуудлыг, судалж шийдэх албан даалгавар өгсөн. Даалгаврын дагуу бид эрүүл мэндийн Төрийн нарийн бичгийн даргаас аймаг нийслэлийн эрүүл мэндийн газарт албан тоот хүргүүлсэн. Үүний дагуу нийслэлийн эрүүл мэндийн газарт аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газруудад эмийн сангуудын ачааллыг бууруулах талаар эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн яам хамтран ажлын хэсгүүд гарч ажилласан. 

Өгсөн үүрэг даалгаврын хугацаандаа ирүүлсэн судалгааны дүнг нэгтгэн, цаашид ямар арга хэмжээ авах гэдэг талаар ажиллаж байна" гэлээ.

Мөн энэ талаар ЭМНДЕГ-ын Эрүүл мэндийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын дарга И.Энхбат "Нийтдээ эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газар нь улсын хэмжээнд 861 эмийн сантай гэрээ байгуулан ажилладаг. Эмийн сангуудад байдаг нийтлэг зөрчлөө арилгах чиглэлийг өгсөн. Улсын хэмжээнд 28 тэрбум төгрөгийг иргэд, даатгуулагчиддаа хөнгөлөлттэй олгох эмд зарцуулдаг. Нийслэлийн 321 эмийн санд сардаа нэг тэрбум 31 сая төгрөгийн хөнгөлөлттэй эмээр үйлчлэх эрхийг өгдөг. Үүний дагуу эмийн сангууд үйл ажиллагаагаа явуулж байна.

Харин эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтыг шинэчлэхээр ажлын хэсэг гаран, 2018 онд шийдвэрлэхээр ажиллаж байгаа. Мөн одоогийн байдлаар 300 гаруй эмийн санд шалгалт хийж олон зөрчлийг илрүүлсэн. Бүх эмийн санд шалгалт хийгдэж дууссаны дараа хөнгөлөлтийг хэзээнээс эхлэн өдөр бүр олгохоо мэдэгдэнэ" гэлээ.

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрөөс эхлэн хөнгөлөлттэй эмийг өдөр бүр олгоно гэсэн ч, өнөөдрийн хэвлэлийн хурлаар бүх эмийн санд шалгалт хийсний дараа хөнгөлөлттэй эмийг хэзээнээс эхлэн өдөр бүр олгохоо мэдэгдэнэ гэсэн юм.

Хөнгөлөлттэй эмийн жагсаалт:

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/764173863768184/