Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Ханд багшийн нэрэмжит физикийн олимпиадыг "Сант" сургууль ТЭРГҮҮЛЛЭЭ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын гавьяат багш Ц.Хандын нэрэмжит физикийн олимпиадын дүн гарч, медаль хүртсэн сурагчид шагналаа гардаж авлаа. 6-12 дугаар ангийн 600 гаруй сурагч оролцсон уг олимпиадад ерөнхий боловсролын “Сант” сургуулийн сурагчид 5 алт, 5 мөнгө, 3 хүрэл, 15 тусгай байрын шагнал хүртсэнээр амжилтаараа тэргүүлэв. Тодруулбал олимпиадад нийт 7 алтан медаль авахаас 5-ыг нь тус сургуулийн сурагчид хүртсэн юм. 

"САНТ" СУРГУУЛИЙН МЕДАЛЬ АВСАН СУРАГЧДЫН НЭРС:

VI анги О.Энхсод алт, М.Зулаа мөнгө

VII анги О.Анирчулуу мөнгө

VIII анги Б.Билгүүн алт, А.Хас-Очир мөнгө, Я.Түвшинсанаа хүрэл

IX анги А.Нямдаваа алт, Б.Дэлгэр мөнгө, А.Манлайбаатар хүрэл

XI анги Э.Оргилбат алт

XII анги С.Сумъяажав алт, Н.Мөнхбилгүүн мөнгө, Э.Оргилбат хүрэл медаль хүртлээ.

“Монголын физикийн боловсролыг дэмжих сан” ТББ, Улсын физикийн олимпиадын хороотой хамтран жил бүр энэ олимпиадыг зохион байгуулдаг уламжлалтай.

"физикт суурилаагүй ямар ч салбар байхаа больжээ"
 

Ц.Ханд багшийн дунд охин, инженер Д.Алтанцэцэг “Миний ээж Ц.Ханд 1964 онд МУИС-ийг төгссөн цагаасаа хойш 40 шахам жил физикийн багшаар ажиллаж, 1999 онд  Монгол Улсын гавьяат багш болсон хүн. Тэрбээр Монгол улсын физикийн боловсролыг шинэчлэх, заах аргыг өөрчлөх, зөвхөн онол биш практикаар дамжуулан жинхэнэ мэдлэг өгөхийг зорьж ажиллаж байсан. Өнөөдөр физикт суурилаагүй ямар ч салбар байхаа больжээ. Философи, бурхан шашны сургааль хүртэл физикт тулгуурлаж байна.

Физикийн боловсрол хүүхдэд маш чухал. Тиймээс бид физикийн боловсролыг олон улсын түвшинд хүргэхийн тулд тодорхой зорилт тавьж ажилладаг. Жил бүрийн олимпиадын үр дүнгээс харахад “Сант”, 11, 1, “Орчлон” сургуулийн сурагчид дээгүүр байр эзэлдэг. Багш нар нь хүүхдүүдээ маш сайн бэлдэж байна гэж ойлгож байгаа. Мөн хөдөө орон нутгаас оролцдог хүүхдүүд байр эзэлж, олон улсын олимпиадад амжилттай оролцож байсан. Олимпиадад оролцсон нийт багш, сурагчиддаа маш их баярлала” гэв.

Ингээд бид олимпиадад амжилт гаргасан сурагчидтай уулзаж товч ярилцлаа.

 

"Физик нь бодит амьдралтай илүү ойр, мөн өвөрмөц сэтгэхийг шаарддаг онцлогтой"
 

“Сант” сургуулийн VIII ангийн сурагч Б.Билгүүн алтан медаль хүртжээ.

-Ц.Ханд багшийн нэрэмжит физикийн олимпиадад VIII дугаар ангид алтан медаль, IX ангид шагналт байранд оржээ. Яагаад анги дэвшиж өрсөлдсөн юм бэ?

-Анги дэвшиж орсноор өөрийгөө сорьж үзэхээс гадна IX болон XII ангийн улсын олимпиадын бэлтгэл болгож орсон байгаа.

-“Сант” сургуулийн сурагчид бусад сургуулийг бодвол яагаад харьцангуй олуулаа олимпиадад оролцдог юм бэ?

-Манай сургууль сурагчдын сонирхож байгаа хичээлийн чиглэлээр сайн бэлдэж, олимпиадад ороход нь тусалж чаддаг. Тийм учраас хүүхэд бүр дуртай хичээлээрээ олон төрлийн олимпиадад оролцдог. Манай сургуулийн сурагчдыг бүх төрлийн олимпиадад ордог гэж хэлж болно. Түүнийхээ хэрээр амжилт гаргадаг.

-Чиний хувьд физикийн хичээлийн математикийн хичээлээс ялгарах гол онцлогийг юу гэж боддог вэ?

-Математик тэсвэр тэвчээр, сэтгэлгээ шаарддаг. Физик нь бодит амьдралтай илүү ойр, мөн өвөрмөц сэтгэхийг шаарддаг онцлогтой. Миний хувьд энэ хоёр хичээлийг гүнзгийрүүлэн судлах дуртай. 

-Математик, физикээс гадна ямар хичээлээ илүү гүнзгийрүүлэн судалдаг вэ?

-Төгсөөд гадаадын сургуулиудад тэнцэж, тэтгэлэг авахын тулд англи хэл сайтай байх нь чухал. Тийм учраас сургууль дээрээ Оксфордын англи хэлний хөтөлбөрөөр хичээллэдэг. Мөн хичээлийнхээ хажуугаар сургууль дээрээ TOEFL, SAT шалгалтуудад бэлтгэдэг. Манай англи хэлний багш энэ тал дээр маш сайн тусалж, зөвлөгөө өгч байна.

-Сурлагын өндөр амжилт хүсье.

-Баярлалаа.

 

"Олимпиадын бодлого нь олон улсын олимпиадынхтай ижил төстэй байдаг"
 

Бид түүний дараа “Сант” сургуулийн сурагч, физикийн олимпиадаас мөнгөн медаль хүртсэн Н.Мөнхбилгүүнтэй уулзав. Тэрбээр “Энэ олимпиад нь жил бүр өрсөлдөөнтэй болж, олон мундаг хүүхдүүд оролцдог. Олимпиадын бодлого нь олон улсын олимпиадынхтай ижил төстэй байдаг” гэдгийг онцолж байлаа.

Сурагч Н. Мөнхбилгүүн нь өнгөрсөн жил ОХУ-д болсон олон улсын физикийн олимпиадад оролцож байжээ. Тэрбээр физикийн хичээлдээ их дуртай учраас механикийн инженер болох хүсэлтэй, энэ чиглэлээрээ гадаадын их сургуульд орохоор бэлдэж байгаа гэв. Үүнээс гадна спортоор хичээллэх дуртай бөгөөд сургуулийнхаа сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож хүрэл медаль авч байжээ.

 

"амьдралын зарим сонирхолтой зүйлсийн талаар “яагаад” гэсэн асуултыг өөртөө тавьж түүнийхээ учрыг тайлахын тулд физикт суралцаж эхэлсэн"
 

“Сант” сургуулийн XI ангийн сурагч Э.Оргилбат өөрийнхөө ангилалд алтан медаль, анги дэвшин орж хүрэл медаль хүртжээ. Тэрбээр “Би физикт дуртай. Физик нь амьдралыг илүү ойроос судалдаг ухаан. Миний хувьд амьдралын зарим сонирхолтой зүйлсийн талаар “яагаад” гэсэн асуултыг өөртөө тавьж түүнийхээ учрыг тайлахын тулд суралцаж эхэлсэн” гэсэн юм.

Тэрбээр үргэлжлүүлэн физикийн чиглэлээр гадаад руу их сургуульд явахыг хүсдэг аж. Э.Оргилбат нь нэгдүгээр ангиасаа олимпиадад оролцож эхэлсэн байна.

 

"хүүхдүүд өөрсдөө хүсэж, хичээж чадвал ямар ч түвшинд хүртлээ хөгжиж, амжилт гаргах бүрэн боломжтой"
 

Сурагчдаа амжилттай бэлтгэсэн "Сант" сургуулийн багш А.Буяндэлгэр "Багш хүн гэдэг шавийнхаа амжилтаар бахархаж, түүнээсээ эрч хүч авдаг хүмүүс байдаг. Манай сургууль сурагчдын хүсэл сонирхолд тулгуурлан олон төрлийн хичээлээр олимпиадын бэлтгэлд хамруулдаг.

Мөн бид хүүхдүүдийг элсүүлэхдээ ямар нэгэн шалгуур тавьж, шалгалт авдаггүй. Тийм учраас хүүхдүүд өөрсдөө хүсэж, хичээж чадвал ямар ч түвшинд хүртлээ хөгжиж, амжилт гаргах бүрэн боломжтой" гэв. 

Монгол Улсын ирээдүйн хөгжлийг тодорхойлоход хамгийн хэрэгцээтэй байгалийн ухааны салбарт сурагчид шамдан суралцаж, цаашид шилдэг мэргэжилтнүүд болох хүсэл сонирхолтой байгаа нь энэхүү сурвалжлагын үеэр тод мэдрэгдэж байв. 

Гэрэл зургууд /mpa.mn/
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.