Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

НҮБ-ын ерөнхий ассамблей Иерусалемын асуудлаар тусгай чуулган зарлажээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг

НҮБ-ын ерөнхий ассамблей маргааш буюу Пүрэв гарагт араб, муслим орнуудын хүсэлтээр тусгай чуулган хуралдуулахаар зарлажээ.

Эдгээр орнууд саяхан Иерусалемын статусын талаарх НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн тогтоолд АНУ хориг тавьсныг хэлэлцэх хүсэлт гаргасан байна.

Ерөнхий ассамблей энэ асуудлыг дахин хэлэлцэж, санал хураалт явуулах бололтой. НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүн орнууд болох АНУ, ОХУ, Хятад, Британи, Франц нь тус зөвлөлийн тогтоолд дангаар хориг тавих эрхтэй байдаг.

Өнгөрсөн Даваа гарагт АНУ энэ эрхээ эдэлж, Иерусалемыг Израйлийн нийслэлээр зарласан байр сууриа хамгаалсан юм. Бусад 14 гишүүн орон бүгд тогтоолыг дэмжсэн санал өгчээ.

Одоо ерөнхий ассамблейд НҮБ-ын 377 дугаар тогтоолын дагуу дээрх хоригийг эсэргүүцэх ганц зам байгаа. Ингэж аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг ерөнхий ассамблей тусгай чуулганаар дахин хэлэлцсэн тохиолдол түүхэнд 10 удаа тохиолдож байв. Хамгийн сүүлд 2009 онд уг чуулган болсон нь мөн л зүүн Иерусалем, Палестины газар нутагтай холбоотой байжээ.

Ерөнхий ассамблейн шийдвэр аюулгүйн зөвлөлийн хоригийг шууд хүчингүй болгох эрх зүйн чадамжгүй ч улс төрийн ач холбогдол нь өндөр юм.

Арванхоёрдугаар сарын 6-нд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Иерусалем хотыг бүхэлд нь Израйлийн нийслэлээр хүлээн зөвшөөрч, элчин сайдын яамаа Тель Авиваас шинэ нийслэлд нүүлгэхээр болсон нь муслимын ертөнц болон бусад улс орнуудын эсэргүүцэлтэй тулгараад байна.

 

Эх сурвалж: Russia Today